| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/202 |
| Огноо | 2021-08-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/202
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шинжээч эмч Г.Э /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 2025003600335 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н.Б,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Нарлаг дэнжийн тоотод Д.Дг суран ташуураар цохих, ороолгох зэргээр бөөгийн зан үйл хийх явцдаа “уушгины няцрал, уушигны авчилт” бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин бөөгийн зан үйл хийхгүй байгаа” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Э мэдүүлэхдээ “анханы тусламж үзүүлж, хиймэл амьсгаа хийх, цээжин дээр нь дарахад уушгины няцрал, уушигны авчилт гэмтэл учирахгүй. Цохих өшиглөх, унах зэрэг хүч үйлчлэх үед үүснэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/
2. Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-гийн: “2020 оны 07 сарын 02-ны өдөр 19 цаг өнгөрч байхад охин Б-лын хамт очиход эмэгтэй хоёр бөө байсан. Арай залуухан бөө нь хувцасаа өмсчихсөн байсан. Нөгөө эмэгтэй бөө нь хүзүүндээ бөөгийн толь зүүсэн байсан. Манай нөхөр баярлаж байсан. Манай нөхөр би бөө дээр очвол хөл дээрээ босох юм шиг санагдаад байна гэж байсан. Тэгээд бөө дээр очоод бөө нь би чамайг босгоно, хөл дээр чинь явуулж чадна гээд архи, сүү найруулаад бага зэрэг амсуулаад үлдснээр нь биеийнх нь бүх хэсгийг сүүгээр арчсан. Тэгээд амандаа юм уншаад байсан. Суран ташуураар доош нь бөхийлгөж байгаад зөөлөн ороолгож байсан. Өглөө 7 цагийн үед сэрээд талийгаач миний дотор муухайраад байна гээд царай нь сонин болоод таталт өгөөд байгаа юм шиг харагдсан. Бөө цээжин дээр нь хэд хэдэн удаа дарж, хиймэл амьсгал хийсэн. Би тухайн үед их сандарсан байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Түргэний эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Удаагүй цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25-р хуудас/
4. Насанд хүрээгүй гэрч Д.Б-лын: “Манай аав ээж хоёр Дархан-Уул аймагт мал маллаж амьдардаг. Аав 2020 оны 06 сарын 08-ны өдөр мориноос унаад хүнд бэртээд Дарханы эмнэлэгт хүргэгдсэн байсан. Би эмээтэйгээ Орхон аймагт амьдардаг мориноос унахдаа бүх биеийн хэсэг нь хөдөлгөөнгүй байсан, хүзүү нурууны гэмтэл авсан байсан гэсэн. Эмнэлгийн зүгээс бариа заслын эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй, гэхдээ удаан хугацааны дараа мэдээ орно гэж хэлсэн байсан. Тэгээд аав, ээжийн хамт эмээ дээрээ ирээд, эмээ бариа засал сайн хийдэг бөөгийн хүн, 2020 оны 07 сарын 02-ны орой өвөө нь ордог, бариа засал хийнэ гэхээр бид аавыг машин дотор эвтэйхэн хэвтүүлээд бөө айлд ирсэн. Гэрийнхээ голд зочны өрөөний гол хэсэгт хэвтүүлээд 19 цагийн орчимд байх ээж бид хоёрыг сүсэглээд эдгээрэй гэж бод гэсэн. Тэгээд архи ууж байгаад өөрийнх нь ярьж байгаагаар өвөө нь буусан юм шиг байсан, хөгшин хүний хоолойгоор яриад байсан. Эмчилгээ хийж байна гээд гар, хөлийг нь барьсан. Тэгэхдээ архиа цацаад байсан. Мөн бөөгийн хэрэгсэл гээд суран ташуураар гэдэс рүү нь 2-3 удаа ороолгосон. Нурууг нь барина гээд хажуу тийш нь хамжиж эргүүлээд нуруунд нь бариа хийгээд дараа нь тийм их ч биш гэсэн ямар ч байсан ороолгоод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/
“талийгаачийг эмнэлэг хооронд болон гэр лүү оруулахдаа хэвтээ байдлаар зөөдөг байсан. 2020 оны 06 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос вагоноор Эрдэнэтэд ирэхдээ машиндаа зузаан гудсан дээр хэвтүүлсэн байрлалаар зөөсөн. Эрдэнэт ирээд 2 хонохдоо ямар нэгэн бариа засал хийлгээгүй ба би хажууд нь сахиж байсан. Талийгаачийг зөөвөрлөхдөө унагааж байгаагүй. Эмнэлгийн зориулалттай орон дээрээс зөөхөд хялбар байсан. Харин зузаан гудсан дээрээс өргөж зөөхөд хүн байсан ч 4-5 хүн тал талаас нь зэрэг өргөдөг байсан. Талийгаач байнгын хэвтрийн дэглэмдтэй байсан болохоор нурууг нь цоорохоос хамгаалж, тэмээний чөмөгний тос түрхэж өгдөг байсан. Мөн цээж болон доогуураа хувцасгүй байлгадаг байсан болохоор биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн хөхрөлт байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 148-р хуудас/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 1235 дугаартай: 2.3-д “хүзүүний 3-4-р нугаламын түвшин дэх нугасны няцрал, цус хуралт, саажилт гэмтэл нь 2020.06.8-ны өдөр мориноос унах үед үүссэн гэмтэл бөгөөд бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна”, дүгнэлтийн ...2.6-д “талийгаачид учирсан баруун талын хавирга хоорондын цус хуралт, уушгины няцрал, уушгины авчилт, баруун бөөрний өөхлөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох үед үүссэн шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 156-162-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 107 дугаартай нэмэлт шинжээчийн: 1-д Талийгаач Д.Дгийн биед учирсан цээж, хэвлий, нуруу, баруун шуу, бугалга, гуя, зүүн шуу, мөр, гуя, сарвуунд цус хуралт, баруун талын хавирга хоорондын булчингийн цус хуралт, баруун бөөрний өөхөн эдийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уушигны няцрал, уушигны авчилт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2-д гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3-д дээрх гэмтлүүд нь 2020.07.02-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 178-184-р хуудас/,
7. Шинжээч эмч Ц.Г-дын: “уушигны авчилт, няцралт гэмтэл нь цээж, нуруунд цохих, доргих үед мохоо зүйлээр үүсгэгдэнэ. ...уушигны авчилт гэмтэл нь мориноос унахтай холбоогүй, цаг хугацааны хувьд тохирохгүй. Задлан шинжилгээ хийх үед уушигны шинэ гэмтэл байсан байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 195-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 01- нй өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нарлаг дэнжийн тоотод өөрийн гэртээ бөөгийн зан үйл хийх явцдаа Д-гийн цээж, хэвлий, нуруу хэсэгт нь ташуураар ороолгож уушгины няцрал буюу хавчилт болох хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч эргэлзээтэй байсан асуудлыг гаргаж тайлбарлаж хэлсэн. Талийгаачид бөөгийн зан үйл хийсний дараа биед нь таталт өгөх шинжтэй байсан гэх асуудал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Мөн Н.Б нь тусламж үзүүлэх гэ цээжин дээр нь дарсан асуудал яригддаг ба шинжээч эмч цээжин дээр нь дарснаас болж уушгины няцрал, хавчилт үүсэхгүй талаар хэлсэн. Харин цохих, өшиглөх, унах тохиолдолд уушгины няцрал, хавчилт гэмтэл үүснэ гэж мэдүүлсэн. Талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан байдаг ба үүнээс уушгины няцрал, хавчилт нь хүнд гэмтэлд хамрагдана гэж шинжээч эмч дүгнэсэн. Талийгаачийн биед учирсан 6 уг гэмтэл нь шинэ гэмтэл болох талаар хариулсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдэд эдгээр гэмтэл нь 07 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой болохыг дүгнэлтдээ тодорхойлсон байдаг. Талийгаачид учирсан энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу шүүгдэгч Н.Бийн үйлдэлтэй холбоотойгоор үүссэн. Талийгаач нь 06 дугаар сарын 08-ны өдөр мориноос унаж нуруу нугалам, хүзүүний нугалмын няцрал гэх хүн гэмтэл авч 20 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн. Талийгаачид учирсан уушгины няцралт хавчилт гэх гэмтэл нь мориноос унасантай шалтгаант холбоогүй гэж шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байдаг. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Н.Бийг гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Н.Бийг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан өршөөл үзүүлэх гэмт хэрэгт хамрагдсан байх тул шүүгдэгч Н.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ташуур болон бөөгийн зан үйлийн холбогдох төмөр 1 ширхэг, хадаг 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй гэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Бт гэм буруугаа хүлээдэг. Тухайн өдөр талийгаач Д-г гэртээ авч ирж бөөгийн зан үйл хийж байх үедээ 2-3 удаа ороолгосон. Энэ явцад уушгины няцрал, хавчилт гэх хүнд гэмтэл үүссэн. Уг гэмтлийн эргэлзээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Энхбаатар тайлбарлаж өгсөн. Миний зүгээс эргэлзээтэй байсан ба миний үйлчлүүлэгч энэ үйлдэлд би буруутай уг хүнийг гэртээ авч ирж туслах байр суурьтай байсан боловч тусалж чадаагүй манайд нас барсан. Нас барсан шалтгаан нь надаас болоогүй 06 дугаар сарын 08-ны өдөр мориноос унасантай холбоотой байсан боловч манайд ирж нас барсанд харамсдаг тухайгаа удаа дараа тайлбарлаж хэлдэг. Н.Бийн гэм буруугийн тал дээр улсын яллагчтай мэтгэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хулан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байдаг мөн түүний хадам ээж С амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохдоо Ц.Х-тай ижил байр суурьтай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд хамрагдаж хэрэгсэхгүй болж байгаа тул уг байр суурийг баримтлан оролцож байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-гийн “Манай нөхөр би бөө дээр очвол хөл дээрээ босох юм шиг санагдаад байна гэж байсан. Тэгээд бөө дээр очоод бөө нь би чамайг босгоно, хөл дээр чинь явуулж чадна гээд архи, сүү найруулаад бага зэрэг амсуулаад үлдснээр нь биеийнх нь бүх хэсгийг сүүгээр арчсан. Тэгээд амандаа юм уншаад байсан. Суран ташуураар доош нь бөхийлгөж байгаад зөөлөн ороолгож байсан. Өглөө 7 цагийн үед сэрээд талийгаач миний дотор муухайраад байна гээд царай нь сонин болоод таталт өгөөд байгаа юм шиг харагдсан. Бөө цээжин дээр нь хэд хэдэн удаа дарж, хиймэл амьсгал хийсэн. Би тухайн үед их сандарсан байсан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Түргэний эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Удаагүй цагдаа нар хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Б-лын “Манай аав ээж хоёр Дархан-Уул аймагт мал маллаж амьдардаг. Аав 2020 оны 06 сарын 08-ны өдөр мориноос унаад хүнд бэртээд Дарханы эмнэлэгт хүргэгдсэн байсан. Би эмээтэйгээ Орхон аймагт амьдардаг мориноос унахдаа бүх биеийн хэсэг нь хөдөлгөөнгүй байсан, хүзүү нурууны гэмтэл авсан байсан гэсэн. Эмнэлгийн зүгээс бариа заслын эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй, гэхдээ удаан хугацааны дараа мэдээ орно гэж хэлсэн байсан. Тэгээд аав, ээжийн хамт эмээ дээрээ ирээд, эмээ бариа засал сайн хийдэг бөөгийн хүн, 2020 оны 07 сарын 02-ны орой өвөө нь ордог, бариа засал хийнэ гэхээр бид аавыг машин дотор эвтэйхэн хэвтүүлээд бөө айлд ирсэн. Гэрийнхээ голд зочны өрөөний гол хэсэгт хэвтүүлээд 19 цагийн орчимд байх ээж бид хоёрыг сүсэглээд эдгээрэй гэж бод гэсэн. Тэгээд архи ууж байгаад өөрийнх нь ярьж байгаагаар өвөө нь буусан юм шиг байсан, хөгшин хүний хоолойгоор яриад байсан. Эмчилгээ хийж байна гээд гар, хөлийг нь барьсан. Тэгэхдээ архиа цацаад байсан. Мөн бөөгийн хэрэгсэл гээд суран ташуураар гэдэс рүү нь 2-3 удаа ороолгосон. Нурууг нь барина гээд хажуу тийш нь хамжиж эргүүлээд нуруунд нь бариа хийгээд дараа нь тийм их ч биш гэсэн ямар ч байсан ороолгоод байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 1235 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 107 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч Ц.Г-дын: “уушигны авчилт, няцралт гэмтэл нь цээж, нуруунд цохих, доргих үед мохоо зүйлээр үүсгэгдэнэ. ...уушигны авчилт гэмтэл нь мориноос унахтай холбоогүй, цаг хугацааны хувьд тохирохгүй. Задлан шинжилгээ хийх үед уушигны шинэ гэмтэл байсан байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 6а-03 тоотод мориноос унаж хүнд гэмтэл авсан Д.Дг эдгээж эмчлэнэ гэх зорилгоор суран ташуураар цохих, ороолгох зэргээр бөөгийн зан үйл үйлдэх явцдаа “уушгины няцрал, уушигны авчилт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Н.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.С нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг суран ташуур суран ташуур, 1 ширхэг төмөр бөөгийн хэрэгсэлийг устгаж, амбулторын карт, 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, томографын зураг 3 ширхэг, эмнэлгийн бичиг баримтуудыг хэрэг хавсарган үлдээж битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Н.Бт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг ташуур, 1 ширхэг металь зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амбулторын карт, 3 ширхэг томографкийн зураг болон эмнэлгийн бичиг баримтууд зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС