Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/432

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул тэмдэглэл  хөтлөн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х.Ад холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Х.А нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б их дэлгүүр”-ийн орчимд өөрийн найз эмэгтэй болох П бусадтай хардан маргаан үүсгэж улмаар түүний эзэмшлийн “Айфоне икс эс макс” маркийн 1 ширхэг гар утсыг авч шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Пд 1.656.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Х.А нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б их дэлгүүр”-ийн орчимд өөрийн найз эмэгтэй болох П бусадтай хардан маргаан үүсгэж улмаар түүний эзэмшлийн “Айфоне икс эс макс” маркийн 1 ширхэг гар утсыг авч шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Пд 1.656.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Пн хохирогчоор өгсөн: “...Би Х.Атай 2019-2020 оны 08 дугаар сар хүртэл үерхэж байгаад салсан. Бид 2 хааяа нэг уулздаг найз нөхдийн харилцаатай болсон байсан. Тухайн хэрэг гардаг өдөр би Х.Атай уулзаад хуурай ах С гэрт Ө кино театрын тэнд очсон. Тэндээ бид нар 1 шил архи уусан. Тэгээд бид 2 ахын гэрээс гараад явж байтал Х.А намайг хардаад хэл амаар доромжлоод байсан. Тэр хооронд миний утас дугарсан бөгөөд би таньдаг хүнтэйгээ яриад таслахад Х.А “хэн бэ” гэж асуусан. Тэгээд дахин утас дугарч ярих гэтэл миний утсыг аваад газарт шидсэн. Утсаа аваад харахад дэлгэц нь хагараад ашиглах боломжгүй болсон байсан. Бид 2 маргаад Х.А миний утсыг янзлуулаад өгье гэж хэлээд аваад явсан. Тэгээд янзлуулсан эсэх нь мэдэгдэхгүй, утас байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй байхаар нь би цагдаад өгсөн. Тухайн үед харанхуй байсан болохоор бид 2-оос өөр хүн тэр хавиар байгаагүй. Би утсаа 2019 оны 05 дугаар сард 2.800.000 төгрөгөөр авч байсан ба одоо зах зээлийн үнэ нь 1.800.000 төгрөг гэж байгаа. Миний утас Айфоне икс эс макс маркийн саарал өнгийн утас байсан. Одоо Х.А миний хохирлыг барагдуулж надад 1.600.000 төгрөгийг өгсөн ба надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

“Д ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 000000  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Агийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед П бид 2 үерхдэг байсан бөгөөд бид жаахан таарамжгүй харилцаатай болчихсон байсан. Бид Пн хуурай ах С гэрт очиж 1 шил архи уусан ба тэндээс гараад явж байтал Пн утас дуугараад нэг эрэгтэй хүнтэй яриад байсан. Би “хэн юм бэ” гэж асуухад “чамд ямар хамаатай юм бэ” гэж хариулсан. Тэгээд дахиад утас нь дуугарсан бөгөөд миний хар хөдлөөд утсыг нь аваад шидчихсэн. Тэгээд бид маргаж байгаад утсыг нь олоод харахад нүүр нь хагараад ашиглах боломжгүй болсон байсан. Би утсыг нь янзлуулж өгөхөөр авсан бөгөөд янзлуулахад жаахан үнэтэй байсан тул удсан. Би Пг цагдаад өгчихнө гэж бодоогүй. Бид 2 одоо энэ асуудлаас болж харилцаагаа тасалсан. Би Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад ирсэн. Пд 1.600.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Х.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 54 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 55 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 56 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 57 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 14-26 тал/, “Густокек” ХХК-д ажилдаг нь үнэн гэх тодорхойлолт /хх-ийн 77 тал/, Х.Агийн “Хаан банк” дахь депозет дансны хуулга /хх-ийн 75 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сӨр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.А нь “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б их дэлгүүр”-ийн орчимд өөрийн найз эмэгтэй болох П бусадтай хардан маргаан үүсгэж улмаар түүний эзэмшлийн “Айфоне икс эс макс” маркийн 1 ширхэг гар утсыг авч шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Пд 1.656.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Пн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, “Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Х.А гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б их дэлгүүр”-ийн орчимд өөрийн найз эмэгтэй болох П бусадтай хардан маргаан үүсгэж улмаар түүний эзэмшлийн “Айфоне икс эс макс” маркийн 1 ширхэг гар утсыг авч шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Пд 1.656.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Х.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч П нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Х.А нь хохирол төлбөр бүрэн төлсөн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 74 тал/ гэх хүсэлт, шүүгдэгч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрт 1.600.000 төгрөгийг төлсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 73 тал/-ийг тус тус хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч дахин хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Х.А нь хохирогчид нийт 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/-н төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт төлсөн байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б их дэлгүүр”-ийн орчимд өөрийн найз эмэгтэй болох П бусадтай хардан маргаан үүсгэж улмаар түүний эзэмшлийн “Айфоне икс эс макс” маркийн 1 ширхэг гар утсыг авч шидэн дахин ашиглах боломжгүйгээр эвдэж гэмтээн Пд 1.656.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид нийт 1.600.000 төгрөгийн төлбөр төлсөн гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 73 тал/,

 

Хохирогч П нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 74 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг дахин баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Х.Ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Х.Ад тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ