Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Ч.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 2025003300024 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.Б,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны тоотод хамтран амьдрагч Ч.Ц лүү гар утас шидэж, хамрын ясны хугарал бүхий гэмтэл учруулсан, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ч.Цг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ц мэдүүлэхдээ “Надад ярих зүйл байхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Энэ хүнтэй дахиж уулзахгүй байвал сайн байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.Цгийн 2020 оны 05 сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Ч.Бтай маргалдсан ба намайг гэрээсээ хөөлөө гээд миний шанаа руу алгадсан. Ер нь байнга зодож нүддэг. Хардана, сэрдэнэ, миний утсыг байнга шалгана. 2019 оны 05 сарын 28-ны өдөр маргалдаад над руу утсаа авч шидсэн чинь хамар онож, яс хугарч гол судасаа дарсан байсан. Миний хамрын хугарал эдгэсэн байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/

 

2. Гэрч Ч.Н-гийн “Ч.Б гэх залуу манай дүүгийн гэрт хамт амьдардаг. Зүгээр ч амьдрахгүй, цохиж зоддог. Аяга шидэж хамрыг нь цөмлөснөөс болж их хэмжээний цус алдаж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан. 2019 оны 05 сард хамар луу утас шидэж хугалсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

 

3. Гэрч Д.Н-гийн “Миний хажууд цохиж зодож байгаагүй. Намайг Оросод сурч байхад ээж Ч.Бд зодуулчихаад хагалгаанд орсон гэсэн. Гэхдээ ямар учраас ээжийг зодсныг мэдэхгүй, ээжтэй чатаар ярихаар нүд нь хөхөрсөн, хацар хавдсан байдаг. Тэрийгээ дандаа надаас нуудаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 447 дугаартай “Ч.Цгийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоодлоо. Тархи доргилт нь хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 31-32-р хуудас/

5. Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 04 дугаартай “магадлуулагчийн 2019 оны 05 сард хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд магадлуулагчид хамар ясны хугарал үүсч байжээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл 2019 оны 05 сард үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт.х-ийн 166-167-р хуудас/

6. Орхон аймгийн БОЭТөвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх. х-ийн 83-96-р хуудас/

7. Яллагдагч Ч.Бы “2020 оны 05 сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Ч.Цгийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед бид хоёр маргалдаад Ч.Цгийн 2 хацар луу алгадсан. Тэгээд би гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал, дүгнэлт.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ тосгоны тоотод хамтран амьдрагч Ч.Цг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Ч.Ц, гэрч Намуунгоо нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Бы өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ч.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ч.Ц нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байгаа тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 54 хоног цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Бы цагдан хоригдсон 54 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 432 цагийн нийтэд тустай ажил хийсэнд тооцож нийт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 432 цагийн ялыг хасаж үлдсэн 68 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авъя гэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: Гэм буруугийн асуудал болон хохирол төлбөрийн тухайд гаргах дүгнэлт байхгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа тул миний хувьд гаргах дүгнэлт байхгүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх талаар ярьж байна. Шүүгдэгчийн хувьд урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа дүгнэлт мөн хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэж өгөөч гэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Ц “2020 оны 05 сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Ч.Бтай маргалдсан ба намайг гэрээсээ хөөлөө гээд миний шанаа руу алгадсан. Ер нь байнга зодож нүддэг. Хардана, сэрдэнэ, миний утсыг байнга шалгана. 2019 оны 05 сарын 28-ны өдөр маргалдаад над руу утсаа авч шидсэн чинь хамар онож, яс хугарч гол судасаа дарсан байсан. Миний хамрын хугарал эдгэсэн байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Н-гийн “Ч.Б гэх залуу манай дүүгийн гэрт хамт амьдардаг. Зүгээр ч амьдрахгүй, цохиж зоддог. Аяга шидэж хамрыг нь цөмлөснөөс болж их хэмжээний цус алдаж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан. 2019 оны 05 сард хамар луу утас шидэж хугалсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Н-гийн “Миний хажууд цохиж зодож байгаагүй. Намайг Оросод сурч байхад ээж Ч.Бд зодуулчихаад хагалгаанд орсон гэсэн. Гэхдээ ямар учраас ээжийг зодсонг мэдэхгүй ээжтэй чатаар ярихаар нүд нь хөхөрсөн, хацар хавдсан байдаг. Тэрийгээ дандаа надаас нуудаг” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 447 дугаартай дүгнэлт, Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн БОЭТөвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ тосгоны тоотод хамтран амьдрагч Ч.Цтэй маргалдан гар утас шидэж, хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ч.Цг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ч.Б нь 54 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бы цагдан хоригдсон 54 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 432 цагаар тооцон хасч, эдлэх ялыг 68 цагийн хугацаагар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 68 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС