Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/412

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогч Д, түүний өмгөөлөгч Э, А,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.О нь “2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны гадаа иргэн Дгийн нүд рүү “химийн бодис бүхий шингэн зүйл” цацсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар            

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч А.О нь “2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны гадаа иргэн Дгийн нүд рүү “химийн бодис бүхий шингэн зүйл” цацсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохыг тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд хохирогч Д “....миний нүүр лүү шингэн зүйл цацсан....гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.О “....би өөрийгөө хамгаалж өөрт байсан санитол ариутгагчийн бодисыг цацсан, аргагүй хамгаалалт байсан...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах Аын фитнест орох гээд машинаа байрлуулах гэж байхад 000 УБТ улсын дугаартай машин зам хаагаад зогссон байсан тул би сигнал өгөхөд дотор нь хүн байсан ч хөдлөхгүй байсан. Тэгээд дахин сигнал өгөхөд нэг залуу бууж ирээд “хажуугаар зай байна, багтаад гараач пизда минь” гэж хэлээд миний машин руу нулимсан. Тэгээд би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд цаашаа зогсоол олохоор яваад 2-3 минутын дараа эргээд ирэхэд нөгөө залуу намайг отоод зогсож байсан. Тэгээд “багатаж л байгаа биз дээ пизда минь” гэхээр нь би “чи зүгээр бай, энэ бол муудаад байх шалтгаан биш” гэж хэлээд фитнес рүү орохоор явахад араас чулуу шиг юм аваад шидсэн. Би уурлаад тэр залуутай барьцалдаад авахад миний хөлийн шилбэ хэсэгт 2 удаа өшиглөсөн. Тэр үед надтай хамт явсан О гэх хүн биднийг салгаад намайг “орж бай” гэсэн. Би газарт унасан цүнхээ авах гэхэд тэр залуу миний цүнхийг өшиглөсөн бөгөөд дотор нь байсан усны сав хагарсан байсан. Би тэр залуутай муудалцаж байхад хажуугаар явсан хүмүүс “боль” гээд байхаар нь буцаж явсан. Гэтэл тэр залуу миний араас ирээд нүд рүү нэг шингэн зүйл цацчихаад яваад өгсөн. Миний нүд хэсэгтээ юм харахгүй болсон. Тэгээд тэр залуу зугтаагаад явчихсан. Өмнө нь тэр залууг харж байгаагүй, танихгүй. Миний 2 нүд битүү улайлттай, юм харахгүй. Эмнэлэгт үзүүлэхэд 60 хувийн харааны алдалттай байна гэсэн. Мөн миний хөл өвдөлттэй байгаа. Би гомдолтой байна. Тэр залууд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дгийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр тэр залуу надтай муудалцаад эргэж машин руугаа очоод нэг юм аваад баруун гартаа бариад над руу ойртоход нь би хутга авсан юм бол уу гэж бодоод жаахан зайгаа аваад ухарсан. Гэтэл миний нүд рүү шингэж зүйл цацчихаад яваад өгсөн. Би тухайн үедээ юм харж чадахгүй, Аын 00-ын өрөө ороод угаахад нүд зүгээр болохгүй байсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан бөгөөд эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгээс намайг мэргэжлийн нүдний эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд би “С” нэртэй нүдний эмнэлэгт үзүүлэхэд миний хараа 40 хувийн алдалттай байна гэсэн. Би тэр залуугаас болж 100 гаран мянган төгрөгийн төлбөрийг гаргасан. Мөн миний тухайн өдөр өмсөж явсан пиджак, пальтонд толбо үүссэн байсан. Өөрт учирсан хохирлыг барагдуулмаар байна. Мөн миний нүд цаашдаа яахыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Дгийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр миний өргөдлийг нэг цагдаад цохсон байсан. Би одоо нэрийг нь санахгүй байна. Тэр цагдаад би “камерын бичлэг шүүгээд өгөөч” гэхэд “би өөрөө шүүнэ, танд бичлэгийг өгөхгүй” гэж байсан ч одоо болтол хэрэгт камерын бичлэг байхгүй байна. Миний нүд аргаж, улайдаг болсон, салхи болон наранд явахад хүндрэлтэй байгаа. Нүдэнд сайн гэхээр нь би Энэтхэг улсаас 2 ширхэг нүдний дусаагуур захиалж авч ирүүлсэн. Нүд эмзэг учраас би нүдэндээ их санаа зовж байна. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр О ахтай хүнд юм өгөх гээд хамт явж байсан. Тэгээд арын машин сигнал дараад байхаар нь О ах машин гарах хангалттай зай гаргаж өгсөн. Гэтэл нөгөө залуучууд хажуугаар гарахдаа “муу орк пизда” гэж хэлээд машин руу нь нулимаад гарсан. Тэгээд тэр залуучууд эргэж ирээд О ахтай маргаад байсан. Удалгүй О ах машиндаа орж суусан ба “юу болсон” талаар асуухад “ах нь санитол цацчихлаа” гэж байсан. Тэр нь цайвар өнгийн савтай зүйл байсан. Тэгээд бид 2 тэр газраас хөдлөөд явсан. Машины ар хэсэгт чанга чанга дугараад “хажуугаар гараад явж болохгүй байгаа юм уу” гэх зэргээр маргаад байх шиг байсан. Би зодоон болсон талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.Оын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Дтэй хамт ажлын ойрхон байдаг фитнест бэлтгэл хийхээр очсон. Урд хэсэгт нь машин байрлуулах зай байдаг ч дүүрчихсэн байсан. Тэгээд өөр зогсоол хайхаар нарийн замаар нь явах гэхэд урд талд нэг машин зам таглаад зогсоод байсан. Д 2-3 удаа сигнал дарсан бөгөөд нөгөө машин жаахан зай гаргаж өгөхөд нь би буугаад зам зааж өгөөд машинаа гаргасан. Дгийн цонх нь онгорхой байсан тул нөгөө залуугийн машины хажуугаар гарахад тэр залуу “багтаад гарч л байгаа биз дээ, пизда минь” гээд нулимаад байх шиг байсан. Тэгээд би муудаад яах вэ гэж бодоод Дг яв гэж дохиод явуулсан. Д цаашаа байрны зогсоол хэсэг рүү явчхаад 3-4 минутын дараа ирсэн бөгөөд нөгөө залуу хүлээгээд эргэлдээд байсан. Би фитнес орох шат дээр хүлээгээд зогсож байсан. Гэтэл Дг ирэхэд нөгөө залуу муудалцаад эхэлсэн бөгөөд би барьцалдаад цохих гээд байсан. Ямар ч байсан 2 удаа өшиглөсөн. Тэгээд Д тэр залуу 2-ыг салгаад шатаар явж байхад нөгөө залуу машин руугаа гүйгээд нэг юм гартаа бариад хүрээд ирсэн. Тэр үед Д шатаар фитнес рүү орох гээд алхаж байсан. Би “чи яах гэж байна аа” гэхэд Д эргэж харсан бөгөөд нөгөө залуу нүүр хэсэгт нь нэг юм цацчихаад зугтаасан. Тэгээд би зугтаахаас нь өмнө машиных нь зургийг дарж авсан. Дгээс яаж байгаа талаар асуухад “нүд юм харахгүй байна” гэсэн. Тэр өдөр бид 2 бэлтгэлээ хийхгүй нэлээн удаан нүдийг нь зүгээр болтол хүлээсэн. Ингээд цагдаа дуудаж эмнэлэгт үзүүлсэн. Тэр залуу маш их стресстэй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 000000 дугаартай шинжээчийн “...Дгийн биед баруун, зүүн нүдний эвэрлэгийн түлэгдэл, үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн “...Ирүүлсэн дээж шинжилгээ хийхэд тэнцэж байна. 000000000 хэрэгт авагдсан Санитол гэх ямар нэгэн өнгөгүй шингэн М-а/х Д гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэнээс спиртийн агууламж илэрч байна. Хүчтэй хүчиллэг болон хүчтэй шүлтлэг агуулга илрээгүй. Илрүүлсэн дээжид бусад төрлийн шинжилгээ хийх техникийн боломжгүй. Дээрх асуултууд нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Д.З 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн шингэний хэмжээ бага байсан тул спиртийн агууламжийн хэмжээг тогтоох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Д.З 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...Шинжилгээнд ирүүлсэн шингэний хувь стандартын дагуу шинжилгээ хийсэн. Бодисын найрлагын хувьд бүрэн тодорхойлох техник тоног төхөөрөмж манай ШШҮХ-нд байхгүй учир найрлагыг бүрэн тодорхойлох боломжгүй. Хэрэглээнд байгаа Санитолд олон төрлийн химийн бодис ордог тул химийн бодистоо орно. 3, 4, 5 дугаар асуултын хувьд миний эзэмшсэн тусгай мэргэжил болоод лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй. Харин хүний их эмч буюу ШЭШГ-ийн эмчид хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ц.Н 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Химийн бодис гэдэгт спирт орно. Хүний нүдний салст бүрхүүлд цочрол өгч өрөвсөж түлэгдэнэ. Хэдий хэр хэмжээний  спиртийн зүйлээс болж цочрол өгч гэмтдэгийг тодорхойлох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ц.Н 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Шүлтлэг газ болон Санитолын аль аль нь хүний нүдэнд гэмтэл учруулах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Оын яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр би хүнд ном өгөхөөр К фитнесийн үүдэнд зогсоол байхгүй байхаар нь 20-30 секунд орчим машинаа хаана байрлуулах талаар бодож байхад ар талд нэг машин ирээд зогссон бөгөөд сигналаа дараад байсан. Тэгээд би машин багтахаар хэмжээний зай гаргаж өгөөд тээшний хэсгээс ном авахаар гарахдаа машин багтах хэсгийг харахад багтахаар байсан. Гэтэл нөгөө машины залуу “муу оркууд” гээд миний машин руу 2-3 удаа нулимсан. Тэгээд хүнд номоо өгөхөөр тамхи татаад хүлээгээд зогсож байтал нөгөө залуу ирсэн бөгөөд би “машин багтаж байхад яагаад хүний машин руу нулимаад байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу надтай маргасан. Тэгээд бид 2 муудалцаад барьцалдсан бөгөөд хамт явсан залуу нь салгасан. Нөгөө залуу цүнхээ газарт шидээд намайг цохих гэж дайрахад би бултсан бөгөөд миний чихний ар хэсэгт цохиж улайсан. Тэгээд би өөрийгөө хамгаалах зорилгоор халаасандаа байсан Санитолыг цацчихаад машиндаа суугаад яваад өгсөн. Шинжээч дүгнэлтдээ спиртийн процентыг тодорхой тусгаагүй бөгөөд би энэ ариутгагчаар гэртээ орохдоо нүүр болон гараа ариутгаад ордог. Надад түлэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор А.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 110-111 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 88 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 91 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 92-109 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.О нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны гадаа иргэн Дгийн нүд рүү “химийн бодис бүхий шингэн зүйл” цацсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Тэгээд би өөрийгөө хамгаалах зорилгоор халаасандаа байсан Санитолыг цацчихаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12541 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн  68-69 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Дгийн биед “биед баруун, зүүн нүдний эвэрлэгийн түлэгдэл, үрэвсэл бүхий” гэмтэл учирсан нь хэргийн 60-61 дэх талд авагдсан шинжээч эмчийн 12541 дугаартай дүгнэлт, мөн хэргийн 68-69 талд авагдсан “ирүүлсэн дээж шинжилгээ хийхэд тэнцэж байна. 200503421 хэрэгт авагдсан Санитол гэх ямар нэгэн өнгөгүй шингэн М-а/х Д гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэнээс спиртийн агууламж илэрч байна...” гэх дүгнэлтүүдээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч А.О нь хохирогчийн нүд рүү химийн бодис буюу гар ариутгагч цацсан үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч А.О нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 12541 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогч руу Санитол гэх бодис цацсаныгаа “аргагүй хамгаалалт” байсан гэж тайлбарлах хэдий ч “аргагүй хамгаалалт” гэх хууль зүйн ойлголт нь таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд аргагүй хамгаалалт нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийгдэнэ.

Шүүгдэгч А.Оын аргагүй хамгаалалт хийсэн гэх мэдүүлгийг дүгнэхэд хохирогч болон шүүгдэгчийн хоорондын маргаан төгсөж,  хохирогч өөрийн машиныг байрлуулж дуусаад ирэх үед шүүгдэгч дахин маргаан үүсэх магадлалтай гэж төсөөлөн өөрийгөө хамгаалж хохирогч руу Санитол гэх бодис цацсаныг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч А.Оын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” баарны гадаа иргэн Дгийн нүд рүү “химийн бодис бүхий шингэн зүйл” цацсаны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Г.Д нь хэрэгт авагдсан нотлох баримт болох 12541 дугаартай болон 91 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан ба өмгөөлөгчийн энэ хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл 12541 дугаартай болон 91 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, хуулийн шаардлага хангаж үйлдэгдсэн  байх тул дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Хохирогч Д нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол хор уршгийг нэхэмжилсэн бөгөөд /хх-20-21, 24 тал/ эдгээр нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол байх тул шүүх 182.965 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс  гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Оод ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг шүүгдэгчид  тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад 171.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “00000000 хэрэгт авагдсан Санитол гэх ямар нэгэн өнгөгүй шингэн М-а/х Д гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн”  хураагдсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Оыг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Ооос 182.965 төгрөг гаргуулж хохирогч Дгийн эмчилгээний зардалд олгосугай.

 

5. Хохирогч Д нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “0000 хэрэгт авагдсан Санитол гэх ямар нэгэн өнгөгүй шингэн М-а/х Д гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн”-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ