Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/440

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цд холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц нь “2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б дүүргийн 0 хороо Б хорооллын замын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө маргалдаж, улмаар биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Ц нь “2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б дүүргийн 0 хороо Б хорооллын замын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө маргалдаж, улмаар биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Цын “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж  байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өы 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр найз Цтай манай гэрт 1 ширхэг 1 литрийн архи хувааж уусан. Удалгүй Цын эхнэр О 1 шил архитай ирээд бид 3 түүнийгээ хувааж уугаад О ажил орж үргэлжлүүлэн уухаар явсан. О өөрийн найз эмэгтэйг дуудаж машин бариулсан. Тэгээд Б хорооллын тэнд явж байхад Ц эхнэртэйгээ муудалцаад ноцолдоод байсан. Тэгэхээр нь машин зогсоогоод тэр 2-ыг гаргаад салгасан. Гэтэл Ц “чи муу ер нь яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний нүүр тус газарт 2-3 удаа цохисон. Бид 2 ноцолдож байгаад арай гэж салаад би цагдаад дуудлага өгсөн. Ц цагдаа ирэхээс өмнө эхнэртэйгээ явсан ба, цагдаад би өргөдөл бичиж өгсөн. Надад учирсан гэмтлийг Ц учруулсан бөгөөд би 1.800.000 төгрөгөөр хамрын хагалгаанд орсон. Цаашдаа шаардлагатай эмчилгээ байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Өы 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би С эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамрын хагалгаанд орсон. Эмчилгээний төлбөр 1.749.890 төгрөг гарсан бөгөөд Ц уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.О гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай нөхөр Ц найз Ө нь” Саппород ээжийнхээ гэрт байна, хүрээд ир, ууя гээд байна” гэж хэлээд явсан. Тэгээд нэг их удаагүй тэр 2 над руу ээлжилж залгаад ирж ав гээд байсан. Тэгээд би цаг гарангын дараа очиход манай нөхөр тасарчихсан, Ө согтуу сууж байсан. Тэгээд нөхрөө сэрээхэд архи авч өг гээд байхаар нь би дэлгүүр гарч нэг ширхэг Сэнгүр нэртэй том пиво авч өгөөд бид 3 хувааж уусан. Би нөхрөө аваад явлаа гэхэд Ө би ч гэсэн харина, хамт явъя гэсэн. Би танил дүү охин Солонгыг дуудаад машин бариулсан ба ажлаараа дайр ч юм авахаар хороолол өгсөөд явж байтал нөхөр бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдсан. Гэтэл Ө манай нөхрийг машинаас татаж гаргаад боль гэхэд тэр 2 маргалдаж эхэлсэн ба Ө Цыг гуйлгачин гээд байсан. Тэгээд хувцаснаасаа зууралдаад байхаар нь би тэр 2-ыг орхиод явсан. Удаагүй байж байтал Ө залгаад “Ц миний хамрыг хугалчихлаа” гэсэн. Би “та 2 өөрсдөө учраа ол” гэж хэлээд утсаа салгасан ба тэр орой би хүүхдүүдийнхээ хамтаар ажил дээрээ хоносон. Маргааш нь Өтай уулзахад хамартаа шархны лент наачихсан, хамар нь мурийсан байдалтай байсан. Харин манай нөхрийн биед ил харагдах шарх сорив байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000 дугаартай “...Өы биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Цын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би Ө найзтайгаа 1 ширхэг 1 литрийн Эдэн нэртэй архи хувааж уусан. Манай эхнэр Өы гэрт ирсэн бөгөөд ирэхдээ 2 том пиво бариад ирсэн. Тэгээд бид 3 түүнийгээ уучхаад бид нар эхнэрийн ажил руу явсан. Замдаа би эхнэртэйгээ үл ялих зүйлээс болж маргалдсан бөгөөд маргалдаж байтал Ө бид 2-ын голоор орж салгасан. Тэгээд Ө бид 2 маргаж эхэлсэн бөгөөд манай эхнэр бид 2-ыг орхиод яваад өгсөн. Тэгээд Ө над руу салаавч гаргахаар нь миний уур хүрээд би 2-3 удаа цохисон. Тэгээд шууд гэр рүүгээ яваад өгсөн. Гэртээ очоод байж байтал цагдаагаас над руу залгасан ба гомдол гаргасан байна гэж хэлсэн. Би найзыгаа зодсон гэдэг хамаг үнэнээ хэлсэн. Өы эмчилгээний зардлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Цын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51-52 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 53 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 55 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 56-61 тал/, Цын “Хаан банк” дахь дипозет дансны хуулга /хх-ийн 67-75 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Ц “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Цд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Өыг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “хамар ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт” гэмтэл учруулсан болох нь хэргийн 32-33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 3356 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3356 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 3356 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Цын  “2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б дүүргийн 0 хороо Б хорооллын замын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ө маргалдаж, улмаар биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, хүзүүнд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Цыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Өд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Ц нь бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогч нь дахин баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 46 тал/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Цд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/ долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цыг  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх ялтны торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй

4. Шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ