Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/444

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч: Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал /ШТҮД:0374/,

гэрч Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Цамбагарав овогт Баттөрийн Тд холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 0 тоотод гэрчээр, 0 тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 хороо 0  тоотод гэрээс нь Интэл /intel/ маркийн суурин компьютерыг Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өсгөн” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар            

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Т нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 0  тоотод гэрчээр, 0  тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 хороо 0  тоотод гэрээс нь Интэл /intel/ маркийн суурин компьютерыг Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өсгөн” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохыг тулд нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Тын “....компьютер минийх гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Тын Цагдаагийн хэлтэст гаргасан “...2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Б дүүргийн 0 хороо, 0 тоотоос компьютер алдагдсан...” гэх өргөдөл /хх-ийн 2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирэхэд манай дүү Э гэрт ирчихсэн байсан. Маргааш нь эхнэр бид 2 ажилдаа явсан бөгөөд ажиллаа тараад эргээд ирэхэд манай гэрт байсан суурин компьютер байхгүй байсан. Тухайн үед Э манай 2 хүүхдийн хамт үлдсэн. Тэгээд манай том охин Эг компьютер аваад явсан гэж хэлсэн бөгөөд утас руу нь залгахад утсаа авахгүй салгаад байсан. Э нь интернэтээр муруйтай тоглоом тоглодог бөгөөд түүндээ ашиглаж гэж авсан байх. Би тухайн компьютерыг өөрөө босгож байсан ба бараг 4-5 сая төгрөг орсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн “...Тухайн хэрэг гардаг өдөр Э манайд ирж хоносон бөгөөд маргааш нь явахдаа миний компьютерыг аваад явсан байсан. Охин Э асуухад Э ах аваад явсан гэсэн. Би Эгийн ах Э руу залгаад болсон явдлыг хэлэхэд “одоо яах вэ дээ, цагдаад өгөхгүй юу” гэсэн. Тэгээд би цагдаад өгсөн. 2 жилийн өмнө Э надаас 2 сая төгрөг зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй байсан. Тэр компьютерыг  өөрийн ах Н 1 сая төгрөгөөр авсан бөгөөд 900.000 төгрөгийг Э гаргаж би 100.000 төгрөг гаргасан. Тэгээд Э 2 жилийн өмнө зээлсэн 2 сая төгрөгтөө та наад компьютерыг ав гэсэн болохоор би авсан. Хэрэг гарсны дараа ахтайгаа ирээд 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын гаргасан: “...Эд ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 81 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн туслахын Тд шүүх хуралдааны тов мэдэгдсэн “...Хохирогч Тд 2021.03.29-ний өдрийн 14:00 цагт зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй ...” гэх тэмдэглэл /хх-ийн 97 тал/,

 

Эрүүгийн 000 дугаартай Эд холбогдох хэрэгт Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Тын хохирогчоор оролцсон шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 103-106 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Эын гэрчээр өгсөн “...Он гараад Т над руу залгаад Э манайд амьдарч байгаа, хэрэглээний мөнгө надаас зээлсэн. Тэр мөнгөө өгөөгүй байгаа бөгөөд би Н авсан компьютерыг нь авлаа гэсэн. Тэр 2-ыг тохиролцсон юм байлгүй гэж бодоод Эөөс энэ талаар асуугаагүй. Гэтэл дараа нь Т над руу залгаад Э гэрээс надад хэлэхгүйгээр компьютер аваад явсан байна гэсэн. Тэгэхээр нь би та 2 өөрсдөө учраа ол гэсэн. Энэ хэргийг хаалгах гээд Эг дагуулаад Т дээр очиж 830.000 төгрөг дээр би зээлсэн байсан мөнгөө нэмээд нийт 1.500.000 төгрөг өгсөн. Н компьютер авахад нь би мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э гэрчээр өгсөн “...Манай нөхөр хүнд тусархуу их даруу төлөв хүн. Гэр бүлээ ганцаараа тэжээдэг. Манайх түрээсийн байранд байдаг. Нөхрийн маань үеэл дүү Э манайд ирж хоноод явдаг. Тэр 2-ын дунд нэг компьютер байдаг ба яг хэний эзэмшилд байдаг талаар мэдэхгүй. Э нь манай нөхрөөс хэрэглээний мөнгө гэж 900.000 төгрөг зээлсэн бөгөөд түүнийгээ өгөөгүй. Тэгээд манай нөхөр тэр мөнгөндөө энэ компьютерыг авлаа гэх мэтээр тохиролцож байсан. Тухайн хэрэг гардаг өдөр би ажил хөөцөлдөхөөр, манай нөхөр ажилдаа явсан үеэр Э гэрт байсан компьютерыг аваад явсан байсан, цагдаад өгчихлөө гэж байсан. Хэрэг хаалгах гэж 1.500.000 төгрөг бүх өрөө нийлүүлж тооцоод өгсөн гэсэн. Надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Н 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Химийн бодис гэдэгт спирт орно. Хүний нүдний салст бүрхүүлд цочрол өгч өрөвсөж түлэгдэнэ. Хэдий хэр хэмжээний  спиртийн зүйлээс болж цочрол өгч гэмтдэгийг тодорхойлох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Тын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэг хаагдах байх гэж найдаад ингэж мэдүүлэг өгсөн. Мөн Эд мөнгө өгсөн гэж хэлээрэй гэж хэлсэн. Компьютерыг Н 1.000.000 төгрөгөөр авсан бөгөөд Э 900.000 төгрөгийг гаргасан. Тэгээд би 100.000 төгрөгийг Эаас зээлээд эргээж өгөөгүй. Э надад 830.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд түүнийгээ өгөхгүй болохоор нь би нэхсэн. Гэтэл өгөөгүй. Тэгэхээр нь би мөнгөндөө компьютерыг чинь авъя гэхэд өгөхгүй, мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд надад мөнгө өгөх боломжгүй байсан болохоор нь компьютерыг нь авна гэж бодчихсон байсан. Тэгээд манайд ирж хонохдоо компьютерыг аваад явсан байхаар нь цагдаад гомдол гаргасан. Энэ хэрэг явдал миний буруу. Эд зээлүүлсэн 830.000 төгрөгөө авах гэж уг суурин компьютерыг минийх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 133 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 134 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 136 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 137 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 138 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 139 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Б дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т нь “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдож, Б дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах 0  тоотод гэрчээр, 0  тоотод хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б дүүргийн 0 хороо 0  тоотод гэрээс нь Интэл /intel/ маркийн суурин компьютерыг Эг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өсгөн”  буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Тын  Б дүүргийн 0 хороо 0  тоотод байрлах  гэрээс  үеэл дүү Э түүнд мэдэгдэхгүйгээр гэрт нь байсан Интэл /intel/ маркийн суурин компьютерыг авч гарсан, шүүгдэгч нь Эг эд зүйл  хулгайлсан гэж цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт болсон ба “гэрт  байсан Интэл /intel/ маркийн суурин компьютер”–ыг гэрээс авч гарсан  энэ үйл баримттай шүүгдэгч болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Э нар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Т, гэрч Э нар нь эгч дүүсийн хүүхдүүд ба тэдний хооронд өр авлагын асуудал байгаа гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Гэрч Э өөрийн худалдаж авсан суурин компьютерыг үеэл ах шүүгдэгч Тынд байрлуулсны дараа шүүгдэгч Т нь уг компьютерыг Эээс авах өөрийн авлагадаа тооцож авна гэж ойлгосон зэрэг үл ойлголцох нөхцөл байдлын улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч...энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Тын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хуулиар хамгаалагдсан аливаа эрх ашигт бодит хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч үеэл дүү Этэй үл ойлголцож улмаар эд зүйл хулгайлсан гэж мэдүүлэг өгснийг гэмт хэрэг гэж үзвэл шүүгдэгчийн  бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж албаар  худлаа мэдүүлэг өгөх субьектив санаа зорилгогүй байсан, өөрт нь өрөндөө өгсөн эд зүйл алдагдсан гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан эдгээр нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх  боломжгүй юм.

 

Иймд  шүүгдэгч Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн”  гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.

2.  Шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ЭРДЭНЭЧИМЭГ