Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 33

 

 

2018      07        30                                          2018/ДШМ/33                                           

 

 Г.Ү-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                        Н.Энхнаран

                        Хохирогч                                              Г.Г

                                Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Ч.Эрдэнэбат нар оролцов.                                  

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарын давж заалдах гомдлоор Г.Ү-д холбогдох эрүүгийн  1721001980025 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

               Шүүгдэгч: Ц овогт Г-н Ү, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн суманд 1983 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, 1-4 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн сумын баг тоотод оршин суух, ял шийтгэл: 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, /РД: /.

             Шүүгдэгч Г.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” нэртэй бааранд Г.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч Г.Ү-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ц овогт Г-н Ү-г бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н Ү-г 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Г.Г-д гэм хорын хохиролд 600000 төгрөгийг өгсөн болохыг тус тус дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-с 1120267 /нэг сая нэг зуун хорин мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-д олгож, гэм хорын нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй 182009 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтгүй унааны зардал, шатахууны үнэ 653500 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 6 сарын 510000 төгрөгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэж,

-Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн “Сиди” бичлэг 1 /нэг/  ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн эзэмшлээс ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Г.Ү-н регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

-Хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Г.Ү-н 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ү.Э, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ү.Э нарыг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр шүүгдэгчийн төрсөн эх Ц.Г-д шилжүүлэн өгч,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолохоор … шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ү түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар давж заалдах гомдолдоо: “... Шинжээчийн 631 тоот дүгнэлтэд хохирогч нь  хэрэг учрал гарсан өдрөөс хойш даруй нэг сарын хугацаа өнгөрсөн хойно шүүх эмнэлэгт хандаж үзлэг хийлгэсэн байх ба энэ талаар яллагдагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг болон хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд бодитой дүгнэлт өгөөгүй нь яллагдагчийн эрх зүйн  байдлыг илэрхий дордуулсан байна.

Г.Ү-д ял халдаах ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчээс дахин авсан мэдүүлэгт /х/х-71/ Г-г 10-р сарын 20-нд үзэж дүгнэлт гаргасан учраас хуучин гэмтэл гэж дүгнэлт гаргасан ба 9-р сарын 13-нд  дээрх гэмтэл үүссэн байх магадлалтай төдийгүй цохих, цохигдох аль алинд ч гэмтэл үүснэ гэсэн тайлбаруудыг шүүх бодитой үнэлээгүй байна. Дээрх дүгнэлт, мэдүүлгээс дүгнэхэд гэмтэл хэзээ үүссэн цаг хугацаа тодорхойгүй, мөн гараар  цохих эсвэл бусад зүйлсэд цохигдох үед үүссэн эсэх нь тодорхойгүй байгаа нь мөрдөлтийн ажиллагаа бүрэн хийгдээгүй, прокурор нотолбол болон хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаж нотлоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь ЭХШХШТХ-ийн 1.7-р зүйлийн 1.7.1, 1.7.2, мөн хуулийн 16.1-р зүйлийн 16.1.13, 16.1.14 дэх хэсгүүдийг  ноцтой зөрчсөн байна.

            …Тухайн хэрэг учрал гарах үед Г.Ү-д мөн хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд энэ үйлдэл дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн эсэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх, эрүүгийн хэрэг үүсгэсэн эсвэл хэргийг хаасан эсэх талаар хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаанууд хийсэн тодорхойгүй байгаа нь  ЭХШХШТХ-ийн 1.7-р зүйлийн  1.7.1, 1.7.2, дахь хэсэг, 1.12-р зүйлийн 1.12.1 дэх хэсэг, 16.2-р зүйлийг зөрчсөн байх ба энэ талаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй байх төдийгүй дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байгааг давж заалдах шатны шүүх анхааралдаа авах нь зүйтэй байна.

            Мөн хавтаст хэрэгт 2017-09-17-ны өдөр хохирогч Г мэдүүлэг өгөхдөө “Баарны гадаа тамхи татаад зогсож байхад толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Алим дэлгүүрийн гадаа маргалдсан санагдаад байна. Дэлгүүр лүү Г, И нартай явсан. Намайг цохьсон хүн бор царайтай манай найз О-н хуурай ах  болох хүн байсан. Би тэр хүнтэй  бааранд таарсан гэх” мэдүүлгийн үнэн зөв эсэхийг эцэслэн шалгаагүй нь хэргийг эргэлзээ бүхий нөхцөл байдалд шүүх шийдвэрлэсэн болохыг нотлож байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь ЭХШХШТХ-ийн 8.2-р зүйлийн 3.2-т зааснаар “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэг хүлээсэн байдаг тул Г-н дээрх мэдүүлгийг худал гэж үзэх хууль зүйн боломжгүй байгаа талаар мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхийн хэн аль нь хуульд нийцүүлсэн дүгнэлтийг огт хийгээгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг харуулж байна.          

…Г.Ү нь хөгжлийн бэрхшээлтэй 1 настай хүү болон 4 настай хүүтэй, эхнэр Г нь умайн хорт хавдрын улмаас хэрэг гарснаас хойш нас барсан зэрэг ар гэрийн нөхцөл байдлын хувьд нэн хүнд нөхцөлд байна. Шийтгэх тогтоолд хөгжлийн бэрхшээлтэй хүү Э, 4 настай хүү Э нарыг Г.Ү-н эх 70 гаруй настай Г-н асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь хүүхдийн эрхийг зөрчсөн төдийгүй асран хамгаалагчийн хувьд дээрх хүүхдүүдийг бүрэн асран хамгаалах боломжгүй амьдралын нөхцөл улам дордож 2 хүүхэд, өндөр настан Г-д  давхар хариуцлага ногдуулахад хүргэж байна.

             Г.Ү нь анхнаасаа хэргээ тогтвортой мэдүүлж улмаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээсэн байдаг бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон гэм хорын үлдэгдэл төлбөр 1.120.267 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа болно.

             Хөгжлийн бэрхшээлтэй хүү Э-н хувьд байнгын асаргаа шаардагддаг тул зайлшгүй аав нь асрах шаардлагатай байгааг харгалзан Г.Ү-д ногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ялын хэмжээг бууруулах, эсхүл Эрүүгийн хуулийн 11.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч Г.Ү давж заалдах гомдолд дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар маргахгүй гэсэн тул энэ талаар гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Иймд зөвхөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар гаргасан шүүгдэгчийн хүсэл зоригийг илэрхийлж оролцоно.

Г.Ү нь шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан төлбөрийн 1120267 төгрөгийг хохирогч Г.Г-н  дансанд шилжүүлж баримтыг нь хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчийн хувьд ар гэрийн байдал хүнд байгаа талаар сая тодорхой дурдлаа. Ялангуяа 1 настай хүү Э-н хувьд хөдөлмөрийн чадвартай хүн асран хамгаалах нөхцөл байдал зайлшгүй шаардагдаж байгаа. Энэ тал дээр давж заалдах шатны шүүх анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түрүүнд дурдсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч нь тохиолдлын чанартай нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарагдана. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, ар гэрт нь насанд хүрээгүй нялх балчир хүүхдүүд үлдэж байгаа зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ялын доод хэмжээгээр ялыг өөрчилж өгнө үү. Шүүгдэгч Г.Ү-н ар гэрийн хувьд 2 ах, 2 эгч, дүү нар нь байна. Хэрэв шүүхээс торгох ял оногдуулбал ах дүү нар нь 2-3 жилийн хугацаанд төлөх боломжтой талаар хэлж байгаа. Торгох ялыг санал болгож байгаа гол шалтгаан нь шүүгдэгчийн хувийн байдал гэхээсээ илүүтэйгээр шүүгдэгчийн ар гэрийн байдалтай холбогдуулж нийгмээс тусгаарлахгүйгээр энэхүү ялыг халдааж өгөөчээ. Торгуулийн ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар цагдан хоригдсон 38 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж өгнө үү. Шүүх бүрэлдэхүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялын аль нэгийг сонгох хууль зүйн боломжтой учраас эрх зүйн байдлыг дээрдүүлж, ялыг хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Г.Ү-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Ү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй бааранд Г.Г-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүгдэгч Г.Ү-н үйлдсэн хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дүрс бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 631 тоот дүгнэлт, хохирогч Г.Г, шүүгдэгч Г.Ү нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Г, Ч.Г, шинжээч эмч Н.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Ү-н үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” болон “торгох ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Харин шүүгдэгч Г.Ү-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хорын хохирлыг төлсөн, эхнэр нь нас барж ар гэрт нь 1-4 насны хоёр хүүхэд үлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасган 2 жил болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

             Шүүх шийтгэх тогтоолдоо 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ү.Э, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ү.Э нарыг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр шүүгдэгчийн төрсөн эх Ц.Г-д шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 63, 66 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. Тухайлбал: Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “… хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд асран хамгаалалтад байна” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан тул бага насны Ү.Э, Г.Э нарын хууль ёсны асран хамгаалагч томилох асуудлыг судлан тогтоож хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Уг асуудлыг шийдвэрлэх хүртэл бага насны Ү.Э, Г.Э нарыг асран хамгаалах үүргийг шүүгдэгчийн төрсөн эх Ц.Г-д даалгавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-г 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Г.Ү-н 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ү.Э, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ү.Э нарыг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр шүүгдэгчийн төрсөн эх Ц.Г-д шилжүүлэн өгсүгэй.” гэснийг “Хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч Г.Ү-н 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ү.Э, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ү.Э нарт асран хамгаалагч томилох асуудлыг судлан тогтоож хэрэгжүүлэхийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг болгож, энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хүүхдүүдийг асран хамгаалахыг шүүгдэгчийн төрсөн эх Ц.Г-д даалгасугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Ү-н 2018 оны 06 сарын 12-ны өдрөөс 2018 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                          ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                Ж.ДОЛГОРМАА