Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1962 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын гудамж 26 тоотод оршин суух, Хатиган овгийн Даваасүрэнгийн Эрдэнэчимэг /РД:МЗ62041868, утас-94939278/-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие 1962 онд Дорнод аймагт төрөөд 1967 онд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж 39-р сургуульд орж суралцсан. Манай аав агрономич хүн байсан болохоор 1976 онд Баруунхараад шилжин ирээд дараа нь Дархан-Уул аймгийн Хонгорын сангийн аж ахуйд очсон. Тэндээ би 8-р ангиа 1978 онд төгсөн Улаанбаатар хотын нийтийн ахуйн үйлчилгээний ТМС-н захиалгат гутлын ангид орж суралцан 1980 онд төгссөн. Төгсөөд Улаанбаатар хотын гутлын үйлдвэрт 1980 оноос 1984 оны  11 дүгээр сар хүртэл ажиллаад дараа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад ар гэрийн гачигдлаар шилжин ирж 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гуталчнаар ажилласан. Ингээд халагдсан тушаал олдохгүй өнөөг хүрч тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохирч явна. Иймээс Хатиган овогт Даваасүрэнгийн Эрдэнэчимэг миний Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гуталчнаар ажилласан хугацааг нөхөн сэргээж өгнө үү гэв.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар архивын  2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбарууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн батлах болон гэрчийн мэдүүлгүүд 

Гэрч Т.Үүрцайх шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1984 оны 06 дугаар сард Зүүнхараагийн нийтийн ахуй үйлчилгээнд дагалдан гуталчингаар ажилд орж  байсан. Д.Эрдэнэчимэг нь миний дараа 1984 оны 12 сард ажилд орсон. Бид тасралтгүй хамт ажиллаж байгаад 1990 онд Нийтийн ахуй үйлчилгээ нь хувьчлагдаж хоршоонууд болоход бид хамт Буян нэртэй хоршоонд хуваарилагдан ажиллаж байгаад 1992 онд Буян хоршоо нь дампуурч ажилгүй болсон гэх мэдүүлэг

Гэрч Б.Гүндүүсамбуугийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би наймдугаар ангиа төгсөөд Зүүнхараагийн нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орсон. Д.Эрдэнэчимэгтэй 1984 оноос 1990 он хүртэл нийтийн ахуй үйлчилгээндээ ажиллаж байгаад би 1990 оноос Булган аймгийн Улаан-Орхон гэх газар луу шилжсэн юм. Д.Эрдэнэчимэг нь тухайн үед нийтийн ахуй үйлчилгээндээ ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг

Гэрч Б.Уранчимэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1980 онд Зүүнхараагийн Нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчингоор ажилд орсон. Намайг ажиллаж байхад Д.Эрдэнэчимэг нь 1984 онд тус нийтийн ахуйн үйлчилгээнд ажилд орж байсан. Бид 1992 он хүртэл хамт ажилласан. Нийтийн ахуй үйлчлгээ нь тасаг дотроо оёдол, гутлын 2 цех өөд өөдөөсөө хараад хамт ажилладаг байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар:

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь  Сэлэнгэ аймаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Хатиган овогт Даваасүрэнгийн Эрдэнэчимэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гуталчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ