| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0193/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/203 |
| Огноо | 2021-08-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/203
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Ж.Б-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-Эд холбогдох эрүүгийн 2125000000 202 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ж.Б-Э, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Б-Э нь 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 2021 оны 03 дугаар сарын 13-ны хооронд Б.Оыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд оруулж өгнө гэж хуурч, 1.520.000 төгрөгийг залилж авсан, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Тыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Орхон аймгийн даатгалын газарт шилжүүлэн ажилд авна гэж хуурч 350.000 төгрөгийг залилж авсан, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Р.Бг Нийгмийн даатгалын хэлтэст ажилд оруулж өгнө гэж хуурч 700.000 төгрөгийг залилж авсан, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Х.Бг “охин Р.Бг ажилд оруулж өгнө” гэж хуурч 200.000 төгрөгийг тус тус залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-Э-ийг бусдыг ажилд оруулна гэж хуурч эд хөрөнгийг нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төрийн албаны нэр хүндийг унагасан гэдгээ ойлгож гэмшиж байна. Б.Оын хохирлыг төлнө. Бусад хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч Б.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Р.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Х.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Б.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Би хуралд оролцох боломжгүй байна. Миний хохирол төлбөр болох 1 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Оын “Би 2021 оны 01 дүгээр сарын 25- ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар очиж, сайн дурын даатгал төлөгчөөр бүртгүүлсэн. Тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн нэг цонхны үйлчилгээнд суудаг хоёр эмэгтэйгээс хүний нөөцийн дарга нь хаана суудаг вэ гэхэд тэр хоёр эмэгтэй -2 давхарт гараад зүүн гараа дагаад чигээрээ ороход хоёр өрөө байгаа, тэрний нэгэнд нь Ж.Б-Э гэх хүн сууж байгаа. Хоёр Б- Э суудаг шүү андуурав аа гэж хэлсэн. Би Ж.Б-Э гэх хүнтэй уулзаад ажилд орох анкет өгөх гэж байгаа талаараа хэлсэн чинь Ж.Б-Э нь надад өгдөг юм гээд миний төрийн албан хаагчийн анкет, дипломын хуулбар, сургалт төгссөн сертификатын хуулбар зэргийг хүлээн аваад тэгж байгаад чам руу залгана гэсэн. Гэртээ хариад байж байхад 16 цагийн орчимд Ж.Б-Э нь миний утас руу залгаад нөхөртэйгээ хамт хүрээд ирэх боломж байна уу гэхээр нь нөхөр Нинжбадгарын хамт Нийгмийн даатгалын гадаа очиход Ж.Б-Э нь ажлаасаа гарч ирээд машины ард суугаад утсан дээрээсээ ажлаас халагдсан хүний тушаал үзүүлээд чамайг өдөр материал өгөөд гарсны дараа энэ хүний ажлын орон тоо гараад чамд боломж гарчихлаа. Энэ хүний орон тоон дээр чамайг ажилд оруулъя. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А-ын хүүхэд өвчтэй хот явах гээд байна, таны материалыг үзүүлэхэд тохирох хүн байна гэсэн. Нэг цагийн дотор 1 сая төгрөг бэлэн болгоод миний данс руу хийчих, би Анар даргад 400 000 төгрөгийг өгөөд 600.000 төгрөгийг би өөрөө авна Нөхөр бид хоёр “Баян" гэх барьцаалаан зээлдүүлэх газарт өөрийнхөө ээмэг бөгжийг 800.000 төгрөгт тавиад эгч Мөнхзулаас 200.000 төгрөг зээлээд Ж.Бат-Эрдэнийн надад өгсөн 509 дугаартай данс руу 1 сая төгрөгийг 2021 оны 01 сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд шилжүүлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31-р хуудас/,
2. Б.Оын ХААН банкны 500 тоот дансы хуулга /хх-ийн 119-122-р хуудас/
3. Хохирогч Б.Тын “Би Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого, шимтгэлийн байцаагчийн ажил хийж байхад манай нөхөр Э.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллахаар болоод би Нийгмийн даатгалын Ерөнхий газарт 2021 оны 01 дүгээр сарын дунд үеэр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шилжин ажиллах хүсэлтээ өгсөн. 2021 оны 02 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөц ажилтан надад Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нөөцийн ажилтан Ж.Б-Этэй холбогдоорой гэж байна гэсэн. Би Ж.Б-Э-нийн 99 дугаарын утасыг хүний нөөцөөсөө аван холбогдоход Ж.Б-Э нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан. Чиний оронд нэг хүн авах гэж байгаад болилоо. Би тэр хүнд 350.000 төгрөг өгөөд чамайг ажилд авна. Чиний тушаал 2021 оны 03 сарын 01-ний өдөр гарна гэж хэлэхээр нь би гайхаж байгаад 350.000 төгрөгийг нөхөр Э.Ганхүүгийн Голомт банкны 3155106710 данснаас Ж.Б- Э-нийн ХААН банкны 509 тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
4. Э.Г-гийн Голомт банкны 315 дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 156-р хуудас/,
5. Хохирогч Р.Бгийн “2019 оны 04 дүгээр сард Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ажилтан авна гээд байгууллагынхаа фэйсбүүкт зар оруулсан байсан болохоор би уулзахаар очиход Ж.Б-Э гэдэг хүн сууж байсан. Би Ж.Б-Эд өөрийн төрийн албан хаагчийн анкет, тангарагийн бичгийн хуулбарыг өгөхөд надтай хатм гарч ирэн Нийгмийн даатгалын хэлтсийн гадаа машины зогсоолд миний машинд суун надтай уулзсан. Уулзахдаа таныг ажилд авах боломжтой юм байна гээд машинаас буухгүй суугаад байхаар нь мөнгө хараад байгаа юм болов уу гэж бодоод 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ....2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Б-Э над руу 99169104 дугаарын утаснаас залгаад Нийгмийн даатгалын хэлтэст хүрээд ир гэхээр нь очоод уулзахад миний ажлын тушаалыг гаргахад нэг хүн гуйсан байгаа. Тэр хүндээ 200.000 төгрөг өгөх хэрэгтэй байна. Та надад 400.000 төгрөг өгчих, тэгвэл ямар нэгэн асуудалгүй ажилд авлаа, сүүлийн удаа гэж хэлэхээр нь ....400.000 төгрөгийг өөрийн 527 тоот данснаас Ж.Б-Энийн 509 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39-р хуудас/,
6. Р.Бгийн ХААН банкны 527 тоот дансны хуулга /хх-ийн 150-р хуудас/,
7. Хохирогч Х.Бгийн “2019 оны 04 сарын эхээр манай охин Р.Б нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд орно гээд Нийгмийн даатгалын хэлтэст очиж Ж.Б-Э гэх хүнтэй хамт уулзаж байсан. Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан байгаа, Р.Бг авах боломжтой гээд машин дотор суугаад байхаар нь мөнгө хараад байгаа юм болов уу гэж бодоод охин Р.Б 200.000 төгрөг бэлнээр өгч байсан мөн 2019 оны 05 сарын 07-ны өдөр Ж.Б-Э нь 99169104 дугаарын утаснаас залгаад таны охин Р.Бгийн ажил бүтэж байгаа, би Дархан руу семинарт явах гэж байна, 200.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь би ХААН банкны 527 данснаасаа Ж.Б-Энийн ХААН банкны 509тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлэн гүйлгээний утга дээр Р.Бгаас гэж бичиж байсан. Ж.Б- Э нь миний гар утасны дугаарыг яаж мэдсэнг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-р хуудас/,
8. Х.Бгийн ХААН банкны 52 тоот дансны хуулга /хх-ийн 149-р хуудас/,
9. Гэрч Б.А-рын “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Төрийн албаны хуулиар Нийгмийн даатгалын хэлтсийн сул орон тоог Орхон аймгийн Төрийн албаны зөвлөлд мэдүүлж, Орхон аймгийн Төрийн албаны зөвлөл нь ажлын байрны орон тоог төв сайт дээрээ зарлаж, сонгон шалгаруулалт явуулдаг. Шалгарсан хүний нэрийг дэвшүүлж, нэр дэвшүүлсэн хүнийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилдог. Ж.Б-Э нь манай байгууллагад ажилд орох иргэний хүсэлт, өргөдлийг хүлээн авах эрхгүй бөгөөд ажилд орох иргэний хүсэлтийг Төрийн албаны зөвлөл авч шалгалт явуулж шийдддэг. Ж.Б-Э нь аймгийн Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгарсан иргэний ажилд орох тушаалын төслийг л боловсруулдаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 48-р хуудас/,
10. Ж.Б-Э-нийг 2017 оны 10 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Төлөвлөлт судалгаа, шинжилгээ нэрийн данс тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилсон тухай тушаал /хх-ийн 95-р хуудас/,
11. Ж.Б-Э-нийг 2021 оны 03 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал /хх-ийн 96-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б-Э нь иргэн Б.Оыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд оруулна гэж хуурч 1 520 000 төгрөгийг, иргэн Б.Тыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст оруулна гэж хуурч 350 000 төгрөгийг, иргэн Байгалмааг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд оруулна гэж хуурч 700 000 төгрөгийг мөн түүний ээж Х.Бгээс охин Байгалмааг чинь ажилд оруулна гэж хэлж 200 000 төгрөгийг тус тус залилж бусдад нийт 2 770 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэг авагдсан нотлох баримт болох хохирогч Б.Т, Б.О, Байгалмаа, Х.Б нарын мэдүүлэг, гэрч А, Г, Х нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.Б-Ээс хохирогч Б.Од 1 520 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ж.Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ж.Б-Э нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.Б-Ээс 1 520 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Од олгуулах нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ: “Улсын яллагчийн дүгнэлтийг эсэргүүцэж няцаах үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутай болохыг тогтоохыг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байх тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд Б.О хохирол төлбөрөө гаргуулах санал хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Б.Оын 1 520 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Бусад хохирлыг төлсөн байдалд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт гаргаж шийдвэрлэж өгнө үү. Түүнд ял шийтгэл, хариуцлагыг халдаан хэрэглэхдээ дараах хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Ж.Б-Э яагаад энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. Өөрийнх нь аав бусдын гарт амь насаа алдсан, уг хэрэг нь Улаанбаатар хотод шалгагдаж байгаа ба Ж.Б-Э уг гэмт хэргийг хохирогчоор тогтоогдсон. Улаанбаатар хотод байрлах 120 мянгатын 33-14 тоот аавынхаа орон сууцны өвлөгч болсон. Хойд ээж нь өвлөгч болсонд нь маргаан үүсгэж Иргэний шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Үүнтэй холбоотой баримтыг авах гэсэн боловч тухайн асуудлыг шийдвэрлэж байгаа ажилтан ээлжийн амралтаа авсан тул уг баримт ирэх боломжгүй болсон. Өөрт тохиолдсон хүнд нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэрэгт холбогдсон тухайгаа хэлсэн. Мөн үйлдсэн хэргээ үнэнч шударгаар хүлээж мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Ж.Б-Э нь 03 дугаар сараас хойш ажилгүй болсон ба төсөвт тухайн мөнгө тусгагдаагүй байна гэж удаашруулсаар 08 дугаар сарын 15-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж орох тул уг мөнгөөр хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлж байна. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэх санал хүсэлттэй байна. Ж.Б-Э төрийн албанд олон жил ажилласан, ажил хөдөлмөр, мэргэжлийнхээ хувьд сайн ажилтан байсан. Одоо ч мэргэжлийн ухаан нь хэрэгтэй байгаа тул Татварын хэлтэс хөдөлмөрийн гэрээ байгуулж 07 дугаар сарын 05-ны өдрөөс сарын 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа. Өөрийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Учир өөрийнх нь өмч хөрөнгөтэй эсэх лавлагаа, амжиргааны түвшин есөөс дээш үнэлэгдсэн, сарын цалингийн хэмжээ зэргийг харгалзан үзэж торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан. Хэдийгээр Өршөөл үзүүлэх тухай шүүгдэгчид хэрэглэх боломжтой нөхцөл байдалтай байгаа хэдий ч аль эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдлыг шүүх нэг удаа хэрэглэж болно гэж заасны дагуу ба Өшөөл үзүүлэх тухай хуульд эрх зүйн байдлыг 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг харгалзан үзнэ үү. Мөн тухайн торгуулийн ялыг тодорхой хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Оын “Ж.Б-Э нь ажлаасаа гарч ирээд машины ард суугаад утсан дээрээсээ ажлаас халагдсан хүний тушаал үзүүлээд чамайг өдөр материал өгөөд гарсны дараа энэ хүний ажлын орон тоо гараад чамд боломж гарчихлаа. Энэ хүний орон тоон дээр чамайг ажилд оруулъя. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А-рын хүүхэд өвчтэй хот явах гээд байна, таны материалыг үзүүлэхэд тохирох хүн байна гэсэн. Нэг цагийн дотор 1 сая төгрөг бэлэн болгоод миний данс руу хийчих, би Анар даргад 400 000 төгрөгийг өгөөд 600.000 төгрөгийг би өөрөө авна Нөхөр бид хоёр “Баян" гэх барьцаалаан зээлдүүлэх газарт өөрийнхөө ээмэг бөгжийг 800.000 төгрөгт тавиад эгч Мө-аас 200.000 төгрөг зээлээд Ж.Б-Энийн надад өгсөн 50 дугаартай данс руу 1 сая төгрөгийг 2021 оны 01 сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, Б.Оын ХААН банкны 500 тоот дансны хуулга, Б.Тын “2021 оны 02 сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөц ажилтан надад Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нөөцийн ажилтан Ж.Б-Этэй холбогдоорой гэж байна гэсэн. Би Ж.Б-Э-нийн 99 дугаарын утасыг хүний нөөцөөсөө аван холбогдоход Ж.Б-Э нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан. Чиний оронд нэг хүн авах гэж байгаад болилоо. Би тэр хүнд 350.000 төгрөг өгөөд чамайг ажилд авна. Чиний тушаал 2021 оны 03 сарын 01-ний өдөр гарна гэж хэлэхээр нь би гайхаж байгаад 350.000 төгрөгийг нөхөр Э.Ггийн Голомт банкны 315 данснаас Ж.Б-Энийн ХААН банкны 509 тоот данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, Э.Г-гийн Голомт банкны 3155106710 дансны дэлгэрэнгүй хуулга, Р.Б-гийн “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Б-Э над руу 99 дугаарын утаснаас залгаад Нийгмийн даатгалын хэлтэст хүрээд ир гэхээр нь очоод уулзахад миний ажлын тушаалыг гаргахад нэг хүн гуйсан байгаа. Тэр хүндээ 200.000 төгрөг өгөх хэрэгтэй байна. Та надад 400.000 төгрөг өгчих, тэгвэл ямар нэгэн асуудалгүй ажилд авлаа, сүүлийн удаа гэж хэлэхээр нь ....400.000 төгрөгийг өөрийн 527 тоот данснаас Ж.Б-Энийн 509 тоот данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, Р.Бгийн ХААН банкны 527 тоот дансны хуулга, хохирогч Х.Бгийн “Нийгмийн даатгалын хэлтэст орон тоо гарсан байгаа, Р.Бг авах боломжтой гээд машин дотор суугаад байхаар нь мөнгө хараад байгаа юм болов уу гэж бодоод охин Р.Б 200.000 төгрөг бэлнээр өгч байсан мөн 2019 оны 05 сарын 07-ны өдөр Ж.Б-Э нь 99 дугаарын утаснаас залгаад таны охин Р.Бгийн ажил бүтэж байгаа, би Дархан руу семинарт явах гэж байна, 200.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь би ХААН банкны 527 данснаасаа Ж.Б-Энийн ХААН банкны 509 тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлэн гүйлгээний утга дээр Р.Бгаас гэж бичиж байсан” гэсэн мэдүүлэг, Х.Бгийн ХААН банкны 527 тоот дансны хуулга, гэрч Б.А-ын “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Төрийн албаны хуулиар Нийгмийн даатгалын хэлтсийн сул орон тоог Орхон аймгийн Төрийн албаны зөвлөлд мэдүүлж, Орхон аймгийн Төрийн албаны зөвлөл нь ажлын байрны орон тоог төв сайт дээрээ зарлаж, сонгон шалгаруулалт явуулдаг. Шалгарсан хүний нэрийг дэвшүүлж, нэр дэвшүүлсэн хүнийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилдог. Ж.Б-Э нь манай байгууллагад ажилд орох иргэний хүсэлт, өргөдлийг хүлээн авах эрхгүй бөгөөд ажилд орох иргэний хүсэлтийг Төрийн албаны зөвлөл авч шалгалт явуулж шийддэг. Ж.Б-Э нь аймгийн Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгарсан иргэний ажилд орох тушаалын төслийг л боловсруулдаг” гэсэн мэдүүлэг, Ж.Б-Э-нийг 2017 оны 10 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Төлөвлөлт судалгаа, шинжилгээ нэрийн данс тооцоо хариуцсан мэргэжилтнээр томилсон тухай тушаал, Ж.Б-Э-гийг 2021 оны 03 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б-Э нь 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 2021 оны 03 дугаар сарын 13-ны хооронд иргэн Б.Оыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилд оруулж өгнө гэж 1 520 000 төгрөг авсан, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Тыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Орхон аймгийн даатгалын газарт шилжүүлэн ажилд авна гэж 350 000 төгрөг авсан, 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Р.Бг Нийгмийн даатгалын хэлтэст ажилд оруулж өгнө гэж 700 000 төгрөг авсан, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Х.Бг “охин Р.Бг ажилд оруулж өгнө” гэж 200 000 төгрөг авсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б-Э-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тд 350 000 төгрөг, Р.Бд 700 000 төгрөг, Х.Бд 200 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдсөн байна. Хохирогч Б.Од 1 520 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Од олгуулах нь зүйтэй.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-Э-нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-Э-нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-Эд оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-Ээс 1 520 000 /нэг сая таван зуун хорин мянган/ төгрөг гаргуулан хохирогч Б.О /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-тоот рд:Ч/-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай..
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС