Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1962 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 18 тоотод оршин суух, Сартуул овогт Лхүндэвийн Энхмагнай /РД:МЗ62030601, утас-99397850/-гаас гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Ариунсайхан, хүсэлт гаргагч Л.Энхмагнай нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Л.Энхмагнай нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ... Лхүндэвийн Энхмагнай миний бие 1979 онд Нийтийн ахуй үйлчилгээниий Техник мэргэжлийн сургуульд орж суралцаад 1980 онд төгсөн. 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын тухайн үед Зүүнхараагийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчиноор орж ажилласан. Ингээд 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ажиллаад Зүүнхараагийн Нийтийн ахуй үйлчилгээ хувьчлагдаж ажилгүй болсон. Иймээс 1981 оны 06 дугаар сарын 01-ээс 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 9 жил 04 сар ажилласан  байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловчажилд орсон, ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа тул энэ хооронд ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Л.Энхмагнай нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл Зүүнхараа хотын  Нийтийн ахуй үйлчилгээнийн камбинатад  оёдолчноор  ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан  бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд: Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар архивын  2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Зүүнхараа хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр ээлжийн амралт олгох тухай тушаал, 1986 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр ээлжийн амралт олгох тухай тушаал, 1982, 1983, 1984 онуудад  хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд болон гэрчийн мэдүүлгүүд 

Гэрч Д.Нямсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1974 онд Зүүнхараагийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчингоор ажилд орж байсан. Л.Энхмагнай нь 1981 онд тус нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчингоор ажилд орж байсан. Нийтийн ахуй үйлчилгээ нь 1991 оны үед хувьчлагдаж бид тарж тус тусдаа хувиараа оёдолын цех байгуулан ажилласан. Л.Энхмагнайтай 1981-1991 он хүртэл Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор, 1991 оноос хамт нэг оёдлын цехэд өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна гэх мэдүүлэг

Гэрч Л.Гаажаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1971 онд Зүүнхараагийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор орж ажиллаж байхад Л.Энхмагнай нь 1981 онд Нийтийн ахуй үйлчилгээнд ажилд орж байсан. Нийтийн ахуй үйлчилгээ нь 1990 онд хувьчландан тарж бид хэсэг хэсгээрээ нийлж оёдлын цех байгууллан одоог хүртэл ажиллаж байна. Би 1981-1991 оныг хүртэл тасралтгүй хамт нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан үнэн гэх мэдүүлэг

Гэрч Д.Алтантуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1989 онд 10 дугаар ангиа төгсөөд Зүүнхараагийн Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилд ороход Л.Энхмагнай нь нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилладаг байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна. Нийтийн ахуй үйлчилгээ нь 1991 онд хувьчлагдан бид хувиараа нийлж оёдлын цех байгуулан ажилласан. Нийтийн ахуй үйлчилгээнд 1990-1991 оныг дуустал хамт ажилласан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

Хүсэлт гаргагч Л.Энхмагнай нь  Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотын ахуй үйлчилгээний комбинатад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл  оёдолчноор ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч Л.Энхмагнайгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч артуул овогт Лхүндэвийн Энхмагнай нь Сэлэнгэ аймаг Зүүнхараа хотын ахуй үйлчилгээний комбинатад 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс  1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Л.Энхмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Б.АЛТАНЦЭЦЭГ