Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 43

 

Э.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /онлайн/

          Шүүгдэгч Э.*******

          Нарийн бичгийн дарга Ц.******* нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.*******д холбогдох 1829000230019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

                 Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт буюу ******* хорооллын ******* тоотод иргэн Ц.*******ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Э.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Э.*******г 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Э.*******гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн футболк 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн ажлын өмд 1 ширхэг, хутга 1 ширхэг, Улаанбаатар, Ерөөл, Тайга нэртэй архины шил, нийслэл нэртэй пивоны сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэгт Э.******* нь хутга хэрэглэн хохирогч Ц.*******ыг хутгалсан үйлдэл гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй гэж үзэхээр байна.

          Хохирогч Ц.******* нь Э.*******г хутга бариад хутгалсныг хараагүй, гэрч Д.*******н....гарт юм байсан, ....нэг зүйлээ шидсэн, хашааны модонд ойгоод ..газарт унасан, гэрч Б.******* хутга барьсан, хутгалсныг хараагүй гэх мэдүүлгүүдээс үзвэл эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгаар хутгалсныг харсан гэрчүүд байхгүй, хохирогчийн биед үүссэн шарх нь эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгаар зүсэгдсэн шарх мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхад эрх зүйн байдлыг дордуулан гэм буруутай гэж дүгнэлт хийсэн.

          Тухайн хэрэг учрал болох үед Э.******* хохирогчийн биед гэмтэл учруулсан байдал хэрэг болохын өмнөхөн, хойно болж байгаа асуудлыг бүрэн мэддэггүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэгтээ мэдүүлсэн.

            Үүнээс үзвэл Э.******* нь сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан үедээ гэмт хэрэг үйлдсэн байхаар байдаг.

            Иймээс тухайн хэрэг учрал болох үеийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн талаарх субьектив болон объектив шинжийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзээгүй, үүнд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг шүүгч та бүхэн анхааран үзэж хэргийг бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

          Өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо шүүгдэгчийг тухай үед хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогчийн биед хүнд хохирол учруулсан тухай санал нийлэхгүй тухай гомдол гаргасан. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Шүүгдэгч өөрөө хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэллээ. Түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулсан мөн бүх гэрчүүдийн мэдүүлгүүдээс аваад үзэхэд шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгчийг тухайн цаг үед дарж унахдаа тэнд байгаа гарын хээ мөр алга болсон байх магадлалтай юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгөхийг байна гэв.

          Шүүгдэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгтээ үнэхээр гэмшиж, харамсаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Э.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт буюу ******* хорооллын ******* тоотод иргэн Ц.*******ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.******* /хх-16-17/, гэрч Д.******* /хх-20-21/, Б.******* /хх-22-23/, Э.******* /хх-24-25/, Б. /хх-30-31/, Д. /хх-37/, Д. /хх-41-42/, Т. /хх-43/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 31 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэсэн анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

      Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл Э.*******гийн гэрт хохирогч Ц.*******, гэрч Д.*******, Б.*******, Э.******* нар хөзөр тоглон архи ууж байгаад тарцгаах үед Э.*******, Э.******* 2 гэрт үлдсэн, Ц.******* нь Э.*******г дуудахаар ирэх үед хаалга түгжээтэй байсан, хаалгаа нээгээгүй учир “гэрийнх нь дээд талын хошлонг тайлсан”, хаалгыг нь дотор талаас нь тайлах гээд болоогүй тул  Ц.******* “гэр дээр нь гарсан”, хаалгаа нээгээгүй тул гэр дээрээс бууж Ц.******* нь Д.*******г тооноор ор гэсний дагуу “Д.******* гэр дээр гарч тооноор нь орох” гэж байтал Э.******* гэр дотроос хаалгаа тийрч гарч ирээд Ц.*******ыг түлхсэн, түлхсэний дараа Ц.******* хутгалагдсанаа мэдсэн үйл баримт тогтоогдож байна.

          Архи ууж тоглосон, тоглоом дуустал ямар нэгэн хэрүүл маргаан үүсээгүй, Э.******* нь Э.*******г гэртээ хүчээр авч үлдсэн, эсхүл Э.******* гэрт үлдсэнээр тэрээр аюултай байдалд орсон зэрэг Э.*******гийн гэрт орох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн талаар гэрчүүд мэдүүлээгүй байна.

         Харин Э.*******гийн үйлдэл, Ц.*******ын эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой, Э.*******  дээрх үйлдэлдээ гэм буруутай байна.  Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 тоот шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болох хохирол, хор уршигт гэм буруугийн ямар хэлбэрээр хандсанаас хамаарч түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан санаатай эсхүл болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, хэргийг зүйлчилдэг.

          Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...нэгнийгээ уруу татаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Тухайн үеийн нөхцөл байдал нь Э.*******г гэрт авч үлдэх, бусад эрэгтэйг гэрээсээ гаргасан, бусад хүмүүс нь Э.*******г авч явах гэсэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Энэ нь гэмт хэргийг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хор хохирлын байдал, шүүгдэгч гэмт хэргийг санаатай үйлдсэн...” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байна. /хх-140-141/

          Шүүгдэгч гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн нь түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох боломжгүй.

           Шүүх хуралдааны тэмдэглэлээр улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэж буруутгахдаа гэмт хэргийг санаатай үйлдсэн талаар өөрөөр үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй нь тогтоогдож байх тул улсын яллагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан яллаагүй гэж үзнэ.      

          Шүүгдэгч Э.******* гэрийн хаалгыг тийрч гарахдаа Ц.*******ыг хутгална гэсэн санаа зорилго байсан, түүнийг хөөж хутгалсан гэх зэргээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн талаарх нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

          Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд Э.*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол  санаатай учруулсан, энэ гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэхэд эргэлзээтэй байна.

          Харин Э.*******г гэрээс хутга бариад гарч буй үйлдэл нь хэн нэгэнд аюултай байдал үүсэх боломжтой гэдгийг мэдэх байсан гэж үзнэ.

          Гэм буруутайд тооцоход эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн шүүгдэгч Э.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжид тохирч байна гэж үзээд түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Гэмт хэрэг үйлдэгдэх тухайн цаг мөчид хохирогч, гэрч нар нь насанд хүрсэн эмэгтэй Э.******* нь өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлээгүй байхад түүнийг авч явах тодорхойгүй шалтгаанаар Э.*******гийн гэрт орох үйлдэл хийж байгаад шүүх, прокурор дүгнэлт хийгээгүй байна.

          Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар халдашгүй, чөлөөтэй байх эрхийг иргэн бүр баталгаатай эдлэх эрхтэй. Үндсэн хуулийн мөн зүйл, хэсэгт “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэжээ.

          Хохирогч, гэрч нарын гэрийн хошлонг тайлж улмаар тооноор нь нэвтрэх гэсэн гэр нь Э.*******гийн гэр болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэжээ.

          Иймд Э.*******гийн гэрийн хошлонг тайлах үйлдэл хийгдсэн үеэс хохирогч Ц.*******, Д.******* нарыг иргэн Э.*******гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж үзнэ.

          Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэв.

           Э.******* нь хохирогч Ц.*******ад учруулсан үйлдэлдээ гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирлыг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад нөхөн төлсөн байна. /хх- 94, 139/

          Хохирогч Ц.******* нь “хэвтэж эмчлүүлсэн төлбөрийг дааж, нэхэмжилсэн мөнгийг өгсөн, гомдолгүй, энэ хүний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай бичгийг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн, хохирогч шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Шүүгдэгч Э.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт зааснаар томилолтоор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгч Э.*******гийн хохирол, хор уршигт хандах гэм буруугийн хэлбэрийн талаар тайлбарлаж, дүгнэлт гаргаагүй байна.

         Э.******* гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн үйл ажиллагаа сарниж өөрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй болсон гэх байдал гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй, шүүгдэгч Э.******* хохирогчид учирсан гэмтэл, хохирлыг өөрийн буруутай үйлдлээс учирсныг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “Шүүгдэгч Харчин овогт Энхбатын *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурорын Э.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Харчин овогт Энхбатын *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

Б. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.*******г 3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг Э.*******д оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

 

В. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан  3 /гурав/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар Э.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг Э.*******д анхааруулсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Э.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл  77 /далан долоон/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.*******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шүүгдэгчийг сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                             Т.БЯМБАЖАВ

                                                                                                      Х.ГЭРЭЛМАА