Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 12

 

Д.*******ойгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******ой

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: М.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******

Нарийн бичгийн дарга: Э.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******ын даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 152дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч М.*******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******ой анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 01-р сарын 08-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний дэргэдэх ахмадын сувилалын сувилагчийн ажилд ороод ажиллаж байтал 2017 оны 01-р сарын 07-ны өдөр Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/06 тоот тушаалаар намайг өөр ажилд шилжүүлсэн. Өөр ажилд шилжүүлэхдээ хуулийн заалт баримтлаагүй, буруу шилжүүлсэн гэж үзэж байна. Мөн ажилд шилжүүлсэн тушаалын эх хувийг би гардан аваагүй, харин хуулбар хувийг гардуулсан.

Иймд намайг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05-ны өдөр хуралдаж байгууллагын дэргэдэх Ахмадын сувилалын асуудлыг авч хэлэлцэн оновчтой бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагааг сайжруулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон ажиллах чиглэлүүдийг тодорхойлж дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:

1. Ахмадын сувилалын орон тоо, хөрөнгө санхүүгийн асуудал нь Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд орж батлагдаагүй учир аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

2. Дээрх шийдвэрийн дагуу тус сувилалд эмч ажиллуулах гэрээ байгуулсан бөгөөд сувилагч Д.*******ой болон бусад ажилчдыг эмчийн эрх мэдлийн хүрээнд шилжүүлсэн.

3. Д.*******ойг ажлаас нь чөлөөлөөгүй, өөр байгууллагад шилжүүлээгүй бөгөөд сувилалын эмч А.******* нь эрх мэдлийн хүрээнд нэг сувилагч авч туршилтын хугацаагаар ажиллуулж байна.

Цаашид дээрх асуудлыг мэргэжлийн болон холбогдох байгууллагын дүгнэлтийг харгалзан шийдвэрлэх болно.

Иймд Д.*******ойн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хєдєлмєрийн тухай хуулийн 128 дугаар зїйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******довын *******ойг Завхан аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт ахамадын сувилалын сувилагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,857.165 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ойд олгож, нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1,857.165 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт үүрэг болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 44665 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 152 тоот шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цуглэарсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, хуульд заасан үндэслэлгүйгэгээр Д.Дашданойг ХӨдөлмөр, халамж үйлчилгээний газарт ахмадын сувилалын ажилд эгргүүүлэн тогтоож, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 1857165 төгрөг гаргуулж түүнд олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ахмадын сувилалын орон тоо, цалийнгийн сан манай ХХҮГ-ын бүтэц, орон тоо, цалингийн санд багтаж батлагдаагүй, /нотлох баримт хэрэгт байгаа/ сувилал санхүүгийн эх үүсвэргүй учироны эхэнд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар шийдвэрлэж уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч А.*******тай гэрээ байгуулан аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ сувилагч Д.*******ойг ажлын байртай нь хариуцан ажиллах их эмчийн мэдэлд шилжүүлсэн.... шүүх нотлох баримтад тулгуурлаагүй, бүтэц, орон тоо, цалингийн сан байхгүй байхад нэхэмжлэгчид олгох нөхөн олговор 1857165 төгрөгийг манай байгууллагаас гаргахаар тогтоосон нь хуулийн зүйл заалт үндэслээгүй ойлгомжгүй, шийдвэр хэт нэг талыг баримтлан буруу шийдвэрлэлээ.

Шүүгч Т.******* нь Д.*******ойтой нэг нутаг, нэхэмжлэгчийн эгчтэй нэг ангид 1990-2000 онд хамт сурч байсан зэргээс үзэхэд хэт нэг талыг барисан байна гэж бид үзэж байна. Шүүх шийдвэртээ Д.*******ой нь хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ахмадын сувилалын сувилагчаар ажиллаж байсан ба ажилтанг шилжүүлэн ажиллуулах өөр үндэслэл шалтгаан тогтоогдохгүй байхад аж ахуйн тооцоон дээр ажиллах этгээдийн мэдэлд шилжүүлсэн нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ажил шилжүүлэн ажиллах журмыг зөрчсөн байна гэсэн бөгөөд ажилтанг шилжүүлэн ажиллуулах ажил шилжүүлэн ажиллах журам гэж Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй журмын талаар бичжээ. ... Шүүх манай байгууллагыг хөдөлмөрийн гэрээг цуцласан ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхэд ажил олгогчийн зүгээс халдсан гэжээ. Монгол улсад Хөдөлмөрийн хууль гэж байдаггүй. Манай байгууллага хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч үндэслэлийг тушаалдаа заах шаардлагагүй байсан.

Анхан шатны шүүх ийм үндэслэлгүй, ойлгомжгүй шийдвэр гаргаж хэт нэг талыг баримтлан Д.*******ойг халагдаагүй байхад ажилд нь эгүүлэн тогтоож нөхөх олговор олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Ер нь Д.*******ойг сувилагчийн ажилд ажиллуулахад ч харшлах нөхцөл байдлууд байгаа...... Би энэ хүнийг ажлын байртай нь өөр хүний мэдэлд шилжүүлсэн учир шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2016 оны 09 дүгээр сараас эхлэн Завхан аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн хэлтэс, халамжийн хэлтсийн нийт 81 орон тооноос 57 орон тоо хүртэл цөөрч үйл ажиллагаа явуулах болсон. Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалын асуудал 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн  Улсын Их Хурлын 108 дугаар тогтоолоор үйлчилгээний орлогоосоо өөрийгөө санхүүжүүлэх боломжтой байгууллага гэж үзэж төсвөөс санхүүждэг байгууллагыг аж ахуйн тооцоотой болгохоор зохион байгуулсан.

Энэ тогтоол гарсны дараа Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ариунаа ажилтнуудтай гэрээ байгуулсан байдаг. Д.*******ойтой байгуулсан гэрээнд 1 сарын үндсэн цалин ТҮ-5-1 шатлалаар 446887 төгрөг байхаар тогтоосон байдаг бөгөөд өөрийн орлогоос цалинжихаар заасан байдаг. Ахмадын сувилал 9-12 сар хүртэл ажиллаагүй байдаг. Ажиллаагүй шалтгаан нь байрны асуудал, хүний нөөцийн асуудал байсан байдаг.

 Тухайн үед эмч нарын асуудал бүрхэг, тогооч, үйлчлэгч, сувилагч гэсэн орон тоотой байсан. Ахмадын ордон ашиглалтанд орсны дараа хүмүүсийг ахмадын сувилалд амруулахаар хүмүүс цуглуулахад тэдгээр хүмүүс нь 2016 онд халамжийн үйлчилгээ авсан байсан учраас давхар үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байдаг. Удирдлагын зөвлөл хуралдаж 2017 оны 1 дүгээр сараас ахмадын сувиллыг ажиллуулах талаар хэлэлцэж тохирсон байдаг. 

Байгууллагад бүтцийн өөрчлөлт явагдаж байх үед байгууллага өртэй байсан мөртлөө цалингийн санд чөлөөт үлдэгдлийн мөнгө үлдсэн байсан. Үүнийг холбогдох газруудын зөвшөөрлийг авсны үндсэн дээр ажилтнуудад мөнгө олгосон. 12 дугаар сард 1 сая төгрөг өгсөн байсан нь цалингийн санд үлдсэн мөнгийг өгсөн болохоос биш *******ойг ажил үүрэг гүйцэтгэсний хөлс урамшуулал мөнгө болгож өгсөн зүйл байхгүй. Тухайн сард ахмадын сувилал ажиллаагүй байсан.

Д.*******ойтой хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан байдаг. Ахмадын сувилалд мэргэжил арга зүйн хувьд тохирох хүмүүсийг ажиллуулахаар болсон. Д.*******ойд үйл ажиллагааг эрхлэх лиценз олгогддоггүй. Эрүүл мэнд, спортын сайдын Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай  2015 оны 09 сарын 17-ны өдрийн 361 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 87-д Д.*******ой нь хүний бага эмч гэсэн лицензтэй байдаг. Хүний бага эмчийн лицензтэй хүн сувилахуйн үйл ажиллагаа явуулахгүй.

 Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн үзүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 25.2-т эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих гэсэн төрлийн дагуу хийгдэнэ гэж заасан.

Манай сувилалын газар сувилагч хэрэгтэй учраас *******ойгийн лиценз таарахгүй байгаа. Аймгийн Эрүүл мэндийн газраас 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 1/361 тоот албан бичигт журмыг хэрэгжүүлж ажиллаагүй нөхцөлд ажил олгогч нь хуулийн хариуцлага хүлээнэ гэж анхааруулсан байдаг. Мөн Д.*******ойд холбогдуулж Завхан аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан тоот байдаг. Д.*******ой өөрөө ажлаас гарахыг хүсч өргөдөл гаргасан нь ч байдаг. Ажлаас гарах өргөдөлдөө Туяажаргал, Заяа нар албан тушаалаа ашиглаж ажлын дарамт шахалт үзүүлсэн гэсэн шалтгаан дурдсан байдаг. Ингэж тайлбарлах болсон шалтгаан нь Д.*******ой тус амралтад сувилуулж байгаа хүмүүсээс мөнгийг нь бэлнээр авч өөртөө ашигласан байсан. Үүнийг нь анхааруулж удирдлагаас шаардлага тавьсан байдаг.

Энэ үйлдэл нь гэрээнд заасан сахилга, ёс зүйг зөрчсөн байдаг. Байгууллагын нууцыг задруулсан, нэр хүндийг унагасан, хөрөнгө мөнгөний асуудал гаргасан зэргийг харгалзаж үзээд цаашид ажиллах боломжтой эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шилжүүлсэн. Түүнээс биш Д.*******ойг ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Эдгээр бүх материалыг ашиглаж чадаагүй байхад Д.*******ой шүүхэд хандаж хэргийг шийдвэрлүүлсэн. Д.*******ойд 1 сая гаруй төгрөгийн тэтгэмж олгосон. Аж ахуйн тооцоогоор ажиллаж байгаа газарт ажил огт хийгдээгүй байхад өөр ямар шалтгаанаар 1 сая гаруй мянган төгрөгний мөнгө өгөх вэ гэдгийг анхаарч үзнэ үү. Би Д.*******ойг 4 удаа дуудаж уулзахад 3 удаад нь согтуу ирж байсан. Миний хувьд хүнлэг сэтгэл гаргаж цалингийн сангийн чөлөөт үлдэгдлээс 1 сая төгрөг өгсөн нь одоо цалингийн дундаж нь болж хувираад төрийг их хэмжээний төлбөрт оруулчхаад байна гэв.

Нэхэмжлэгч Д.*******ой давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 2015 оны 1 сарын 8-нд ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээгээ хугацаагүй байгуулсан байсан. 2017 оны 1 сарын 8-нд ажилтан шилжүүлэх тухай захирамжаар намайг ажлаас шилжүүлсэн. Ажлаас шилжүүлэх үед ******* эмч надтай ажил хүлээлцэж, намайг багаж төхөөрөмжөө өг, маргаашнаас хоёулаа хүнээ захиалаад 1 дэх өдрөөс хүмүүсээ авна гэсэн. Тэгээд намайг 1 дэх өдрийн өглөө очиход чамайг ажилд авахгүй, ******* дарга өөр хүн ав гэж хэлсэн гэсэн. Яагаад намайг авахгүй байгааг нь асуухад чиний лиценз чинь өөр байна гэсэн. Ганчимэг эмч энэ хүн яаж мэддэг юм гэж намайг загнасан. Тэгээд ******* даргатай уулзахад чиний тушаал халсан тушаал шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хандсан гэв.

Нэхэмжлэгч Д.*******ойгийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 152 тоот шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдан гомдлын хувьд Д.*******ойг ажил үүрэг гүйцэтгэсэнтэй нь холбогдуулж ажлаас шилжүүлсэн талаар биш түүний хувийн байдлын талаар гомдол гаргасан байна. Лицензийн хувьд өмнө нь Д.*******ойг ажилд томилохдоо ажил гүйцэтгэх боломжтой гэж үзэж ажилд авсан байдаг. Ажлаас шилжүүлсэн Б/06 тоот шийдвэр нь хариуцагч байгууллагын тайлбарласан үндэслэлээр биш өөр үндэслэлээр гарсан байдаг.

Тушаалд мөн Д.*******ойг энэ байгууллагад цаашид ажиллах хүсэлтэй байгаа гэж тэмдэглэсэн байдаг. Д.*******ойгийн хөдөлмөрийн гэрээг зөрчсөн эсэх, ажлаас гарах өргөдөл өгсөн асуудал нь ажлаас шилжүүлсэнтэй хамааралгүй гэж үзэж байна. Тухайн байгууллага аж ахуйн тооцоотой ажиллахаар болсон талаар гомдол санал байхгүй. Маргааны гол зүйл нь ажилтныг буруу ажилд шилжүүлсэн асуудал байгаа юм.

Тушаалаар ажлаас шилжүүлсэн юм шиг харагдаж байгаа ч Д.*******ой ажиллаад цалин хөлс авсан зүйл байхгүй. Ахмадын сувилал нь аж ахуйн тооцоон дээр ажиллах болж байгаа ч тэнд ажиллах хүний нөөцийн асуудлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хариуцна, харин аж ахуйн тооцоонд цалинжуулах асуудлыг тусад нь шийдвэрлэх үндэстэй байсан. ******* нь хүнийг ажилд авах орон тооны асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй хүн байгаа юм.

Д.*******ой нь Халамж үйлчилгээний газрын бүтэц орон тоонд ороогүй ч гэсэн ахмадын сувилал нь Халамж үйлчилгээний газрын харьяалалд нь байгаа учраас тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдыг томилох чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй юм. Гэтэл энэ асуудлыг эмч *******ын мэдэлд шилжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.*******ой, хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Д.*******ойг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан, сувилагч Д.*******ой цаашид ажиллах хүсэлтэй байгаа, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/129 дугаар тушаалаар батлагдсан аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дүрмийн 3.7 дах заалт удирдлагын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэлийг үндэслэн Д.*******ойг аж ахуйн тооцоон дээр ажиллахаар гэрээ байгуулсан эмч А.*******ын мэдэлд шилжүүлсүгэй гэжээ.

Хариуцагч байгууллага тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ахмадын сувилалын орон тоо, хөрөнгө санхүүгийн асуудал нь аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд орж батлагдаагүй учир аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийн дагуу тус сувилалд эмч ажиллуулахаар гэрээ байгуулсан бөгөөд Д.*******ойг эмчийн эрх мэдэлд нь шилжүүлсэн, ажлаас нь чөлөөлөөгүй, өөр байгууллагад шилжүүлээгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.*******ой нь Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалд сувилагчаар ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай түүнийг ахмадын сувилалын эмч *******ын мэдэлд шилжүүлсэн тушаал гаргаж, эмч ******* түүнийг бага эмчийн мэргэжилтэй, сувилагчаар ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр оронд өөр сувилагчийг авч ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна.

Ахмадын сувилалын бүтэц, орон тоо, цалингийн сан нь Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц орон тоонд батлагдаж, ирээгүй боловч удирдлага зохион байгуулалтын хувьд Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэд ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг тэдний нэг нэгж болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.*******ой, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг цуцлах эрх Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний талуудад л байдаг.

Гэтэл ажил олгогч Д.*******ойг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/06 дугаартай тушаал гаргаж, сувилагч Д.*******ойг ахмадын сувилалын эмч *******ын мэдэлд шилжүүлсэн гэсэн тушаал шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх үйл баримт болон ажил олгогчийн тушаалаас харахад ажил олгогч нь Д.*******ойгийн ажлын байр, гүйцэтгэх үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилсөн ажилд шилжүүлээгүй учраас ажилтаныг өөр ажилд шилжүүлэх тухай хөдөлмөрийн эрх зүйн ойлголтонд хамаарахгүй байна.

Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээний нэг тал болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь өөрөө сувилагч Д.*******ойг өөр ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд мөртлөө эмч *******ын мэдэлд шилжүүлсэн, ажил олгогчийн дээрх тушаал гарснаар тус сувилалын эрхлэгч эмч нь Д.*******ойг сувилагчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй, оронд нь өөр хүн авч ажиллуулсан байгаа нь түүнийг эмчийн мэдэлд шилжүүлэх нэрийдлээр ажлаас чөлөөлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд ажил олгогчийн дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажилтаныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх аль ч үндэслэлийг заагаагүй, хуульд үндэслээгүй тушаал байх тул дээрх тушаалд гомдсон Д.*******ойн гомдол үндэслэл бүхий байна.

Анхан шатны шүүх Д.*******ойн ажилгүй байсан хугацааг зөв тодорхойлж, тус хугацааны олговорыг тооцохдоо Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тооцох журмын дагуу ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож, олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 152 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

 ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ