Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0429

 

 

                                                        Б.Эгийн нэхэмжлэлтэй

                                                   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Б.Э,

Нэхэмжлэгч: Б.Э,

Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын дарга,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 354 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2022/1075/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э нь Авлигатай тэмцэх газрын даргад холбогдууланАвлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96.739.272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгөж, дутуу олгосон 20.729.844 төгрөгийг Б.Эд олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийн: 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эгийн Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан гаргасан “...нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96.739.272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн, дутуу олгосон 20.729.844 төгрөгийг Д.Эд олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1.  Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр шударга бус боллоо. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн хуульд заасан тодорхой үндэслэл, тайлбарыг үгүйсгэж буй үндэслэлээ заахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2. Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тушаалын 1 дэх заалтад “... 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 76. 009.428 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосугай” гэжээ. Б.Э нь Төрийн албанд 35 жил, 6 сар, 23 өдөр, үүнээс Авлигатай тэмцэх газарт 15 жил, 5 сар, 18 өдөр ажиллан өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 2007 оноос Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнаар, 2012 оноос ахлах ажилтан, ахлах комиссараар ажиллаж ирсэн, Улсын Их Хурлын 2021 оны 85 тоот тогтоолоор батлагдсан 2.687.202 төгрөгийн тогтоогдсон цалин авч байсан. Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссарын тушаал нь Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг удирдлага болгосон бөгөөд энэ заалтад “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэжээ.

3.3. Б.Э нь Авлигатай тэмцэх газрын даргад хандан Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.7, 30.8-д заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл хүсэлт гаргасныг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй. Харин гаргасан тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримталсан. Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Авлигатай тэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д “...Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал төрийн тусгай албан хаагч байна” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч хариу тайлбартаа энэ талаар дурдсан. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д “Авлигатай тэмцэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, шагнал урамшуулал, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана” гэх ба 30.8-д “Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ” гэжээ. Мөн хуулийн 30.8-д дээрх 30.7-д заасан баталгааг эдлүүлэхдээ тэтгэмж тусламжийг давхардуулж олгохгүйг зааснаас гадна сонголт хийх тухай заагаад сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ” гэсэн. Энэ сонголтын талаар хэрэгт авагдсан ямар нэг баримт байхгүй бөгөөд ийм сонголт хийгдээгүй. Сонголтын тухайд дээрх хуулийн заалтуудаас гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан хаагчаас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй” гэжээ.

3.4. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 85 дугаар тогтоолын “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн хавсралтаар тогтоож, ахлах ажилтны албан тушаалын сарын цалинг 2.687.202 төгрөг байхаар тогтоосон”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан. Иймд Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хууль, журам үндэслэж байгаа боловч 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг буруу тооцож, хуулийг буруу хэрэглэсэн.

3.5. “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.1-4.4-т заасан заалтыг хариуцагч буруу тайлбарлах ба шүүх “Бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох” зохицуулалт зөрчигдөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэснийг зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

3.6. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, урамшууллаас бүрдэнэ”, энэ хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн Газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална”, 103.1.1-д “дундаж цалин хөлс тодорхойлох журам” гэж тус тус заажээ. Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хэрэглэхдээ “ тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ. “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн. Гэтэл Төрийн албаны тухай хууль болон Шүүхийн тухай хуульд өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо албан тушаалын дундаж цалингаас тооцох тухай заасан бөгөөд харин Авлигын эсрэг хуульд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэдгийг заасан. Шүүх “аль илүүг сонгох” заалтыг хэрхэн шийдвэрлэж буй нь тодорхойгүй байх ба хуулийн заалт баримтлах, журмын заалт баримтлах эсэх нь ч тодорхой бус шийдвэрлэгдсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нар давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргасан байна.

            4.1. Б.Эд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон захиргааны актын тухайд. Авлигатай тэмцэх газарт ахлах ажилтнаар ажиллаж байсан Баярын Э нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус газрын даргад хандан “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч, Авлигын эсрэг хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж өргөдөл гаргасан. Тус хүсэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Эг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв , нэмэгдэл олгох журам”-ын 2.6, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”-ын 3.4-т заасныг баримтлан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн.

4.2. Б.Эгаас 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлт гаргасны дагуу Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б/100 дугаар тушаалаар Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6, 30 дугаар зүйлийн 30.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1, “Авлигатай тэмцэх газрын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.1.2-т заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.

4.3. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно”, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1, 2.2-т заасныг баримтлан Б.Эд олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж нь 2.111.373 (хоёр сая нэг зуун арван нэгэн мянга гурван зуун далан гурав) төгрөг байхаар тооцоо гарсан. Иймд Б.Эгийн үндсэн цалингийн дундаж болох 2.111.373 төгрөгийг түүний төрийн албанд ажилласан нийт жил буюу 33 (гучин гурав) жилийн тоотой тэнцэх сараар бус шууд 36 сарын тоогоор үржүүлэн тооцож, нийт 76.009.428 (далан зургаан сая, есөн мянга, дөрвөн зуун хорин найм) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, 57.2.3-д “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс ...” бүрдэнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Иймд Засгийн газраас тогтоосон буцалтгүй тусламжийн хэмжээг албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцох аргачлал, холбогдох бусад хууль, тогтоомжийг баримтлан Б.Эд нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон.

4.5. Б.Э нь “... 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад хандан ... төрд 35 жил ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгоод хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авахад олговол зохих тэтгэмжийн хэмжээг буруу тооцож, 20 гаруй сая төгрөгөөр намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Та тушаалаа эргэн харж надад олгох тэтгэмжийг хуульд зааснаар зөв тооцон олгоно уу” гэж гомдол гаргасан. Энэхүү гомдлыг хянан үзэж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/17351 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд энэ баримт захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан.

4.6. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д “Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана”, 30.8-д “Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ” гэж заасан. Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад хандан “... Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасныг дагуу албан тушаалын 36 сарын цалинт тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно уу” гэж өргөдөл гаргасан. Иймд Б.Э нь энэхүү өргөдөлдөө Авлигын эсрэг хуульд зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ илэрхийлсэн тул “албан хаагч өөрөө” сонголтоо хийсэн гэж үзэх үндэслэлтэй байсан тул буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан.

4.7. Маргаан бүхий захиргааны акт буюу Б.Эд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Буцалтгүй тусламж олгох тухай” Б/100 дугаар тушаалын Үндэслэх хэсэгт Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үндэслээгүй, түүнчлэн төсвийн хэмнэлтэд үндэслэн Б.Эд олговол зохих буцалтгүй тусламжийн хэмжээг хасч, бууруулж олгоогүй тул гомдол үндэслэлгүй байна.

4.8. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4 дэх хэсэгт “Бусад хуульд зааснаар нэг удаагийн тэтгэмж олгох” зохицуулалтыг тусгасан буюу өөрөөр хэлбэл, цэргийн албан хаагч болон боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийн талаарх онцлог төрлийн зохицуулалтыг тусгасан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаардаг. Иймд Б.Э нь журамд зааснаар цэргийн албан хаагч эсхүл боловсрол болон эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч биш тул журмын 4 хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгчид хамаарахгүй

4.9. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8-д зааснаар Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж, нэмэгдлийг давхардуулан олгохгүй байх зохицуулалттай бөгөөд сонголтыг албан хаагч хийхээр хуульчилсан. Харин аль нэгийг илүүг сонгох тухай асуудлыг хуульчлаагүй.

4.10. Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч Б.Эд буцалтгүй тусламж олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн бөгөөд түүний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хууль бус эс үйлдэхүй гаргаагүй, анхан шатны шүүхийн 354 дугаартай шийдвэр хэрэгт цугларсан нотлох баримтууд, шийдвэрийн үндэслэл болж буй баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэж хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоон бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан гэж үзэж байна. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж, хууль зүйн үндэслэлтэй байгаа тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль хууль болон журмын холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж  шийдвэрлэлээ. 

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангасан. Үүнд:

3.1. Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б/100 дугаар тушаалаар “... Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6, 30 дугаар зүйлийн 30.4, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1, “Авлигатай тэмцэх газрын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.1.2-т заасныг үндэслэн Б.Эд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон”, хариуцагч ийнхүү буцалтгүй тусламжийг олгохдоо үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж болох 2.111.373 төгрөгийг 36 сараар үржүүлэн тооцож, нийт 76.009.428 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ

3.2. Нэхэмжлэгчээс “... миний бие өөрөө аль хуульд зааснаар буцалтгүй тусламж авахаа шийдэх эрхтэй, Авлигын тухай хуульд зааснаар албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах ёстой” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа “... Авлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96.739.272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгөж, дутуу олгосон 20.729.844 төгрөгийг Б.Эд олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” гэж тодорхойлон маргасан. 

3.3. Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Авлигатай тэмцэх газрын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна”, 30 дугаар зүйлийн 30.7-д “Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана”, 30.8-д “Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ” гэж тус тус тодорхой хуульчилж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж журамласан байна.

3.4. Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзвэл Авлигатай тэмцэх газрын албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарч, нэг удаагийн буцалтгүй тусламж авахдаа Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөлүүдээс аль нэгийг сонгох эрхтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Э Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасны дагуу тэтгэмжээ авах хүсэлтээ бичгээр илэрхийлж энэ үндэслэлээр маргаж байх тул хариуцагч энэ хуульд заасны дагуу тэтгэмжийг тооцож олгох үүрэгтэй. Учир нь эрх зүйт төрийн үндсэн зарчмын нэг болох төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын хүрээнд хариуцагч хууль тогтоогчийн баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн аливаа үйл ажиллагаа нь зайлшгүй хууль ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай. 

3.5. Нэхэмжлэгчээс “...Төрийн албанд 35 жил, 6 сар, 23 өдөр, үүнээс Авлигатай тэмцэх газарт 15 жил, 5 сар, 18 өдөр ажилласан” гэж тайлбарласан,   хэрэгт авагдсан өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудаст шимтгэл төлсөн нийт хугацаа 35 жил, 5 сар, 23 өдөр гэснээс үзвэл нэхэмжлэгч Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл  шаардлагыг хангаж байх тул түүний эрхэлж байсан албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгох нь зүйтэй, энэ талаарх давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

3.6. Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “...Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хэрэглэхдээ тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцох ёстой...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.1-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход энэхүү журмыг баримтална”, 1.2-т “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлоход энэхүү журам хамаарахгүй” гэж заасан.

3.7. Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн “12” гэснийг “36” гэж өөрчилж мөн хуулийн 2 дугаар зүйлд энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Харин Авлигын эсрэг хуульд заасан “36 сар хүртэл” гэснийг хэрхэн тооцох талаар энэ хууль болон бусад хууль, журамд нарийвчлан тайлбарлаж тусгаагүй  тул “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд хамгийн багадаа төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлж тооцохоор байна.

3.8. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Эгийн албан тушаалын цалингийн хэмжээгээр бус үндсэн цалингийн “дунджаар” буюу 1 сарын 2.111.373 төгрөгийг 36 сараар үржүүлэн тооцож, нийт 76.009.428 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг нэхэмжлэгч  эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад хандан” ... нэг удаагийн буцалтгүй тусламж авахад олговол зохих тэтгэмжийн хэмжээг буруу тооцож, 20 гаруй сая төгрөгөөр намайг хохироож байгаад гомдолтой байна, ... тушаалаа эргэн харж надад олгох тэтгэмжийг хуульд зааснаар зөв тооцон олгоно уу” гэж гомдол гаргасанд хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/17351 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Хэдийгээр ийнхүү гомдолд хариу хүргүүлснийг эс үйлдэхүй гэж үзэхгүй, харин нэг удаагийн буцалтгүй тусламжийн  зөрүүг олгохгүй байгаа нь дээр дурдсан хууль болон журамд нийцээгүй, үүгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна. Иймд Авлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б.Эд Авлигын эсрэг хуулийн 30 дүгээр зүйлийн 30.4-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож, зөрүүг олгох шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах байдлаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой гэж үзлээ.  Учир нь даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь “эс үйлдэхүй”, эсвэл “татгалзсан шийдвэр” хэлбэртэй байдаг тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь захиргааны хууль бус “татгалзал” болох эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн төрөлд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ захиргааны байгууллагын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь түүний нийтийн эрх зүйн субьектив эрхийг зөрчсөн талаар мөн шаардагдах захиргааны акт гаргуулахыг шаардах эрхийн үндэслэлээ болгож буй материаллаг хэм хэмжээг тодорхой заасан байх тул  эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн хуулийн  урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. 

3.9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн дээрх хэсгийг хангаж шийдвэрлэж буй хууль зүйн үндэслэл нь хууль ёсны зарчмын дагуу аливаа захиргааны хууль бус шийдвэрүүд хүчингүй болж, эрх зүйн нөлөөлөл үзүүлэх ёсгүй бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэл нь эрх зүйн баталгаатай байдлыг хангах зорилго бүхий төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим юм. 

3.10. Харин “... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96.739.272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгөж, дутуу олгосон 20.729.844 төгрөгийг Б.Эд олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийг хэдэн жилээр тооцож, 36 сар хүртэлх сартай тэнцэх хэмжээгээр бодож  нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх энэ эрхэд халдаж маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэгт шууд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй. Учир нь захиргааны хэргийн шүүх бол захиргааны бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьдаг дээд шатны захиргааны байгууллага биш харин маргааныг шийдвэрлэгч хөндлөнгийн байгууллагын хувьд захиргааны байгууллагын тодорхой орон зай, эрх хэмжээний асуудалд сонгох зарчмын хүрээнд шүүхийн хяналт хязгаарлагдах үндэслэл гэж байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дэх заалтыг “Авлигын эсрэг хуулийн 30 дүгээр зүйлийн 30.4, 30.7, 30.8-д тус тус заасныг баримтлан Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Авлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б.Эд Авлигын эсрэг хуулийн 30 дүгээр зүйлийн 30.4-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож, зөрүүг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагч Авлигатай тэмцэх газрын даргад даалгаж, үлдэх “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96.739.272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгөж, дутуу олгосон 20.729.844 төгрөгийг Б.Эд олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Эгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                          

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

           ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН