Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/422

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

улсын яллагч: М.Анхбаяр,

шүүгдэгч: М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М холбогдох эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч М нь “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын орчим 00 улсын дугаартай С загварын тээврийн хэрэгсэл дотор иргэн Б ЛЖ Жи-3 загварын гар утас, 10.000 төгрөгийг цагдаагийн алба хаагч байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авч 197.300 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М нь “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын орчим 00 улсын дугаартай С загварын тээврийн хэрэгсэл дотор иргэн Б ЛЖ Жи-3 загварын гар утас, 10.000 төгрөгийг цагдаагийн алба хаагч байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авч 197.300 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 16-ны орой найзуудтайгаа Бичил хорооллын “О” интернэт тоглоомын газарт тоглож байгаад шөнийн 01 цагийн үед харихаар Н дэлгүүрийн хажуу талын Э-ын замаар дээшээ өгсөөд явж байхад 50-09 УБ гэсэн улсын дугаартай С загварын машин ирж зогсоод цонхоо онгойлгосон ба дотроос нь 20 орчим насны нэг эрэгтэй хүн “цагдаа байна суучих” гэсэн. Тэгээд би хойд талын суудалд нь суухад 3 эрэгтэй хүн байсан ба жолоо барьж явсан хүн “чи шагийн архи зардаг хүн үү, наадхаа нэгжээдэх” гэж миний хажууд сууж явсан хүнд хэлсэн. Тэгээд эд зүйлээ гарга гэхээр нь би халаасандаа байсан 10.000 төгрөгийг, чихэвч, ЛЖ Жи-3 загварын утасны хамт гаргасан. Тэгээд жолоо барьж явсан хүн миний эд зүйлийг авчих гээд “чамайг сая авсан газартаа буулгана, би цагдаагийн ахлах мөрдөгч байна. Шагийн архи зардаг хүмүүсийг барьж байгаа. Эргүүл хийж байгаад эргээд очно, хүлээж байгаарай” гэж хэлээд намайг буулгасан. Би тэнд бараг 2 цаг орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь гэртээ очиж аавынхаа утсаар цагдаа дуудсан. Жолоо барьж байсан хүн өргөн шанаатай 173-175 см өндөртэй болов уу, өргөн хөмсөгтэй, надаас 4-5 насаар ах болов уу гэмээр өндөр хамар, жижиг үстэй хүн байсан. Хажуу талын эрэгтэй харвал таних ч гэлээ яг содон шинж тэмдгийг нь санахгүй байна. Харин жолоочийн нөгөө талд сууж явсан хүнийг сайн харж чадаагүй. Би алдсан утсаа 180.000 төгрөгөөр авч байсан. Тэр үнээр нь үнэлнэ. Би алдсан зүйлээ нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-87 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...М гэх залуу надаас “архи байна уу” гэж асуухад нь би “байна” гэсэн. Тэгээд “суучих” гэхэд нь машинд нь суусан. Тэгэхэд машинд нь нийт 3 хүн байсан ба суусны дараа М надад “би цагдаа байна биедээ байгаа эд зүйлээ гаргаад ир” гэсэн. Тэгээд би гар утас, бэлэн 10.000 төгрөг болон 2 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архиа өгсөн. Тэгээд намайг буулгаад “би эргүүл хийж байгаад эргээд ирнэ байж байгаарай” гэсэн. Би 2 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь гэртээ хариад маргааш нь цагдаад гомдол гаргасан. Надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн болон дарамталсан зүйл байхгүй. “биедээ байгаа зүйлээ гаргаад ир” гэж нэг л удаа хэлсэн. Өөрийгөө мөн цагдаагийн ахлан мөрдөгч гэсэн. Машины урд талд нь цагдаагийн хантааз байсан болохоор би итгэсэн. М нь надад 150.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул би ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед би анх удаа дэлгүүрээс архи аваад 1 шил архийг 20.000 төгрөгөөр зарж үзэх гээд явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249-250 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би “Т” дэлгүүрийн ойролцоо архи шаглаж зарж байсан. Б гэх залууг ээжтэйгээ архи шаглаж байгаад дээрэмдүүлсэн гэж сонссон. Мын хувьд зүс танина. Тэр өдөр 50-09 улсын дугаартай С загварын автомашинтай явж байсан. Тэгээд “Т” дэлгүүрийн ойролцоо байхад ирээд “хямдхан архи байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэж хэлэхэд “өөр архи зарж байгаа хүн байна уу” гэсэн. Би “дэр дээр нэг шинэ шагчин хүүхэд ирсэн байсан, түүнээс асуу” гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш тааралдаагүй. дээрэмдүүлсэн гэж сонсоод М руу залгаад “чи яагаад хүүхдийн утас авчихсан юм бэ, наадах чинь одоо дээрмийн хэрэг боллоо, өгөөч ээ” гэхэд олигтой юм хэлээгүй утсаа салгасан. Дахин холбоо бариагүй. Бийн ээжээс энэ талаар сонссон бөгөөд нэр, цолоо хэлээд юмыг нь аваад цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээрэй гэж хэлээд явсан гэсэн. Ээж нь хэлэхдээ 3-лаа байсан гэсэн. Энэ хавьд тийм нэртэй цагдаа байдаг уу гэж асуугаад байсан. Б гээд байгаа хүүхдийн ээжийг Хаянхярваа гэдэг 40 гаран насны намхан, туранхай, бордуу эгч байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Б.Тий гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз О-той 1 дүгээр хороололд жаахан архи уучихсан явж байгаад М-ийн ахтай таарсан. Тэгээд “уух уу” гэхэд нь дагаад машинд нь суусан. Бид 3 Өргөө кино театрын тэр хавьд явж байтал М ах цонхоо онгойлгоод нэг хүнийг дуудаад “цагдаа байна” гэхэд нөгөө хүн нь 2 шил архи өгсөн. Тэгээд цаашаа яваад нэг шил архийг нь бид 2-т өгсөн бөгөөд түүнийгээ уугаад би тасарчихсан. Би тухайн үед Мөөгийн ахыг тэгнэ гэж огт бодоогүй. Машиных нь урд талд цагдаагийн цар өнгийн хантаас, дохиур 2 байсан болохоор нөгөө хүн итгэсэн байх. Би өгсөн зүйлийг нь л авсан. Отгоноо одоо 409 дүгээр хорих ангид хулгайн хэргээр 8 сарын хорих ял аваад хоригдчихсон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз Т, М нарын хамт Мын машинтай Өргөөгийн тэр хавиар явж байтал М “архи уух уу” гээд замдаа явж байгаад нэг залууг дуудаж зогсоосон. Тэгээд тэр залуугаас “архи байна уу” гэхэд нөгөөх нь “байна” гээд машинд арын суудалд суусан. Тухайн үед би арын суудалд М машин бариад, Т хажуугийнх нь суудалд сууж байсан. Тэгээд тэр залууг машинд суусны дараа М “цагдаа байна, эргүүл хийж явна, биедээ байгаа эд зүйлээ гаргаад ир” гэсэн. Тэгтэл тэр залуу 2 шил архи, 10.000 төгрөг, утасны хамт өгсөн. Тэднийг бүгдийг нь М авсан. Тэгээд удалгүй манай найз охин Э ирээд намайг авсан ба тэр үед шөнийн 2 цаг орчим болж байсан. Би Мыг яагаад тэгээд байгаа юм бол гэж гайхаад хажуугаас нь хараад сууж байсан. Тэр залууг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр залуу ч гэсэн Мыг цагдаа гэж бодоод хамаг юм аа гаргаад өгсөн. Тэгээд тэр залууг буулгаад эргээд ирнэ гэж хэлээд явсан. Би болон Т бид 2 насанд хүрээгүй байсан болохоор хажуугаас нь юу ч дугараагүй, гайхаад хараад суусан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-3 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд таньж оруулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би өөрийн 00 улсын дугаартай С загварын авто машинтайгаа явж байгаад Хот тохижилтын гэрэлтдэг хантааз үзүүлэн Бд өөрийгөө “цагдаагийн ахлах мөрдөгч байна” гэж итгүүлээд хуурч түүнээс ЛЖ ЖИ-3 загварын гар утас, 10.000 төгрөг, 2 шил 0,75 литрийн “Экс” нэртэй архийг нь авсан. Тухайн үед мөнгө олох зорилгоор авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Надад өөр шалгагдаж байгаа гэмт хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дахин яллагдагчаар өгсөн “...Тухайн үед Отгонболд, Т 2 хамт явсан ба тэр 2 зүгээр хараад сууж байсан. Учир нь намайг яах гэж байгаа талаар тэр 2 огт мэдээгүй. Бээс авсан архинуудаа уусан. Харин утсыг нь зарчихсан. Шүүх хуралдааны үеэр шүүгч тэнсэн харгалзах ял дууссан уу гэж асуусан. Тухайн үед сандраад энэ талаар олигтой юм хэлж чадаагүй. Надад тэнсэн харгалзах ял байхгүй, ялын хугацаа дууссан. Би 2018 оны 06 дугаар сард БНХАУ-ын Женин хот руу аялж байгаад 7 дугаар сард нь ирсэн. Хэрэв би тэнсэн харгалзах ялтай байсан бол хилээр гарах боломжгүй байх байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 202 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 144, 151 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 145, 150, 153 тал/, түүний эх Х.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 146 тал/, Оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 149 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 152 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 182, 186 тал/, Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /1-р хх-ийн 183-184 тал/,  Цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 211-219 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч...”  гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч М нь хохирогч Бд “цагдаагийн алба хаагч байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнд 197.300 төгрөгийн хохирол учруулсан” болох хохирогчийн болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч М гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Мыг  2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” зочид буудлын орчим 00 улсын дугаартай С загварын тээврийн хэрэгсэл дотор иргэн Б ЛЖ Жи-3 загварын гар утас, 10.000 төгрөгийг цагдаагийн алба хаагч байна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авч 197.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Бд гэмт хэргийн улмаас 197.300 төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид “150.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, ямар нэгэн гомдол саналгүй” /1-р хх-ийн 249-250 тал/ гэх мэдүүлгийг хохирогч өгсөн байх тул хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Мад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Мад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Мад тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авч Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 2.000 /хоёр мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                     Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих