| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0333/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-07-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэзул |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С-Э /онлайн/
Шүүгдэгч Т.Н-О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-От холбогдох эрүүгийн 2025000000338 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.Н-О, /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Н-О нь 2020 оны 7 дугаар сарын 6, 7-ны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Уурхайчин багийн 3-11- тоот гэртээ хадгалсан, 8 дугаар сарын 4-ний өдөр О.Г, Г.Тнарт өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-Оыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н-О мэдүүлэхдээ “2020 оноос 2021 онд ХААИС-д элсэн суралцаж байгаа. Шүүх хурлаас болсноос хойш 1 жилийн хугацаагаа алдаж байна. Анхны шүүх хурал дээр надад 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож байсан. Би дахиад нэг жил сургуулиасаа өнжиж байгаа тул энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Т.Н-О мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл. /хх-ийн 10-11-р хуудас/
2. Хүний биед болон гадуур хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/
3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р хуудас/
4. Гэрч Т.Бу-ны “2020 оны 08 сарын 04-ний 23 цаг өнгөрч байхад миний бие сонсогч Б-гийн хамтаар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 1 дүгээр сургуулийн хашаан дотор 3 залуу пиво уугаад сууж байхаар нь шалгатал Т.Н-Оын өмсөж явсан улаан өнгийн цамцны урд талын халаасанд цаасанд ороосон мансууруулах төрлийн өвс мэт зүйл байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Нэрийг сайн санахгүй байна ямар ч байсан нэг амралтын газар амарч байхдаа үл таних хүнээс авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/
5. Гэрч О.Г-гийн “2020 оны 08 дугаар сарын 04-ний 23 цагийн үед Ням- Очир ганц пиво уух уу гэж чат бичихээр нь 3-13 дугаар байр луу очсон чинь Т-лын хамт байсан. Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талд суугаад пиво уугаад сууж байсан чинь Т.Н-О ороосон өвс өгөхөөр нь татаж үзсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/
6. Гэрч Г.Т-лын “2020 оны 08 сарын 04-ны өдөр 15 цагийн үед Т.Н-О найзтайгаа уулзаж байгаад орой 21 цаг хүртэл Уурхайчин баг 3-12 дугаар байрны урд талын сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад хөлсөө хатааж 1 цаг орчим болсон юм. Сагс тоглож дуусаад хөлсөө хатааж байх үед Галхүү бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талын сандал дээр суугаад пиво ууж байсан чинь Т.Н-О амралтанд явж байгаад хүнээс авсан өвс гэрт байгаа хаяхаа мартчихаж гэртээ ороод аваад ирье гэж хэлээд гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд бид гурав гаргаж ирсэн өвсийг нь шүдэнзний цаасанд ороогоод тамхи шиг татаж байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд хураагаад авсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4367 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн” жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 38-40-р хуудас/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4364 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад хамаарна. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,6770 гр байсан ба шинжилгээнд 0,7 граммыг зарцуулав” гэсэн дүгнэлт. /хх-ийн 42-44-р хуудас/
9. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 61-63-р хуудас/
10. Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаартай “Магадлуулагч нь сэтгэцийн хувьд удамшлын өвчингүй. Сэтгэцийн хувьд хэвийн тул хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлд донтсон шинж үгүй сэтгэцийн хувьд хэвийн тул гэмт үйлдлээ хариуцаж чадна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 65-р хуудас/
11. Шүүгдэгч Т.Н-Оын “2020 оны 7 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд миний бие элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн юм. Үүнээс хойш 2 билүү 3 хоногийн дараа санагдаж байна Зэст баг Өндөрлөгийн ар талын уул руу ганцаараа гарах гэж байгаад “Дээдэс” буудлын хойд талын “В Лоунж”-ийн зүүн талын гаражнуудын дундуур явж байгаад жалгаар гарах гэж байхад мансууруулах төрлийн өвстэй адилхан өвс харагдахаар нь 1 атга арай хүрэхгүй хэмжээтэйг түүж авсан юм. Түүж авсан өвсөө өөрийн өмсдөг улаан өнгийн малгайтай цамцандаа хийж хадгалаж мартчихаад уг өвсөө 2020 оны 8 дугаар сарын 4-ний өглөө хувцасаа угаах гээд халаасаа ухаж байгаад мэдсэн юм. Уг өвсийг гаргаж ирээд хартал хатаад бага хэмжээтэй болчихсон байсан. Тухайн үед түүсэн гэхээр илүү их хүнд ялтай байдаг юм болов уу гэж бодоод айгаад худлаа мэдүүлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Н-О нь 2020 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар заалтад багтсан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын түүж бэлтгэсэн. 08 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр өөрийн гэртээ хагалсан. 08 дугаар сарын 04-ны өдөр бусдад өгч хэрэглүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Т.Н-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Т.Н-Оыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Н-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан зүйлд хамрагдаж байх тул хорих ял оногдуулсан бол Зорчих эрх хязгаарлах ялаар солино гэх заалтыг үндэслэн шууд Зорчих эрх хязгаарлах ялыг шүүхэд гаргасан тул Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгдэхгүй. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өвч мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С-Э дүгнэлтдээ: “ Миний үйлчлүүлэгч Т.Н-О нь өөрийнхөө гэмт хэргийг ойлгож байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийн хохирогч бол Т.Н-О өөрөө юм. Уг өвсийг хэрэглэж үзсэнээр энэ хүний биед нь тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэж байгаа. Т.Н-Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. Т.Н-От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанаас хойш дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Дэлхий нийтийн хэмжээнд уг ургамлыг сэтгэцэд нөлөөлөх бодис гэж үзэхгүй эмийн ургамал гэж үзэхээр хэлэлцэгдэж байгаа. Т.Н-О нь оюутан тул 09 дүгээр сарын 01-ны өдрөөс хичээлдээ явах тул зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилтэд хэсэгчилж хориг тавьж өгнө үү гэх хүсэлтэй байна” гэв.
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Т.Н-О мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, Хүний биед болон гадуур хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрч Т.Бу-ны “2020 оны 08 сарын 04-ний 23 цаг өнгөрч байхад миний бие сонсогч Б-нгийн хамтаар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 1 дүгээр сургуулийн хашаан дотор 3 залуу пиво уугаад сууж байхаар нь шалгатал Т.Н-Оын өмсөж явсан улаан өнгийн цамцны урд талын халаасанд цаасанд ороосон мансууруулах төрлийн өвс мэт зүйл байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Г-гийн “2020 оны 08 дугаар сарын 04-ний 23 цагийн үед Н- О ганц пиво уух уу гэж чат бичихээр нь 3-13 дугаар байр луу очсон чинь Т-лын хамт байсан. Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талд суугаад пиво уугаад сууж байсан чинь Т.Н-О ороосон өвс өгөхөөр нь татаж үзсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Тү-лын “2020 оны 08 сарын 04-ны өдөр 15 цагийн үед Т.Н-О найзтайгаа уулзаж байгаад орой 21 цаг хүртэл Уурхайчин баг 3-12 дугаар байрны урд талын сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад хөлсөө хатааж 1 цаг орчим болсон юм. Сагс тоглож дуусаад хөлсөө хатааж байх үед Г бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талын сандал дээр суугаад пиво ууж байсан чинь Т.Н-О амралтанд явж байгаад хүнээс авсан өвс гэрт байгаа хаяхаа мартчихаж гэртээ ороод аваад ирье гэж хэлээд гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд бид гурав гаргаж ирсэн өвсийг нь шүдэнзний цаасанд ороогоод тамхи шиг татаж байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд хураагаад авсан юм” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4367 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4364 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Н-Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Н-Оыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2020 оны 7 дугаар сарын 6, 7-ны орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Уурхайчин баг 3-11-37 тоот гэртээ хадгалсан, 8 дугаар сарын 4-ний өдөр О.Г, Г.Т нарт өгсөн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Т.Н-Оын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Н-От ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн цаасанд ороосон 0.8 грамм, ногоон өнгийн өвс мэт зүйл 0.6770 грамм зүйлийг устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Н-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Н-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-От оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-От оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтуурах ундаа, мансуурах бодис хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Н-От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.Н-О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тогтооосон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4,5,6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн зорих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн цаасанд ороосон 0.8 грамм, ногоон өнгийн өвс мэт зүйл 0.6770 грамм зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС