Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00026

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.У холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А “Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0170610 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.У, прокурор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А, хариуцагч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У нь “2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутаг Асгатын ам гэх газарт иргэн Д.Б нь “тарвага сахисан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 0170610 дугаартай шийтгэлийн хуудсаар тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар иргэн Д.Б нь тарвага агнасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдохгүй, зөрчлийн шинжгүй, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 0170610 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-ын 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0170610 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. Шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/26 дугаар удирдамжийн дагуу хариуцаж буй нутаг дэвсгэртээ Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар хяналт шалгалтыг тогтмол хийсэн. Энэ явцад иргэн Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тарвага агнасан мэдээлэлтэй, тарваганы дошин дээр агнахаар сахиж байсан, мотоцикль, буу зэвсэг тарваганы үс, цус зэрэг нотлох баримтуудтай байсан зэргийг байгаль хамгаалагч Б.П гэрчилнэ. Гэвч агнасан тарвага нь биетээрээ байхгүй тул нөхөн төлбөр тавих боломжгүй байв. Иймд 2019 оны 08 сарын 10-ны өдрийн 0170610 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Иргэн Д-ийн Б нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тарвага агнаж явсан гэх үйлдэлд Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0170610 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан 150 нэгж буюу 150 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Үүнээс хоёр хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зөрчилд холбогдогч Д.Б-д торгууль 150 000 төгрөгийг Төрийн сан банкин дахь 100170400988 дугаар дансанд тушаажээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд хариуцагч Б.У 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0170610 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Б-д тарвага сахисан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлснийг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: ... 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Хариуцагч Б.У-ын үйлдсэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д Д.Б нь зохих зөвшөөрөлгүй тарвага агнасан гэх боловч чухам хэдэн тооны ямар хүйсийн тарвага агнасан болох, эсвэл тарвага агнаагүй сахисан эсэх нь тодорхойгүй, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулсан эсэх нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлууд хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Д.Б нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тарвага агнасан мэдээлэлтэй, тарваганы дошин дээр агнахаар сахиж байсан, мотоцикль, буу зэвсэг тарваганы үс, цус зэрэг нотлох баримтуудтай байсан зэргийг байгаль хамгаалагч Б.П гэрчилнэ гэх боловч энэ талаар зөрчлийн хэрэг материалд авагдаагүй бөгөөд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д бичсэнээс зөрүүтэй байна.

Иймд 0170610 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан 150 000 төгрөгийн торгууль оногдуулсан хариуцагчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “... амьтныг агнах хориотой үед, ... агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 4/хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох” гэж,

Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 5.3.4.сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох” гэж тус тус заасан байдаг.

Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/278 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал гаргаж Монгол орны тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй болон өмнөх хориглосон шийдвэр, сэргээн нутагшуулалтыг үр дүнтэй болгох зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон байх ба энэхүү хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/278 дугаар тушаалд заасан хугацаанд тарвага агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэхээр байгааг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн дүгнэлт бүхий гомдлыг хангаж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-ын 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0170610 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН