Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0431

 

 

                П.Э нарын нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-И,

Нэхэмжлэгч: П.Э, Ш.Н, Э.М-И, Э.Х нар,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 392 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-И, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 128/2023/0064/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  П.Э нар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 392 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 з, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э, Ш.Н, Э.М-И, Э.Х нарын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э, Ш.Н, Э.М-И, Э.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-И дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг илтэд зөрчсөн үйлдэл боллоо.

Учир нь хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай Засаг даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн тухай шүүгчийн захирамжууд авагдсан. Тус захирамжуудын зарим нэг нь цаг хугацааны хувьд маргаан бүхий тогтоолыг гаргахаас өмнө гарсан. Жишээ нь, нэхэмжлэгч Э.Хын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн тухай 9205 дугаартай шүүгчийн захирамж нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан. Энэ нь анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасныг зөрчсөн.

3.2. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Маргаан бүхий 147 дугаар тогтоолыг гаргах үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа шүүхийн шийдвэрүүд гараагүй байсан тул маргаан бүхий захиргааны акт нь хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна” гэжээ.

Гэвч нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Мөн цаг хугацааны хувьд хариуцагчаас маргаан бүхий тогтоолыг гаргахаас өмнө захиргааны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн болон актын биелэлтийг түдгэлзүүлсэн тухай захирамжуудыг гаргасан. Энэ нь хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмуудыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг тус тус зөрчиж хуульд заасан сонсох ажиллагаа явуулалгүй илтэд хууль зөрчсөн акт гаргасан.

3.3. Мөн Морин тойруулгын ойр орчмын газрууд нь 2004 оноос эхлэн газрын маргаантай болж эхэлсэн бөгөөд хариуцагч үүнийг мэдэх бүрэн боломжтой бөгөөд үүрэгтэй. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан “маргаан бүхий захиргааны актыг гаргахад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээ болгон тайлбарлаж буй шүүхийн шийдвэрүүд нь гараагүй байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ...” гэж заасанд нийцээгүй.

3.4. Иймд 392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсэг буюу нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч П.Э, Ш.Н, Э.М-И, Э.Х нар нь 2016 оноос Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байхад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/235 дугаар захирамжаар эдгээр иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр “... А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 257 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор тус тус “133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн”,

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/263 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаагаар дахин эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2021 оны А/601 дүгээр захирамжаар Ш.Нын, А/602 дугаар захирамжаар Э.М-Ин, А/603 дугаар захирамжаар Э.Хын, А/607 дугаар захирамжаар П.Эын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 804 дүгээр шийдвэрээр “... Э.Хын нэхэмжлэлийг хангаж, А/603  дугаар захирамжийг хүчингүй болгосон”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181 дүгээр магадлалаар 804 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр “... А/602 дугаар /Э.М-И/ захирамжийн биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр “... П.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А/607 дугаар захирамжийг хүчингүй болгосон”,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 421 дүгээр магадлалаар 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрээр “... Ш.Нын нэхэмжлэлийг хангаж, А/601 дүгээр захирамжийг хүчингүй болгосон”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 341 дүгээр магадлалаар 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн,

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8312 дугаар захирамжаар А/603 дугаар захирамжийн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8823 дугаар захирамжаар А/607 дугаар захирамжийн,  2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9411 дүгээр захирамжаар А/601 дүгээр захирамжийн биелэлтийг тус тус түдгэлзүүлсэн баримтууд хэрэгт авагдсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.

3.2. Гэтэл энэ хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолоор “... нийслэлийн нутаг дэвсгэрийн нийтийн эдэлбэр газрын байршил, талбайн хэмжээ, хилийг заагийн солбицлыг” баталсан, хавсралтын 13 дахь хэсэгт нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар багтжээ.

3.3. Хэдийгээр хариуцагчаас “... нэхэмжлэгч нарын хүчингүй болгосон газрын байршлыг холбогдох /Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга/ газрын саналыг үндэслэн нийтийн эдэлбэр газарт хамруулахаар шийдвэр гаргасан нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал, уг тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд байхгүй гэж үзсэн, эдгээр газрыг эзэмшүүлсэн хууль ёсны шийдвэр байхгүй тул төрийн өмчийн газар байсан” гэх зэргээр тайлбарлах боловч дээрх байдлаар уг газрууд нь 2018 оноос хойш шүүхээр маргаж байхад төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч нарт мэдэгдэлгүйгээр, Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хийлгүйгээр газар эзэмших эрхэд халдсан шийдвэр гаргажээ гэж үзэхээр байна.

3.4. Иймд маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолын хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа, нэхэмжлэгчийн “... иргэдийн эзэмшиж байсан газрыг шууд нийтийн эдэлбэр газар болгосон нь олон иргэдийн эрх ашгийг зөрчсөн, маргаантай газар гэдгийг мэдсээр атлаа Засаг даргаас уг асуудлыг өргөн мэдүүлсэн нь ойлгомжгүй” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Захиргааны шүүхийн хяналт нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд маргаан үүссэн тохиолдолд л хэрэгждэг. Энэ үндэслэлээр шүүх маргаан бүхий актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.

3.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс “хариуцагч хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж маргаан бүхий тогтоолыг гаргасан” гэж маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсанаар “... маргаан бүхий тогтоолыг гаргах үед нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарлан маргаж байгаа шүүхийн шийдвэрүүд гаргаагүй, байхгүй байсан болох нь тогтоогдсон” гэдэг үндэслэлээр уг тогтоолыг хэвээр үлдээвэл нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. Мөн илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульд заасан.

3.6. Давж заалдах шатны шүүх маргаан  бүхий актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй хууль зүйн үндэслэл нь хууль ёсны зарчмын дагуу аливаа захиргааны хууль бус шийдвэрүүд хүчингүй болж, эрх зүйн нөлөөлөл үзүүлэх ёсгүй бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэл нь эрх зүйн баталгаатай байдлыг хангах зорилго бүхий төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим юм. 

4. Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э, Ш.Н, Э.М-И, Э.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-Иийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                         

                      ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН     

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН