| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00353/и |
| Дугаар | 151/ШШ2017/00574 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00574
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00574 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Борнуур сум, Бичигт баг, Пүүний дэнж 5-68 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн Алтан-Онцод холбогдох,
Гэрээний төлбөр 270 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 28 өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Д.Алтан-Онц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Миний бие Д.Алтан-Онц нь “Цээл сүмбэр” ХХК-иас 98377396 дугаартай модем төхөөрөмжийг зээлээр худалдан авсан. Гэрээгээр төхөөрөмж худалдан авахдаа урьдчилгаа 20 000 төгрөг төлсөн боловч бэлэн мөнгөний баримт өгөөгүй. Зээлээр авснаас хойш 3 сарын хугацааны төлбөрөө “Цээл сүмбэр” ХХК-ийн Хаан банк 5721499593 тоот дансанд төлсөн. Анх зээлээр төхөөрөмж олгохдоо хэрэгцээ шаардлага бүрэн хангана гэсэн боловч хэрэглээний явцад гацах удаан унших зэрэг хүндрэлүүд гарч байсан. Миний бие нь ам бүл 5 одоогоор ажил хийгээгүй байгаа учир нь амаржиж төрсөн. Төхөөрөмжийн төлбөрийг сар бүр хувааж төлөх боломж олгоно уу” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цэрэндулам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “- Д.Алтан-Онцын хариу тайлбартай танилцлаа. Манай байгууллагаас хариуцагч Д.Алтан-Онцоос нэхэмжилсэн алданги 20 000 төгрөгийг хасч нийт 250 000 төгрөгийг 2 сард хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Алтан-Онцоос гэрээний төлбөр 270 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 20 000 төгрөгөөр багасгаж 250 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч Д.Алтан-Онц нь хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг сар бүр хувааж төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийн 50 хувь болох 4375 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 4375 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Алтан-Онцоос 4375 төгрөгийг гаргуулж нийт 8750 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний төлбөр 250 000 төгрөгийг хариуцагч Д.Алтан-Онц төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 750 төгрөгийн 50 хувь болох 4 375 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 4 375 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Д.Алтан-Онцоос 4 375 төгрөгийг гаргуулж нийт 8 750 төгрөгийг нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ