| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулууны Тунгалаг |
| Хэргийн индекс | 025/2016/0015/З/ |
| Дугаар | 406 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 406
Ш.Батсамбуугийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй, Ш.Батсамбуугийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3, 99.5, 103 дугаар зүйлийн 103.3, 103.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдоос хамгийн олон санал авч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх авсан Ардчилсан намаас нэр дэвшигч З.Нарантуяад олгосон “Монгол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх буюу түр үнэмлэх олгох тухай” Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг хүчингүй болгуулах”, “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсэг, мөн тойргийн 1, 2, 3 дугаар хэсэг, мөн тойргийн 12 дугаар хэсэг, мөн тойргийн 14 дүгээр хэсэг, мөн тойргийн 51 дүгээр хэсгийн санал хураалтыг тус тус бүхэлд нь хүчингүйд тооцож, эдгээр хэсгүүдэд санал хураалтыг дахин явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал, П.Баттулга нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай дурдвал: Шүүх хариуцагчийг Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14-т “баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно”, 99 дүгээр зүйлийн 99.3-т “баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан заалтыг тус тус зөрчөөгүй” гэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.11-д “тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг баталсан бөгөөд ийнхүү батлахдаа саналын хуудасны зүүн дээд талд “тэмдэг” дарж баталгаажуулах шаардлагыг тавьсан байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын 4.2-т “санал авах байрны ахлах зохион байгуулагч бусад зохион байгуулагчдыг байлцуулан саналын хуудаст тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд уг ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа саналын хуудсыг боож лацдан ...битүүмжлэн хадгална” гэж заасан. Хэдийгээр саналын хуудаст тэмдэг дарж баталгаажуулах ажиллагааг шууд Сонгуулийн ерөнхий хороо гардан хийх бус санал авах байрны зохион байгуулагчид гүйцэтгэхээр байгаа ч нэгэнт Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авсан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо эдгээр саналыг нийт саналын тооноос хасч тооцон, дүнг гаргах, эсхүл дахин санал хураалт явуулах ёстой байсан.
Шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурсан ч тамга, тэмдэг дарагдаагүй л бол уг шүүхийн шийдвэрийг хүчинтэй шийдвэр гэж үзэх хүн байхгүй байх. Үүний нэгэн адил тэмдэггүй саналын хуудсыг “шаардлага хангасан саналын хуудас” гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Тодруулбал, саналын хуудаст тэмдэг дарж байгаагийн учир нь нэг талаас уг саналын хуудас нь “эрх бүхий байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн санал авах шаардлага хангасан саналын хуудас мөн болохын баталгаа, нөгөө талаас сонгогчид шаардлага хангасан саналын хуудсаар саналаа өгөх итгэл үнэмшлийг бүрдүүлэх” явдал гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх саналын хуудаст тэмдэг дарах ажиллагаатай Сонгуулийн ерөнхий хороо холбоогүй мэтээр тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5-д “сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй” гэж заасан байхад шүүхээс “...нэхэмжлэлийг хангах боломжгүй юм” гэжээ. Сонгуулийн тухай хуулийн 103.5 дахь заалт нь сонгуулийн байгууллагад хамааралтай заалт болохоос биш шүүхэд маргаан хянан шийдвэрлэхэд шүүхийн үндэслэл болох хуулийн заалт биш гэж үзэж байна. Ардчилсан, эрх зүйт төрийн үед “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” биш л бол шүүхийн хяналтаас гадуур үйл ажиллагаа байх ёсгүй. Анхан шатны шүүх энэ заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд уг заалт нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг анхаарсан эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Улсын Дээд шүүхэд санал оруулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээн аваагүй атлаа уг заалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай дурдвал: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа хэвээр үлдээж 2 дахь шаардлага болох “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсэг, мөн тойргийн 1, 2, 3 дугаар хэсэг, мөн тойргийн 12 дугаар хэсэг, мөн тойргийн 14 дүгээр хэсэг, мөн тойргийн 51 дүгээр хэсгийн санал хураалтыг тус тус бүхэлд нь хүчингүйд тооцож, эдгээр хэсгүүдэд санал хураалтыг дахин явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” гэсэн шаардлагаа “Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт тэмдэггүй саналын хуудсаар санал өгсөн сонгогчдын саналыг санал хураалтын дүнгээс хасч тооцож Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойргийн сонгуулийн дүнг гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” гэж өөрчилсөн боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэхээргүй байна хэмээн хүлээн авахаас татгалзсан.
Дээрх хоёр шаардлагыг харахад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж байгаа нь тодорхой байна. Тодруулбал, эхний шаардлагаар “тэмдэггүй саналын хуудсаар санал авсан сонгуулийн хэсгүүдийг санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” байгаа бол хоёр дахь шаардлага бол “тэмдэггүй саналын хуудсаар санал авсан сонгогчдын саналыг санал хураалтын дүнгээс хасч тооцож сонгуулийн дүнг гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” гэсэн хоёр өөр агуулгатай нэхэмжлэлийн шаардлага байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс “2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын саналын хуудасны битүүмжийг нээж, уг 18 дугаар тойргийн хүрээнд тэмдэггүй саналын хуудас хэдэн ширхэг байгааг тус тойргийн сонгуулийн хэсэг тус бүрээр гаргах, тэмдэггүй саналын хуудсаар тус тойрогт нам, эвслээс нэр дэвшигч тус бүр хэдэн сонгогчийн санал авсныг үзлэг хийлгүүлэн тогтоолгох” хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй хэмээн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай, ач холбогдолтой хүсэлт байхад шүүх хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”-ыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хянавал:
Хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ш.Батсамбуу нь “...АН-аас нэр дэвшигч З.Нарантуяад Монгол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгох тухай Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн 1, 2, 3, 12, 14, 45, 46, 47, 48, 51 дүгээр хэсгүүдийн санал хураалтыг тус тус хүчингүйд тооцож, эдгээр хэсгүүдэд санал хураалт дахин явуулахыг СЕХ-нд даалгах” нэхэмжлэл гаргаж “санал авах хугацаа дуусахаас өмнө 45, 46, 47, 48 дугаар хэсэгт саналын хуудас дуусч, хувилж олшруулсан, шаардлага хангаагүй саналын 33 /32/ ширхэг хуудсаар санал авч, гараар тоолсон нь, ...1, 2, 3, 12, 14, 46, 47, 51 дүгээр хэсэгт тэмдэг дарагдаагүй 410 ширхэг саналын хуудсаар санал авсан нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг, СЕХ-ны 2016 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ыг тус тус зөрчсөн, зөрчилтэй нийт 443 саналын хуудас байгаа нь “сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц” тул санал хураалтыг хэсгийн хэмжээнд бүхэлд нь хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах шийдвэр гаргах ёстой байсан гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд нь дээрх 2 асуудлаас гадна өөр бас асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргаж, дээрх хэсгүүдийн хэмжээнд бүхэлд нь санал хураалтыг хүчингүйд тооцуулах, 18 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон З.Нарантуяагийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхгүй байх арга хэмжээ авахыг хүссэн ба Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 464 дугаартай албан бичгээр “зөрчлийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу гаргах, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчид гишүүний түр үнэмлэх олгохыг түдгэлзүүлэх зохицуулалт Сонгуулийн хуульд байхгүй” гэж хариу өгчээ.
-Нэхэмжлэгчийн “Улсын Их хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсэг, 1, 2, 3 дугаар хэсэг, 12 дугаар хэсэг, 14 дүгээр хэсэг, 51 дүгээр хэсгийн санал хураалтыг тус тус хэсгийн хэмжээгээр бүхэлд хүчингүйд тооцож, эдгээр хэсгүүдэд санал хураалт дахин явуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлагын тухайд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, санал авах хугацаа дуусахаас өмнө Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсгүүдийн /Шилүүстэй сумын Чандмань, Сайхан, Баян-улаан, Хөгжил багууд хамаарагдах/ санал авах байранд хүргэгдсэн саналын хуудас дууссан, Шилүүстэй сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний 180 дугаар тогтоолыг үндэслэн саналын хуудсыг компьютероос татан 90 ширхэгийг хэвлэж эдгээр 4 хэсэгт тараасан, үүнээс 33-аар нь сонгогчдын санал авч, саналыг гараар тоолсон, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоолоор “аймаг, сумын сонгуулийн хорооноос хэвлүүлж, санал авах ажиллагааг зохион байгуулсан саналын хуудас болон түүнд тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцсон” зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
Сонгогчдын санал авах зорилгоор “дутсан” саналын хуудсыг хэвлэж, үүгээр санал авсан үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10-т “саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна”, 84.11-т “тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ”, 84.14-т “баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно” гэж тус тус заасантай нийцэхгүй тул Сонгуулийн ерөнхий хороо нь дээрх 2016 оны 182 дугаар тогтоолыг гаргасан байна.
Эндээс үзэхэд, “хувилж хэвлэсэн” саналын хуудсыг хүчингүй болгосон, ийм “саналын хуудсыг”-ыг санал тоолох төхөөрөмжид уншуулаагүй, уг саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж “таньж” уншихгүй, гараар тоолсныг нь тухайн хэсгүүдийн санал хураалтын дүнд оруулж тооцоогүй нь тогтоогдсон тул Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 45, 46, 47, 48 дугаар хэсэгт санал авах үйл ажиллагаа бүхэлдээ Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, санал авах байруудад хүргэгдсэн “саналын хуудас” санал авах хугацаа дуусахаас өмнө дуусч, улмаар хувилж хэвлэсэн саналын хуудсаар санал авсан нь тогтоогдсон хэдий ч уг саналын хуудас, түүнд тэмдэглэсэн саналыг хүчингүй болгосон байх тул “санал тоолох төхөөрөмжид уншуулаагүй, гараар тоолсон” гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн хэсгүүдийн санал хураалтыг бүхэлд нь хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.
Харин санал авах байранд хүргүүлэх саналын хуудасны тоог буруу тооцсоноос дутсан, эсвэл буруу тэмдэглэл хийснээс болж саналын хуудас хураагдаж “дахин” авч тооцоолсноос илүү зарцуулагдахад хүргэсэн, мөн Шилүүстэй сумын Сонгуулийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр “СЕХ саналын хуудсыг нийт сонгогчдын 89%-д хэвлэж өгсөн” гэснээс үзвэл ямар шалтгааны улмаас саналын хуудас дутсан, “хувилж, хэвлэсэн” саналын хуудсаар авсан санал, саналын хуудсыг хүчингүй болгосон нь тухайн хэсгийн санал хураалтын дүнд яаж нөлөөлсөн зэрэг асуудал, үүнийг тогтоох ажиллагаа нь энэ маргаанд хамааралгүй юм.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь “Улиастай сумын Жинст багийн санал авах байранд техникийн тооллого хийх үед 1 дүгээр санал тоолох төхөөрөмжөөс тэмдэг дарагдаагүй 230 ширхэг саналын хуудас гарсан, ...бидний олж мэдсэнээр нийт 410 ширхэг шаардлага хангаагүй саналын хуудсаар сонгогчдын санал авсан байна” гэж, тэмдэг дарагдаагүй “саналын хуудас”-аар санал авсан гэх хэсгүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцох ёстой гэж маргажээ.
Зарим хэсгийн санал авах байранд хийсэн техникийн тооллогын явцад санал тоолох төхөөрөмжид уншигдан, тоологдсон саналын хуудас дунд “тэмдэг” дарагдаагүй саналын хуудас байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.
Сонгуулийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-т “Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг энэ хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлнэ”, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын 3.4-т “Санал авах байрны ахлах болон зохион байгуулагчид нь сум, дүүргийн Сонгуулийн хорооноос саналыг хуудсыг нэг бүрчлэн тоолж хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж..., 4.2-т “...ахлах зохион байгуулагч бусад зохион байгуулагчдыг байлцуулан саналын хуудаст тэмдэг дарж баталгаажуулах...” гэж зааснаар саналыг хуудсыг хүлээж авсны дараа хуудас бүрт “тэмдэг” дарах шаардлага тавигджээ.
Гэвч саналын хуудаст тэмдэг дараагүй нь сонгуулийн тухайн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй санал авах байрын ахлах зохион байгуулагчийн ажлын хариуцлагагүйтэй холбоотой болохоос биш санал авах байрны “тэмдэг” дарагдаагүйг тухайн саналын хуудсыг “баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн “баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй” саналын хуудас нь Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.14, 99 дүгээр зүйлийн 99.3-т зааснаар хүчингүйд тооцогдох ба хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгох мөн хуулийн 103 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.
Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн давж заалдах шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн саналын хуудас дутагдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 180 дугаар тогтоолоор саналын хуудсыг хэвлэж, санал авах байруудад хүргэх шийдвэр гарсан..., Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт сонгогчдоос хувилж олшруулсан саналын хуудсаар санал аваагүй..., ” гэх зэргээр дүгнэсэн нь хамт явагдсан /нэг саналын хуудсаар санал авсан/ Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн саналын хуудас нь тус тусдаа байсан мэтээр үндэслэлгүй дүгнэсэн, хэрэгт авагдсан Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 182 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал, Завхан аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай албан бичиг, Шилүүстэй сумын Сонгуулийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэгтэй нийцэхгүй болсон боловч нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэл болохгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
- Нэхэмжлэгчийн “...АН-аас нэр дэвшигч З.Нарантуяагийн УИХ-ын гишүүний түр үнэмлэх буюу түр үнэмлэх олгох тухай СЕХ-ын тогтоолыг хүчингүй болгох” шаардлагын тухайд: Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2, 133.4, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогчдын хамгийн олон буюу 7077 санал авсан З.Нарантуяаг Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний түр үнэмлэх олгосон байна.
Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн зарим хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй, нэр дэвшигч З.Нарантуяатай холбоотой Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчил илэрч, тэр нь шүүхээр тогтоогдсон баримтгүй тул З.Нарантуяаг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний түр үнэмлэх олгосон шийдвэрийг хүчингүй болгохгүй.
Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарахаас өмнө нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй тул шүүх хуралдаанд нэхэмжлэлээ өөрчлөх хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь, 18 дугаар тойргийн хэмжээнд тэмдэггүй саналын хуудас хэд байгааг үзлэг хийж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо “хэрэгт ач холбогдолтой нотлох баримт” гэж үзээгүй нь зөв байх тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ