Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/461

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Бд холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх нэртэй кафед иргэн А Хуй Вэй Пи-смарт загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Аг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх нэртэй кафед иргэн А Хуй Вэй Пи-смарт загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Аг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь залилсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Бын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 00000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А хохирогчоор өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны үед фэйсбүүкээр  гэсэн хаягтай залуутай танилцсан. Тэгээд өөрийгөө шивээс хийдэг гэхээр нь шивээс хийлгэхээр сонирхсон. Тэгээд намайг ТБД андууд гэр нь байдаг хүрч ирээд шивээс хийлгэчих гээд байхаар нь очоогүй. Түүнээс хойш над руу байнга чат бичээд байдаг байсан. Гэтэл нэг өдөр уулзъя гээд байхаар нь Өргөө кино театрын хойд талд байдаг “М” нэртэй кафед уулзсан. Тэгээд 2 шил пиво уугаад надад ундаа авч өгсөн. Тэгж байгаад миний утсаар яриад өгье гэж хэлээд ярьсан. Надаас миний утасны кодыг асуухад нь би хэлсэн. Мөн ахтайгаа яриад байсан. Тэгж ярьж байгаад гараад явсан. Би эргэж ирэхийг нь 1 цаг орчим хүлээсэн ч ирээгүй. Тэр кафе 12 цагт хаадаг тул би тэндээсээ гэр рүүгээ явсан. Маргааш нь 8012-4316 дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн. Би гомдолтой байна, утсаа авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаартай: “...Хуй Вэй Пи-смарт загварын гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /хх-ийн 36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Бын яллагдагчаар өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Найзууд дээрээ очиж архи уух зорилготой тухайн эмэгтэйд худлаа хэлж утсыг нь авсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-68 тал / зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх нэртэй кафед иргэн А Хуй Вэй Пи-смарт загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Аг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь залилсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...миний утсаар ээжтэйгээ яриад өгье гэж хэлээд авсан, мөн ахтайгаа яриад байсан. Утасны код асуухад нь би хэлсэн. Тэгээд ярьж байгаад гараад явсан. Би 1 цаг гаран хүлээгээд ирээгүй. Маргааш нь утас руу нь залгахад холбогдох боломжгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, Хөрөнгийн үнэлгээний Х ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Бын  “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх нэртэй кафед иргэн А Хуй Вэй Пи-смарт загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Аг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь залилсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөр төлсөн, гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 83 тал/-ийг хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед шүүгдэгчээс хохирогчид төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх нэртэй кафед иргэн А Хуй Вэй Пи-смарт загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Аг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь залилсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх хохирол төлбөргүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 83 тал/,

 

Хохирогч А нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 82 тал/ гэх хүсэлтийг гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж  шийдвэрлэсэн хэдий ч 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1 дэх заалтыг баримтлан оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маргаагүй, гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шүүгдэгчийг ялаас өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь  “Өршөөл үзүүлэх тухай” дээрх хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлагаас  өршөөн хэлтрүүлэх тухай  4.1 дүгээр зүйлд  багтсан болохыг,  4.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангагдсан болохыг тус тус   дурдаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтыг баримтлан  шүүгдэгч Быг  оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ