Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00027

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.У-т холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-ын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.У, прокурор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А, хариуцагч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У нь “2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт иргэн Ү.Г нь тарвага сахисан” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 0143167 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ү.Г-д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар иргэн Ү.Г нь тарвага агнасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдохгүй, зөрчлийн шинжгүй, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 0143167 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-ын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. Шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ дэмжиж оролцож байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/26 дугаар удирдамжийн дагуу хариуцаж буй нутаг дэвсгэртээ Амьтны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар хяналт шалгалтыг тогтмол хийсэн. Энэ явцад Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэн Ү.Г нь Г.О, Б.Х нарын хамт 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 тарвага агнасан.

Ү.Г-д нөхөн төлбөр, торгууль тавихаар тоо хэмжээг хэлж шаардлага тавьсан боловч төлбөрийн чадамж үнэхээр муу байна гэж 150 төгрөг төлсөн тул Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шийтгэл ногдуулсан нь миний буруу болжээ. Иймд миний 2019 оны 09 дүгээр сарын 18-нд Ү.Г-д шийтгэл оногдуулахаар бичсэн 0143167 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасны дагуу шийтгэл оногдуулж зөвтгөж өгөхийг хүсье” гэжээ.

Гуравдагч этгээд Ү.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “Ү-ийн Г би 2019 оны 09 сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн нутагт 1 ширхэг тарвага агнаж, БОХУБ-гч Б.У-тай таарч тухайн үедээ 150 000 төгрөгөөр торгуулсан. Би тэр мөнгийг тушаасан. Миний бие тарвага агнасан нь үнэн тул Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэн Ү.Г нь Г.О, Б.Х нарын хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тарвага сахиж байсан үйлдэлд Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан 150 нэгж буюу 150 000 төгрөгөөр торгожээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд хариуцагч Б.У 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0143167 тоот шийтгэлийн хуудсаар холбогдогч Ү.Гүрбадам тарвага сахисан  зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсныг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн. 

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг: ... 1.3.агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,

Мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “... амьтныг агнах хориотой үед, ... агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 4/хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох”,

Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 5.3.4.сүргийн бүтцийн төлөв байдал, тархац, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох” гэж заасан байдаг.

Дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А/278 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал гаргаж Монгол орны тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй болон өмнөх хориглосон шийдвэр, сэргээн нутагшуулалтыг үр дүнтэй болгох зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосон байх ба энэхүү хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Гуравдагч этгээд бөгөөд зөрчилд холбогдогч Ү.Г 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд тарвага агнасан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр холбогдогч Ү.Г-ын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.

Гуравдагч этгээд Г.Г нь амьтныг агнах хориотой үед буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тогтоосон 3 жилийн хугацаа дуусаагүй байхад тарвага агнасан болох нь тогтоогдож байх тул хариуцагч Б.У түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан зохих зөвшөөрөлгүй тарвага агнасан гэж үзэн шийтгэл оногдуулсан нь буруу, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Гуравдагч этгээд Ү.Г Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй, аливаа гэм буруутай үйлдэлд хуульд заасан тохирох хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул прокурорын шүүхэд гаргасан дүгнэлт бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүх оногдуулсан шийтгэлийг нэмэгдүүлэх боломжгүй тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзэв.

Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-аас дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаар шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:

1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан тул гуравдагч этгээд Ү.Г-ын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн зөрчилд хариуцлага хүлээлгэн дахин шинэ акт гаргах боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У дахин шинэ акт гаргаагүй бол түүний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болно.

Гуравдагч этгээд Г.Г нь торгууль 150 000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Хэдийгээр хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн боловч энэхүү зөрчлийн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхийг хөндөхөөр байна гэж шүүх үзэн ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн  7.6 дугаар зүйлийн 1.3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 4, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-аас дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаартай шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.У-аас дахин шинэ акт гаргаагүй бол түүний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0143167 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН