Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/424

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэбилэг,

Хохирогч Б өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ад  холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь “2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б нь Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хорооллын баруун талд худалдааны төв рүү орох зорилгоор 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 000 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг зогсоол байрлуулах үед Б.Атай маргалдсаны улмаас Б.А нь хохирогч Бийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б.А нь “2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б нь Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын баруун талд худалдааны төв рүү орох зорилгоор 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 000 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг зогсоол байрлуулах үед Б.Атай маргалдсаны улмаас Б.А нь хохирогч Бийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б хохирогчоор өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хорооллын баруун талын худалдааны төв орох зорилгоор машинаа байрлуулах гээд зогсоол хайж байтал тул байрны хажуугийн зогсоолоос нэг машин гараад явсан. Тэгээд би тэр машины оронд машинаа байрлуулахаар хөдлөхөд урд нь байсан машин ухарсан. Тэгэхээр нь би “та жаахан урагшилж бай би машинаа тавиад дэлгүүр ороод гараад ирье” гэхэд тэр жолооч “наадах чинь чиний зогсоол биш, бид нар энд зогсдог. Машинаа аваад зайл” гэсэн. Тэгэхээр нь би “би энд таксинд явахгүй ээ, дэлгүүр орчхоод хурдан гараад ирнэ” гэхэд “зайл” гээд байсан. Тэгэхээр нь би тоохгүй машинаа байрлуулаад дэлгүүр рүү алхаад явж байтал нэг жолооч нь “хөөе машинаа аваад зайл гэж хэлсэн биз дээ” гэсэн. Би хариуд нь “чадахгүй” гэхэд гүйж ирээд миний нүүр хэсэгт мөргөсөн. Миний нүүрнээс цус гарсан бөгөөд дахин миний эрүү хэсэгт 1 удаа цохиж, 2-3 удаа өшиглөсөн. Ингээд би цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр таксины жолооч нар  зогсож хүн авдаг газарт нэг танихгүй залуу машинтайгаа ирээд зогсчихсон хойшоо ухраад байсан. Би тэр залууд хандаж “энд хүмүүс таксинд явдаг юм, би эндээс өөр газарт очоод зогсчих” гэхэд тар залуу амандаа үглэж байгаад машинаа цоожлоод буусан. Тэгэхэд нь дахиад хэлтэл “хөгшин төгцөг минь чамд хамаагүй” гэсэн. Гэтэл А мөн тэр хавьд зогсдог нэг жолооч 2 тэр залуугийн араас алхаад “энд машинаа тавьж болохгүй ээ” гээд хэлээд байсан. Би машинаа цоожлоод эргэж харах хооронд хүмүүс орилолдоод байхаар нь эргээд харахад Батцэнгэлийн хамраас цус гарсан байсан. Яг юу болсон талаар би сайн харж чадаагүй, бас юу гэж маргасан талаар сонсоогүй. Үйл явдал их хурдан болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгдэгч Б.Ан биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00000 дугаартай “...Б биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ан яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр миний арын машин гэнэт зогсохлоор нь толиндоо харахад таксины зогсоолд зогсдог жолооч залуу нэг танихгүй залуутай маргаад байсан. Буугаад харахад тэр залуу машинаа урсгал сөрүүлээд хөндлөн байрлуулчихсан маргаж байхаар нь би “машинаа зөв байрлуулаач ээ” гэхэд тэр залуу “би та нар шиг юмнуудаар залгахгүй” гэж хэлээд цаашаа алхсан. Тэгэхээр нь би араас нь очоод машинаа зөв байрлуулаач ээ гэхэд миний урд талаас нүүр рүү нүүр ээ тулгаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний нүүр хэсэгт самардах шиг болохоор нь би сандраад нэг цохичихсон. Гэтэл тэр залуу доошоо тонгойгоод хамраа дараад “та нар буруу хүнээрээ оролдлоо доо, би та нарыг гөлөг болгоно” гээд байсан. Тэр залуу анх машинаа буруу байрлуулснаас болж маргаан гарсан. Эхлээд өөр жолоочтой маргаж байгаад дараа нь надтай маргасан.  Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ан хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 45 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Б.А нь “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.А холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Бийг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3174 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3174 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай  давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 3174 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ан  “2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б нь Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Б хорооллын баруун талд худалдааны төв рүү орох зорилгоор 11 цагийн үед өөрийн эзэмшлийн 000 улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг зогсоол байрлуулах үед Б.Атай маргалдсаны улмаас Б.А нь хохирогч Бийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 155.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс уг төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э эрүүгийн хариуцлагын саналдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргасан ба шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчийн гомдолтой байдал зэргийг дүгнээд шүүгдэгчийг ялаас чөлөөлөх хуулийн үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг   450/ дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга  /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Агаас 155.000 /нэг зуун тавин таван мянга / төгрөгийг гаргуулж хохирогч Б эмчилгээний зардалд олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.Ад нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 155.000 төгрөгийн төлбөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ