Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр  хөтлөн,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

Хохирогч: Г, түүний өмгөөлөгч Д /ҮД-2634/,

Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн /ҮД-2218/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Мягмарсүрэнгийн Мт  холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б дүүргийн 0 нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадаа байсан хашааг буулгасан гэх шалтгаанаар “Б” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Гтай маргалдаж хөлөөрөө өшиглөн, үснээс нь үсдэн тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ нь дэх цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч М нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б дүүргийн 0 нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны гадаа байсан хашааг буулгасан гэх шалтгаанаар “Б” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Гтай маргалдаж хөлөөрөө өшиглөн, үснээс нь үсдэн тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ нь дэх цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мын “… хөнгөн гэмтэл учруулсныг  хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д “... гомдолтой байна...” гэх тайлбар,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн шинжлэн судлуулсан:

Г гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-13 тал, 39-40 тал/,

Гэрч Т мэдүүлэг /1хх-14 тал/,

Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-14-15 тал/,

Гэрч О мэдүүлэг /1хх-43-44 тал/,

Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-83 тал, 88 тал/,

7 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-95-97 тал/,

Г хохирогчоор  өгсөн мэдүүлэг /1хх-106 тал/

Мыг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-115-116 тал/,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-131 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /1хх-172-174 тал/,

Яллагдагч Ггаас авсан мэдүүлэг /1хх-179-181 тал/,

Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-183 тал/,

Мын гаргасан тодорхойлолт /1хх-211 тал/,

Гд хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1хх-248 тал/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /1хх-250 тал/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2хх-1 тал/,

Мт яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /2хх-12 тал/,

БГД-ийн Прокурорын газрын 000 дугаартай, 0000 дугаартай тоот /2хх-13 тал, 19 тал/,

Мын гомдол /2хх-21 тал/

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ггийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай СӨХ дээр хорооноос мэдэгдэл ирсэнтэй холбогдуулан байрны СӨХ-ийн 2 ажилтан Д, Т нарын хамт манай байрны гадаа хашаанд хог овоорсон байсан тул тус газрын хашааг буулгаж цэвэрлээд бараг 7 хоног болсон. Гэтэл уг хашааг барьсан гэх М орой 19 цагийн үед ирээд байрны нөгөө талаас надад хандаад “энэ хашааг яах гэж  буулгаж байгаа юм бэ” гээд орилоод байсан би хариуд нь “Засаг даргын тамгын газраас мэдэгдэл ирсэн байна, энэ нь ойр орчмын 50 метрт ариутгал хийж цэвэрлэ гээд байна” гэж хэлсэн. Гэтэл чимээгүй болчихсон. Би гэр лүүгээ орох гээд явж байсан чинь үүдэнд нэг хог байхаар нь аваад бункерт хийх гээд явж байхад М гүйж хүрч ирээд намайг гараараа үсдээд чирээд шатнаас буулгасан. Тэгж зууралдаж явсаар байгаад хэсэг машин дунд орсон бөгөөд тэндээ газар унагаагаад бос гээд хэвлий хажуу бөөр лүү өшиглөөд байсан. Тэгээд намайг гараараа зуурсан байсан. Манай байрны 1 дүгээр орцноос 2 хүүхэд гарч ирээд  боль, хүн хараад байна гээд байсан. Тэгээд нөгөө 2 хүүхэд салгасан. Хэрэг маргааныг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-109 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мын хохирогчоор өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр би гэртээ байж байхад СӨХ-ны дарга Г орж ирсэн. Тэгээд танай контейнерын  хажуугаар хог шаваад хүүхдүүд шатаагаад байна гэсэн. Тэгээд би гар гэж хэлээд гэрээсээ гаргахад надтай жаахан маргалдаад миний цээж рүү тохойгоороо тохиолдсон. Тэгээд би чамд цохиуллаа одоо болов уу гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Удаагүй хүнд юм авч өгөхөөр контейнерт очиход манай контейнерын хажуугийн хашаа байхгүй байсан. Би хашаа яасан гэж Ггаас асуухад “чи үхэх гэж байх наадхаараа яах гээд байгаа юм бэ, юугаа барих гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би “ямар дураараа новш вэ” гэж хэлээд байр тойрч очоод үснээс нь зулгаагаад татсан. Гэтэл миний гарыг тавиулах гээд зууралдаад байсан. Гг унахад би давхралдаж унаад хөл нь дөө гэмтэл авсан. Мөн намайг өшиглөсөн. Дараа нь намайг уучлаарай гэж хэлээд намайг босгосон. Г ер нь дав руу, дээрэлхүү зантай хүн. Миний нэр дээр байдаг лифтний хажуу талын жижиг өрөөг онгойлгож ороод дотор нь байсан юмыг алдаж намайг 4 сая төгрөгөөр хохироож байсан. Үүнийгээ төлнө гэж хэлж байсан. Мөн тэр өрөөг янзлаад хүнд түрээсэлсэн байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Тэр хашааг би анх 3 сая төгрөгөөр босгосон. Би тэр хохирлоо гаргуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-120 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ггийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дахин хохирогчоор өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж яриад байх зүйл байхгүй. Өмнөх мэдүүлгээрээ үнэн зөв мэдүүлсэн. Намайг хэрэг гарсан өглөө гэрт нь орсон гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Миний үснээс зулгаахад нь үсээ зумруулахгүйн тулд гартай нь хамт атгасан. Дүү нар нь ирээд салгаад гэр рүүгээ аваад орсон. Би ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Хэрэг маргааныг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Я н гэрчээр өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны үдээс хойш 17 цагийн үед Б дүүргийн 0 тоотод гэртээ юм хийгээд сууж байхад гадаа хүмүүс хашхираад байхаар нь би цонхоороо харсан чинь манай байрны оршин суугч М манай байрны СӨХ-ийн дарга Гг дээш харуулаад нэг гараараа үсдээд нөгөө гараараа пиджакийн мөр орчмоос нь бариад толгойгоор нь жаахан өргөсөн хагас суулгасан байдалтай миний хашааг нураалаа гээд уурлаад байсан. Энэ үйл явдал ойролцоогоор 4 минут орчим болоод больсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т гэрчээр өгсөн: “...М гэх хүн ирээд миний хашааг буулгалаа гээд чулуу мод шидээд байсан. ...М хашаа тойроод араас нь ирээд шууд үснээс нь зулгаагаад нөгөө буулгаж байсан хашааны зүг буюу байрны баруун тал рүу чирсэн. Тэгээд зодоод байсан. Энэ үед Г дарга гараас нь салгах гээд байсан бөгөөд “намайг тавиач битгий ингэ л дээ” гээд байсан. Харин өөдөөс нь огт цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О гэрчээр өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байхад Мөнх-Оргил гэх дүү маань гадаа хүмүүс хэрэлдээд байна гээд цонхоор харж байснаа “манай эгч М байна хурдан гаръя” гэж хэлсэн. Манай гэр 2 давхарт байдаг болохоор маш хурдан гарсан. Намайг дүүгийн хамт очиход манай эгч нэг эмэгтэйг үснээс нь зуурсан байдалтай нөгөө хүн гараас нь зуурсан байдалтай байсан Мандах эгч бол өөрөө гараа тавьсан. Тэгээд салгах гэж би гараас нь татсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгийн  М өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-нд намайг гэрийн тагт нь дээр юм хийж байхад гадаа хүн маргаж байгаа чимээ гарсан би юу болоод байгаа талаар тодруулах гээд хартал манай эгч М нэг үл таних хүнтэй зууралдаад байгааг харсан гэрт манай хүргэн ах О ирсэн байсан тул ахыг “гараад хамт салгая” гэж хэлсэн. Тэгээд манай гэр 2 давхарт байдаг тул маш хурдан гүйж гарсан. Намайг яваад очих үед тэр 2 нэг нэгнээ заамдсан байдалтай байсан. Тэгээд бид 2 Мандах эгч болон нөгөө танихгүй эгч нарыг салгах гэтэл М эгч гараа тавьсан чинь нөгөө эгч энгэрээс нь зуураад тавихгүй байсан. Тэгж байгаад нөгөө эгчийн гарын хурууг хүчээр тэнийлгэн салгасан. Энэ үед М эгч нэлээд хямраад байхаар нь түшээд орц руу оруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б гэрчээр өгсөн: “...Намайг орой нэгдсэн эргүүлд гарах гээд өрөөндөө сууж байхад нэг үл таних манай хорооны оршин суугч СӨХ-ийн дарга гэх эмэгтэй орж ирээд “намайг манай байрны нэг эмэгтэй гар хүрч цохилоо” гэх гомдол мэдүүлж ирсэн. Энэ талаар сонсоод сууж байхад гар утас нь дуугарч дуудлага ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэй утсаа аваад нөгөө хүнтэйгээ маргаан хийгээд байсан . Гар утсаа спикер дээр нь тавихад хэрүүл маргаан хийгээд хараалын үг хэлээд байгаа сонсогдож байсан. Яг юун тухай хэлээд маргаад байгаа талаар сайн ойлгоогүй тул би “та наад яриаг нь бичлэг болгож аваад гомдлоо албан ёсоор гаргаж өг, тэгээд цохолтоор авсан байцаагчид нь наад бичлэгээ өгөөрэй” гэж хэлээд би эргүүлийн үүрэг авахаар цагдаагийн хэлтэс орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шаланд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б дүүргийн 0 нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны гадаа талбай харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-57 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 00000 дугаартай “...Ггийн биед баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, дагзны баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 70-71 тал/,

 

“Б” эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Ггийн цээжний хөндийн эрхтний тодосгогч бодисгүй КТ-ийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 79 тал/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0000 дугаартай “...Мын биед баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн гарын шуу, цээжинд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан өдөр үүсэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-93 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 0 дугаартай “...Шинжээч эмч Ч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 0 тоот дүгнэлтэд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Н эмнэлгийн толгой КТГ-ийн шинжилгээний хариуг тусгасан байна. Харин 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б эмнэлгийн цээжний КТГ-ийн шинжилгээний хариу нь дүгнэлт гаргаснаас хойш хийгдсэн шинжилгээ байх бөгөөд уг шинжилгээний хариуд баруун талын 9, 10 дугаар хавирганууд зөрүүгүй хугаралтай гэсэн байна. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б” эмнэлгийн цээжний КТГ-ийн зургийг дүрс оношилгооны эмчээр дахин уншуулахад яснуудад гэмтлийн өөрчлөлтгүй гэсэн тул баруун талын 9, 10 дугаар хавирганд хугарал тогтоогдохгүй байна. Иймд Ггийн биед учирсан гэмтлийн зэрэг нь өөрчлөгдөхгүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 84-86 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 7 дугаартай “...Мын баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг, зүүн гарын шуу, цээжинд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ буюу нэг нэгээрээ биеийн нийт гадаргын 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй бөгөөд мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. М гэх хүний цээжинд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мын биед учирсан гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 95-97 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 000 дугаартай “...ШШҮХ-ийн 000 дугаартай дүгнэлт болон ШШҮХ-ийн 00000 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Ггийн биед учирсан тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэ нь дэх цус хуралт зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл байна.  Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б дүүргийн “Ө” эмнэлгийн КТ-н кабинетийн КТГ-н хариунд 9, 10-р хавирганууд зөрөөгүй хугаралтай гэсэн нь КТГ-н зургаар батлагдахгүй байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 88-91 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ггийн яллагдагчаар өгсөн “...СӨХ-д хорооноос ирсэн мэдэгдлийн дагуу тухайн хашаанд засвар хийж цэвэрлэгээ хий гэсэн. 10 орчим хоног цэвэрлэгээ, засвар хийгдээд дуусаж байсан. Би Мыг “үхэх гэж байж наад хашаагаараа яах гээд байгаа юм” гэж хэлсэн удаа байхгүй. Энэ хүн өөрөө их танхай. Манай байрнаас энэ хүнд олон хүн зодуулж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 179-181 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны орой миний эзэмшлийн байрны хажуугийн хашааг манай байрны СӨХ-ийн дарга Г болон хэдэн хүмүүс буулгаад дотор нь юм хийгээд байгаа харагдсан тэгэхээр нь би байшингийн баруун талд байж байгаад Гд хандан “чи наанаа юу хийгээд байгаа юм, хэн хашаа нураа гэж хэлсэн юм” гэж асуусан. Гэтэл “одоо үхэх гэж байж чи энэ газраар яах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь би арай үхээгүй байна гээд байр тойроод яваад очих гэтэл Г орц руу орох гээд явж байсан. Үсээ задгай тавьсан байхаар нь үснээс нь атгаад дугтраад шатаар буугаад нурааж байсан хашаа руу явж байхад Г өндөр өсгийтэй гутал өмссөн байсан тул өсгий нь тээглээд газар унасан энэ үед би мөн давхарлалдаад газар унасан. Тэгээд бид хоёр тэндээ нэг нэгнээ зуураад байж байхад манай дүү Мөнх-Оргил, Оюунболд нар ирсэн. Би тогтоолтой танилцсан бөгөөд энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-209 тал/,

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрэл зургуудын хуулбар

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 212 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 214 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 215 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 216 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 217-218 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 219 тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 222-233 тал/   зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч М “…хөнгөн гэмтэл учруулсан, хүлээн зөвшөөрч байна, хохирлыг баримтад тулгуурлан төлнө…” гэж,

Хохирогч “…гомдолтой байна...” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч Д “...улсын яллагчийн 1.941.000 төгрөгийг төлүүлэх саналыг дэмжиж байна...” гэж мэтгэлцэж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Мт холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч нь хохирогч Гтай маргалдаж улмаар түүнийг биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэ нь дэх цус хуралт, зулгаралт” гэмтэл учруулсан болох нь хэргийн 88-91 дахь талд авагдсан шинжээч эмчийн 834 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг, хохирогч, гэрч нарын  мэдүүлгээр  нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 834 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь  цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 0000000 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 000  дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Мын  “2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б дүүргийн 0 нутаг дэвсгэрт байрлах 0 дүгээр байрны гадаа байсан хашааг буулгасан гэх шалтгаанаар Б сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Гтай маргалдаж хөлөөрөө өшиглөн, үснээс нь үсдэн тархины доргилт, баруун чамархайн хуйх, баруун зүүн өвдөг, зүүн шилбэ нь дэх цус хуралт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцуулах, шүүгдэгчийн гомдол гаргах эрх болон хэргийн материалтай танилцах эрхийг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах саналтайгаар  тайлбар хийж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчийн гомдол гаргах эрх болон хэргийн материалтай танилцах эрхийг зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлүүд тогтоогдоогүй мөн түүнчлэн 07 дугаартай прокурорын “зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон” тогтоол хууль зүйн үндэслэлтэй үйлдэгдсэн гэж дүгнэсэн тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн субьектив шинжийг агуулсан байх ёстой ба Ггийн шүүгдэгч Мт учруулсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн дайралтын улмаас түүнийг эсэргүүцэх үедээ болгоомжгүйгээр учруулсан байх тул Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаагүй гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Гд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 1.941.000 /нэг сая есөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнээд хохирогч Ггийн толгой  болон цээжний зураг авхуулсан 120.000 төгрөг болон 130.000 төгрөгийн баримтыг үнэлж,   шүүгдэгч Маас 250.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч нь түүнд учирсан хөнгөн гэмтэлд зарцуулсан гэх 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн эм бэлдмэлийн 776.000 төгрөгийн баримт, 2020 оны 07 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн эм бэлдмэлийн 915.000 төгрөгийн баримтыг гаргаж хохирол төлбөрт тооцуулахаар нэхэмжилсэн ба шүүхээс энэ хоёр баримтад дурдагдсан 1.691.000 төгрөгийн эм бэлдмэлийг гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорд зориулагдсан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Тодруулбал, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан ба хөнгөн гэмтэл нь эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямралыг гэмтэл авснаас хойш дөрвөн долоо хоног хүртэл сарниулах, өөрөөр хэлбэл хөнгөн гэмтэл нь 28 хоногийн хугацаанд бүрэн эдгэх боломжтой.

 

Шүүгдэгч М нь хохирогчид учруулсан хөнгөн гэмтлийг 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр учруулсан бөгөөд хохирогч Ггийн шүүхэд ирүүлсэн 1.691.000 төгрөгийн эм бэлдмэлийн баримт нь 2020 оны 07 дугаар сард үйлдэгдсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маас  250.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Ггийн нэхэмжилсэн 1.691.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж болон хохирогч шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзсэн болохыг тэмдэглэж байна.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/ таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

3. Шүүгдэгч М нь шүүхээс оногдуулсан торгох  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Маас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Гд олгосугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ