Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч О.Мөнхтөр, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020154 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 16-нд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн цэнхэр сум, 5 дугаар баг Буйлан гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85 дугаар байрны 42 тоотод түр оршин суух, ялгүй, АО97011618 дугаарын регистртэй, Луусан овогт Орхонсэлэнгийн Мөнхтөр

 

Шүүгдэгч О.Мөнхтөр 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” гэх нэртэй пабын орчим хохирогч Ч.Энхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирогч Ч.Энхбаярын хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Би цаашид олон нийтийн газар биеэ зөв авч явах болно. Тухайн үед манай найзууд тэр таксинд сууж явсан охидуудтай танилцъя гээд байсан юм. Тэгээд тэр таксиг зогсоход маргаан үүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгч О.Мөнхтөрийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, оюутны дүнгийн хуудас /хх-30/, сургуулийн тодорхойлолт /хх-н 31/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 32/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 34/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Мөнхтөр 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” гэх нэртэй пабын орчим хохирогч Ч.Энхбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Чинзоригийн Энхбаярын “… Би хувиараа өөрийн эзэмшлийн 21-66 УБТ улсын дугаартай Верна аксент маркын автомашинаар халтууранд буюу таксинд явдаг. Би тухайн орой буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Цамбагаравт байдаг нэрийг нь хэлж мэдэхгүй байна нэг баарны гадна зогсож байхад дотроос гурван эмэгтэй гарч ирээд миний машинд суусан. Тэр гурван эмэгтэй 7 буудал руу явна гэхээр нь хорооллын эцсийн арын замаар явж байтал тэр гурван эмэгтэй яанаа, одоо харихаар загнуулах байхаа, яах вэ, хальт зогсож байгаач гэхээр нь би машинаа зогсоотол нэг залуу шууд арын хаалгыг татаж онгойлгонгуутаа машинд сууж байсан хоёр эмэгтэйгийн нэгийг татаад буулгахаар нь би тэр эмэгтэйчүүдээс та нарыг таньдаг хүмүүс юм уу гэхэд танихгүй, та цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл нэг залуу шууд хүрч ирэнгүүтээ жолоочийн талын хаалгыг өшиглөөд цохисон. Тэгэхээр нь би машинаас буугаад яагаад байгаа юм бэ гэхэд миний машиныг цохьдог залуу намайг бас цохиж авахаар нь би барьцалдаж авсан. Тэгтэл машин дотроос 5-аас 6-уулаа гарч ирээд над руу бүгдээрээ дайрч цохиж зодсон. Тэр үед цагдаа ирж байсан ба тэд нар зугтахаар нь нэгнийх нь цүнхнээс зууртал цүнхнийх нь оосор тасраад цүнх нь надад үлдсэн. Тэгээд тэр хэдэн залуус зугтаасан. Харин би нөгөө гурван эмэгтэйтэй хамт цагдаагийн хэлтэс дээр очоод тайлбар, өргөдлөө гаргаж өгсөн. Тухайн үед миний уруул сэтэрсэн, толгой тархи доргисон байсан. Тэр гурван эмэгтэйгээс би тухайн залуучуудыг таньдаг юм уу гэж асуухад танихгүй гэхээр нь би тэгээд яагаад бид нарын араас дагаад байгаа юм бэ гэж асуухад бид нарыг бааранд байхад бид нар дээр ирээд авч явах гээд байсан, тэгээд бид нар зугтааж гарч ирсэн гэж хэлсэн ба тэр залуусыг огт танихгүй л гээд байсан. Тэр 5-аас 6 орчим залуус ойролцоогоор 20-25 орчим насны хүмүүс байсан ба тэдгээрийг би одоо харвал танина. Би авч үлдсэн цүнхээ цагдаад үлдээсэн ба цагдаа тухайн цүнхэнд үзлэг хийгээд байсан. Мөн тэр гурван эмэгтэйг Дашням гээд цагдаа аваад үлдсэн. Харин би аавыгаа дуудаад гэмтлийн эмнэлэг явсан. Намайг бөөнөөрөө л цохиж зодсон. Харин тэр цүнхийг нь авч үлдсэн залуу намайг цохиогүй. Тэр залуучуудын нэг залуу нь л миний биед учирсан гэмтлийн учруулсан байгаа. Би тэр залууг харвал танина. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Тухайн үед шөнийн таксинд явж байсан учраас тэр шөнийн орлого болон гэмтсэн гэмтлийнхээ мөнгийг нэхэмжлээд авчихвал надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй” /хх-н 9-10, 11/ гэсэн,

гэрч Ганбатын Дашнямын “... би Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч ажилтай. 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст нэмэгдэл жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхад үүрээр 4 цагийн орчим гаднаас Энхбаяр гэх жижгэвтэр биетэй залуу орж ирээд хүнд зодуулсан гэж гэхээр нь хэнд зодуулсан талаар тайлбараар асуугаад болсон үйл явдлын талаар материалжуулж, шинжээч томилж өгөөд явуулсан байгаа. Тэр залуугийн уруул нь бага зэрэг язарсанаас өөр биед нь ил харагдах гэмтэл гээд байх зүйл харагдахгүй байсан. Тэр залуу ирэхдээ гурван эмэгтэйтэй хамт ирсэн ба энэ хүмүүс хамаагүй ээ, зүгээр л таксинд хамт явж байсан хүмүүс гэж хэлэхээр нь тэр хүмүүсийг нь явуулчихсан юм” /хх-12/ гэсэн,

гэрч Аюушийн Уламбаярын “… би Улаанбаатар хотод ганцаараа амьдардаг. Одкон Холдинг ХХК-д гагнуурчин ажилтай. Тухайн үед Архангай аймгаас миний ээж Бадамхандын төрсөн дүүгийнх нь хүүхэд болох Буянтогтох гэж хүүхэд Улаанбаатар хотод жолооны курст суухаар ирээд надтай хамт байсан. Тэр үед Буянтогтох миний цүнхийг хэрэглэж байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 30-ны үеэр Буянтогтох хөдөө гэр рүүгээ явсан ба гэр нь Архангай аймгийн Өгий нуур сумын Тоглох гэдэг нэртэй газар эцэг, эхийнхээ хамт мал маллаж амьдардаг юм. Гэтэл Буянтогтохыг явсны дараа цагдаагийн байгууллагаас над руу залгаад ямар учиртайг мэдэхгүй дуудаад байсан чинь Буянтогтох хотод байхдаа миний цүнхийг үүрч явж байгаад алга болгосон юм байна лээ. Ямар учиртайг нь мэдэхгүй. Би энэ талаар өөртэй нь яриагүй. Тэгээд миний цүнх алга болсон байсныг цагдаагийн байгууллагад байна гэж утасдаж байсан. Буянтогтох надад ямар нэгэн зодоон цохион болсон талаар хэлээгүй. Одоо хөдөөгөө л байгаа. Утас  нь 98975969 гэсэн дугаараар холбоо барина. Өөр ямар нэгэн утас байхгүй” /хх-н 14/ гэсэн,

гэрч Түвшинжаргалын Буянтогтохын “...би 2015 оны 11 дүгээр сард Архангай аймгаас Улаанбаатар хотод ирчихсэн жолооны курст сууж байсан юм. Тэгээд тухайн үед буюу 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой хамт жолооны курс сууж байхдаа танилцаж байсан гурван найз болох Батаа нөгөө хоёрынхоо нэрийг нь мартчихсан байна. Тэгээд дөрвүүлээ хамт байсан. Тэгээд би нутгийн найз болох Мөнхтөрийг дуудаад бааранд орохоор болоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цамбагаравын урд байрлалтай нэрийг нь хэлж мэдэхгүй байна нэг бааранд орж сууцгаасан. Ингээд хүн тус бүрийн 1 шил пиво уусан. Гэтэл өөр нэг ширээн дээр 5 эмэгтэй байсан ба тэдэнтэй хамт суугаад танилцсан юм. Тэгээд сүүлдээ баар ч хаахаар болоод тэр баарнаас гарцгаах үед нөгөө охидууд ч гарцгаасан. Тэгээд гурван эмэгтэй нь таксинд суусан. Харин хоёр эмэгтэй нь яваад өгсөн. Ингээд бид нар тавуулаа нэг таксинд сууж араас нь дагаад гэрлэн дохион дээр нөгөө эмэгтэйчүүдийн сууж явсан такси руу очоод хаалгыг нь онгойлгоод суучихъя гээд таксинд би суучихсан юм. Тэгтэл жолооч нь суулгахгүй, яагаад чихэж суугаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би ойрхон яваад буучихна шүү дээ гэж хэлэх үед Мөнхтөр нөгөө талаар нь тойрч очоод ард талын хаалгыг нь онгойлгосон. Тэгээд би буухдаа үүрч явсан цүнхээ машинд унагасан. Тэгээд Мөнхтөр миний цүнхийг авах гээд машин руу ороход машины жолооч бууж ирээд Мөнхтөрийг заамдаж аваад түлхэхээр нь Мөнхтөр тэр жолооч залууг цохиод авсан. Тэгээд би салгаж авсан. Тэгтэл жолооч залуу намайг барьж аваад миний куртикийг урсан. Тэгтэл машинд суусан эмэгтэйчүүд цагдаа дууд гэж орилоод байсан. Тэгээд Мөнхтөр болон машинд сууж явсан манай найз нар зугтаасан. Тэгээд би араас нь куртикээ уруулан байж зугтаасан. Маргааш нь би жолооны шалгалтаа өгчихөөд Архангай аймаг руу яваад өгсөн. Машинд сууж байсан найзууд маань машинаас ерөөсөө гараагүй. Тэгээд энэ асуудал болоод зугтаасан. Одоо тэр найзуудыгаа санах ч үгүй байна. Утасны дугаарыг нь ч хэлж мэдэхгүй. Баянхонгор аймгаас ирсэн залуучууд байсан. Тэр таксины жолооч залууг Мөнхтөр нэг удаа л нүүрэн тус газар нь цохиж байсан. Түүнээс өөрөөр цохиж байгааг нь бол би хараагүй. Харин би Мөнхтөртэй булэглэн цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед байсан эмэгтэйчүүдтэй тэр өдөр л бааранд танилцсан. Тиймээс тэр эмэгтэйчүүдийн гэрийн хаяг, хаана юу хийдэг болон утасны дугаарыг нь мэдэж аваагүй” /хх-н 48/ гэсэн,

шинжээч эмч Баярсайханы Долгормаагийн “...Энхбаярын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна” /хх-н 18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Энхбаярын биед уруулын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 599 тоот дүгнэлт /хх-н 16/,

эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-н 18/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан прокурорын тогтоол /хх-н 3/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 7/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 37/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-н 45-46, 50/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Луусан овогт Орхонсэлэнгийн Мөнхтөрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнээд хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч О.Мөнхтөрд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал тухайлбал; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ч.Энхбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Мөнхтөр цагдан хоригдсон хоноггүй болно.