Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Барилгын 40 айлын 5-4 тоотод оршин суух, 1962 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Боржигон овогт Жамцын Туул /регистрийн дугаар МЗ62102902/-аас   гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа, хүсэлт гаргагч Ж.Туул нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Туул нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие 1962 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотод төрсөн. Би 1982 онд Зүүнхараа хотын аптект ажиллаж байгаад 1983 оны 07 дугаар сарын 03-наас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой агнуурын аж ахуйн ойн үржүүлгэд ойжуулагч хийж байсан. Ингээд өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй ба Ой агнуурын архив шатсаны улмаас нотлох баримтгүй болоод байна. Иймээс энэхүү аргагүй байдлуудыг харгалзан үзэж 1983 оны 07 дугаар сарын 03-наас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой агнуурын аж ахуйн ойн үржүүлгэд ойжуулагчаар ажиллаж байсан 04 жил 07 хоног ажилласан хугацааг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Туул нь 1983 оны 07 дугаар сарын 03-наас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ой агнуурын аж ахуйн ойн үржүүлгэд ойжуулагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1983 онд олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар архивын  2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 61 дугаартай тодорхойлолт, үнэмлэхний хуулбар болон гэрчийн мэдүүлгүүд 

Гэрч Ю.Нэрэндаваагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1983 оноос Зүүнхараагийн ой аж ахуйд боловсон хүчинээр ажиллаж байхад Ж.Туул нь 1983 онд ойжуулагчаар ажилд орж байсан. 1987 он хүртэл ажиллаж байгаад гараад Төмөр замын байгууллагаруу шилжсэн байх. Би 1992 он хүртэл Ой аж ахуйд ажилласан гэх мэдүүлэг

Гэрч Л.Төмөрхуягын шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1965 оны 08 дугаар сард Зүүнхараагийн ой аж ахуйд хуваарилагдан ирсэн. Тэр үед ой анги гэж байсан. Тус ой ангид тасгийн даргаар ажиллаж байсан.  1967 оноос мод үржүүлэгийн техникчээр ажилласан. 2002 оны үед ой анги тарах хүртэл ажилласан. Туултай хэдэн онд ажиллаж байсанаа санахгүй байна. Мод бэлтгэлийн аж ахуй ой аж ахуй 2 нэгдэхэд Туул нь манай дээр хэсэг ажиллаж байсан. Ойжуулагчаар ирж хэсэг ажиллаж байсанг мэдэж байна гэх мэдүүлэг

Гэрч С.Баярмагнайгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1976 онд Сэлэнгэ аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн ойжуулалтын ангийг төгсч ирээд Зүүнхараагийн ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажилд орсон. Ойжуулагчаар 1995 он хүртэл тасралтгүй ажилласан. намайг ажиллаж байхад 1983 онд Ж.Туул нь ойжуулагчаар ажилд орж байсан. 1987 он хүртэл ажиллаад ажлаасаа гарсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар:

Хүсэлт гаргагч Ж.Туул нь  1983 оны 07 дугаар сарын 03-наас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч Ж.Туулын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Жамцын Туул нь 1983 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Зүүнхараа хотын Ой агнуурын аж ахуйд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Ж.Туулаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                            

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ