Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Энхтайваны 88 тоотод оршин суух, 1963 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Боржигон овогт Дэмчигийн Хоролсүрэн /регистрийн дугаар МЗ63090201/-аас гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа, хүсэлт гаргагч Д.Хоролсүрэн нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Д.Хоролсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие 1963 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1-р төрөхөд төрсөн. Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1-р сургуульд 8-р ангиа төгссөн. Улаанбаатар Төмөр замд ажилчинаар орох хүсэлт өгч Зүүнхарааруу гэр бүлээрээ шилжиж ирсэн. Тэгээд ажиллаж байх үед миний элэг муу байсан учир арай хөнгөн ажил хийхийн тулд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Спирт бал бурам ХХК-ны талх нарийн боовны цехэд талхчинаар ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. Ажлаас гарах болсон шалтгаан нь нөхөр маань Булган аймаг руу ажлаар шилжих болсон учир ар гэрийн гачигдлын улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо би тэтгэврээ тогтоолгох гэхээр ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул Д.Хоролсүрэн намайг 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Спирт бал бурам ХХК-ны талх нарийн боовны цехэд ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Д.Хоролсүрэн нь 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Спирт бал бурам ХХК-ны талх нарийн боовны цехэд ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Төрийн архивын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаар магадлагаа, 1980 онд олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1982 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харъяа Зүүнхараа хот дахь Спирт бал бурамын комбинатын захиргааны даргын 56 дугаар тушаалын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар болон гэрчийн мэдүүлгүүд 

Гэрч А.Насанжаргалын шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1982 оны 08 сард Спирт бал бурам ХХК-ны хүнсний цехэд нарийн боовчингоор ажилд орж байсан. Намайг ажиллаад 2 сар гаран болж байхад Д.Хоролсүрэн нь тус цехэд ажилд орж байсан. Би 1992 он хүртэл тус цехдээ ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Д.Хоролсүрэн нь 1987 онд өөрийн хүсэлтээрээ ажлаасаа гарч байсан гэх мэдүүлэг

Гэрч Д.Үржинбатын шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1976 онд цэргээс халагдаж ирээд Спирт бал бурам ХХК-ны хүнсний цехэд машинчаар ажилд орсон. 1982 оноос Д.Хоролсүрэн нь тус цехэд ажилд орж байсан. Тэр үед нарийн боов, гоймонгийн цех гэж нэг том цех байсан. Би 1988 оноос ажлаа өөрчилж Гражруу жолоочоор очиход Д.Хоролсүрэн нь тус нарийн боовны цехдээ ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг

Гэрч Д.Батчулууны шүүхэд өгсөн мэдүүлэг: би 1980 онд Спирт бал бурам ХХК-ны хүнсний цехэд ажилд орсон. Намайг тус цехэд ажиллаад удаагүй байхад Д.Хоролсүрэн нь ажилд орж байсан. 1982 оноос хамт ажиллаад тасралтгүй 8, 9 жил хамт ажилласан яг хэдэн онд гарсанг сайн санахгүй байна. Бие муутай байсан тэгээд гарсан байх гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар:

Хүсэлт гаргагч Д.Хоролсүрэн нь  1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Спирт бал бурам ХХК-ны талх нарийн боовны цехэд ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч Д.Хоролсүрэнгийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Дэмчигийн Хоролсүрэнг 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Спирт бал бурам ХХК-ны талх нарийн боовны цехэд талхчинаар ажиллаж   байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Д.Хоролсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ