Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0245/З |
Дугаар | 221/МА2023/0430 |
Огноо | 2023-06-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2023/0430
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Б.Б, М.О нар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нар,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ч.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагч Б.Б, М.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 128/2022/0245/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарт холбогдуулан “Татварын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.5, 12 дугаар зүйлийн 12.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1.18 16 дугаар зүйлийн 16.2-т тус тус заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор ногдуулсан 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 33,769,279,735.39 төгрөгийн зөрчилд ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.64 төгрөгийн алданги нийт 4,910,520,626.98 төгрөгийг бууруулж, үлдэх нийт 7,804,825,449,01 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.Б, М.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд оршин суугч бус этгээдээс оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд албан татвар ногдуулахаар заасан.“Х” ХХК нь Монгол Улсад оршин суугч бус “M D E L” компани болон “B T L” компаниудтай гэрээ байгуулж, 2017 онд 2,599,799,811.65 төгрөг, 2018 онд 6,669,980,583.58 төгрөг, 2019 онд 24,499,499,340.16 төгрөг, нийт дүнгээр 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн зөвлөх үйлчилгээ худалдан авсныг тус компанитай хийсэн гэрээ болон санхүүгийн анхан шатны баримтаар нотолсон.
3.2. Оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгах үүргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тухайн бараа ажил үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлсэн эсэхээс үл хамаарч тухайн үйлчилгээг худалдан авсан нь анхан шатны баримт, журнал, гүйлгээ баланс, дансны давхар бичилтээр нотлогдож төлбөр төлөгдсөн болон өглөг дансанд бүртгэгдсэн дүн бараа материал, менежментийн зардал дансанд бүртгэгдсэн тохиолдолд суутгагчийн үүрэг гүйцэтгэж суутгахаар заасан. Тус компанийн “M D E L” компанитай хийсэн “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4.2-т “Монгол Улсын татварын хуулийн дагуу Монгол компани нь хилийн гаднах компанид хөдөлмөр эрхэлсэн төлбөр төлж 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг, энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг А тал буюу “Х” ХХК хариуцаж төлөхөөр” заасан. Иймд мөн хуулийн дагуу оршин суугч бусын нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах үүргийг гүйцэтгээгүй байсан тул нөхөн татвар ногдуулсан.
3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлд “Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт”, 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй” 15.1.3-д “энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр” гэж заасан. “Х” ХХК нь дээрх 2017-2019 онуудын нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн төлбөрөөс оршин суугч бус этгээдэд олгосон орлогоос татвар суутгаагүй ч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгаж татвар ногдуулах орлогоо бууруулсан байна. Иймд бид татварын хяналт шалгалтаар оршин суугч бус этгээдэд олгосон орлогоос татвар суутгаагүй зөрчилд хариуцлага тооцсон.
3.4. Татвар төлөгч “2017-2019 онуудын нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн төлбөрийг огт төлөөгүй, өглөг дансанд бүртгэсэн” гэж тайлбарласан. Тус компанийн ХААН банкны *** тоот юанийн данс, Хас банкны ** тоот юанийн дансаар 2017 онд 7,174,221.32 юань буюу 2,630,846,710.63 төгрөг, 2018 онд 17,997,108.54 юань буюу 6,669,980,583.58 төгрөг 2019 онд 34,276,511.48 юань буюу 13,265,906,213.69 төгрөг, нийт 59,447,841.34 юань буюу 22,716,489,453.16 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Хавсралтаар оруулсан материалууд хавтаст хэрэгт авагдсан болно” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: “...
4.1. Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Оршин суугч бус этгээд худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгах үүргийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тухайн бараа ажил үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлсэн эсэхээс үл хамаарч тухайн барааг худалдан авсан нь анхан шатны баримт, журнал, гүйлгээ баланс, дансны давхар бичилтээр нотлогдож төлбөр төлөгдсөн болон өглөг дансанд бүртгэгдсэн дүн бараа материал, менежментийн зардал дансанд бүртгэгдсэн тохиолдолд суутгагчийн үүрэг гүйцэтгэж суутгахаар заасан” гэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
4.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “гадагш шилжүүлсэн эсэхээс үл хамаарч” гэх үг, үсэг, өгүүлбэр огт байдаггүй, хуулийн 14 дүгээр зүйл 14.1-д “...Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...” 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн”, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг Нягтлан бодох бүртгэлд тусгах тухай журам”-ын 2.1-д “Албан татварын хасалтыг албан татварын падаан, гаалийн мэдүүлэг болон Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хуулийн 14.1.3-т заасан этгээдийн хувьд төлбөрийн баримт зэргийг үндэслэн хийх бөгөөд дараах шалгуурыг хангасан байна”, 2.1.1-д “албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан, эсхүл импортын бараа, ажил үйлчилгээнд төлсөн байх” гэж зааснаар татвар суутган төлөгч тухайн төлбөрийг төлсөн тохиолдолд татвар суутган авч холбогдох журмын дагуу татвар төлнө.
4.3. Хуулийн энэ заалтыг хуулийн хэрэгжилтийг ханган хянах ажил үүрэг бүхий татварын улсын байцаагчид буруу ойлгож өглөг үүсгэсэн л бол татвар суутгаж авах үүрэгтэй гэж тайлбарлаж төлбөр нь төлөгдөөгүй дансны үлдэгдлийг зөрчил гэж үзэн хариуцлага ногдуулсан гэдгээ гомдолдоо хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар бүлэг “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаан олголт” бүлгийн 14 дүгээр зүйлд “Албан татварын хасалт хийх” гэсэн зүйл заалт нь өөрөө төсөвт төлөх албан татвараас нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч нь ямар нөхцөлд ямар нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох тухай заасан хуулийн зүйл заалт бөгөөд тухайн тайлант хугацаанд ямар ямар нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нь хасч тайлагнах тухай ойлголтыг хуульчилж өгсөн. Зарчим нь төсөвт төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцдог дэлхий нийтийн зарчим байдаг. Үүнийг Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хэн ч уншаад ойлгохоор яг үг үсэгчлэн заасан байгааг татварын багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг татварын улсын байцаагчид ойлгоогүй, зөвхөн төсвөөс буцаан авахад хэрэглэдэг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд “... ажил үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлсэн эсэхээс үл хамаарч тухайн барааг ... өглөг дансанд бүртгэгдсэн дүн бараа материал, менежментийн зардал дансанд бүртгэгдсэн тохиолдолд суутгагчийн үүрэг гүйцэтгэж суутгахаар заасан байдаг” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.4. Мөн хариуцагч гомдолдоо “Тус компани нь “M D E L” компани нарын хороонд байгуулагдсан “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээний” 4 дүгээр зүйлд 4.2-т заснаар Монгол Улсын татварын хуулийн дагуу Монголын компани нь хилийн гаднах компанид хөдөлмөр эрхэлсэн төлбөр төлж 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг, энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг А тал буюу “Х” ХХК хариуцаж төлөхөөр заасан. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу оршин суугч бусын нэмэгдсэн өртгийн албан татвар татвар ногдуулах үүргийг гүйцэтгээгүй байсан тул нөхөн татвар ногдуулж хариуцлага ногдуулсан” гэх гомдол үндэслэлгүй.
4.5. Нэхэмжлэгч “Х” ХХК болон “M D E L” компанийн харилцан тохиролцож байгуулсан гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг “Х” ХХК хариуцах үүрэгтэй гэж тохиролцсон тохиролцоо нь төлөөгүй байгаа төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээлгэх хууль зүйн үндэслэл болохгүй. Гэтэл хариуцагч нар “Х” ХХК болон “M D E L” компанийн хооронд байгуулагдсан “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах тухай журам”-ын 2.1, 2.1.1-д тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэж төлөөгүй байгаа төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож татвар төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан дээрх асуудлыг анхан шатны шүүх хянан хэлэлцээд оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй гэх зөрчлийн тухайд дараах дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
4.6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.4-т “Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн “ Э Х О У Э З Т Х А” ХХК-иас 2017-2019 онуудад хамаарах нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөр нь татвар ногдох орлого мөн боловч тухайн төлбөрийг төлөөгүй байхад зөрчилд тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Мөн Маргаан таслах зөвлөлийн шийдвэрт уг дүнг өглөгийн дансны дүн байна гэж үзсэн. Мөн Үндэслэх хэсгийн 3.5, 3.8, 3.9, 3.10-д энэ талаар дүгнэсэн. Гэвч давж заалдах гомдолд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3 дахь хэсгийн дүгнэлт яагаад хууль бус талаар дурдаагүй байгаа нь оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй гэх зөрчлийн талаар дүгнэсэн дээрх дүгнэлт үндэслэлтэй болсныг илтгэж байна.
4.7. Мөн хариуцагч гомдолдоо “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр” гэж тусгасан нь ойлгомжгүй буюу шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Том татвар төлөгчийн газраас “Х” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр capaac 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн шалгалтаар татварын улсын байцагчид оршин суугч бус этгээдээс 2017-2019 онд худалдан авсан бараа ажил үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй нийт 33,769,279,735.39 төгрөгийн зөрчилд 4,910,520,626.98 байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн зохицуулалт нь “аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад” хамаарах бөгөөд маргааны гол зүйл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулахаар шийдвэрлэх асуудал буюу “Х” ХХК нь “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөрийг төлсөн эсэх, хэрэв төлбөрийг төлөөгүй байгаа тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэг үүсэх үү, үгүй юу гэдгийг хянан шийдвэрлэх учиртай.
4.8. Түүнчлэн хариуцагч гомдолдоо Тус компанийн Хаан банкны *** тоот юанийн данс, Хас банкны ** тоот юанийн дансаар 2017 онд 7,174,221.32 юань буюу 2,630,846.710 төгрөг, 2018 онд 17,997,108.54 юань буюу 6,669,980,538.58 төгрөг 2019 онд 34,447,841.48 юань буюу 22,716,489,453.16 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна” гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх хянахдаа “... нэхэмжлэгч менежментийн үйлчилгээний төлбөрт 2017-2019 онуудад нийт 20,298,956,384.59, шатахуун 9,773,419,726.54, засвар 16,978,644,852.84, тээвэр 2,437,988,944.02, нийт 49,489,009,957.99 төгрөгийг тус тус тайлагнасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актаар зөрчилд тооцсон 77,926,110,353.22 төгрөгийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, зөвхөн хоорондын дансны өглөгийн журналаар нотлогдсон гэж үзэхээргүй байна” гэж хянан шийдвэрлэсэн.
4.9. Хариуцагч татварын улсын байцаагчид тухайн шийдвэрт гаргасан гомдолд тайлагнасан гэх 49,489,009,957.99 төгрөгтэй маргаагүй бөгөөд манайх гэрээний дагуу “M D E L” компани руу тээвэр, шатахуун, засварын гээд бүхий л төлбөрийг шилжүүлдэг. Эдгээр төлбөрүүдийг “M D E L” компани хилийн гадна засвар үйлчилгээ үзүүлсэн болон шатахуун авсан харилцагч байгууллагууд руу шилжүүлдэг гэдэгтэй маргаагүй. Иймд энэ төлбөрүүд дан ганц “M D E L” компанийн хооронд байгуулагдсан “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээний” дагуу шилжүүлсэн төлбөр тооцоо биш болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0344 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Шийдвэрийн 1 дэх заалтаар: “ “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар, татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Б, М.О нарын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын акт, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор ногдуулсан 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 33,769,279,735.39 төгрөгийн зөрчилд ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.64 төгрөгийн алданги нийт 4,910,520,626.98 төгрөгийг бууруулж, үлдэх нийт 7,804,825,449,01 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж” шийдвэрлэсэн, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу “маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрийн дүнгээс 4,910,520,626.98 төгрөгийг бууруулж” шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргасан тул ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэхийг гомдлын хүрээнд хянав.
3. “Х” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ Э Х О У Э З Т Х А” ХХК, “ M D E L” компанитай “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсны дагуу “ Э Х О У Э З Т Х А” ХХК-иас 2017 онд 2,599,799,811.65 төгрөгийн, 2018 онд 6,669,980,583.58 төгрөгийн, 2019 онд 24,499,499,340.16 төгрөгийн, нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээг авсан, энэ үйл баримттай талууд маргаагүй.
4. Улсын байцаагч нар нэхэмжлэгчийг “ийнхүү гэрээний дагуу оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, төлөөгүй” зөрчил гаргасан гэж үзээд нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөр ногдох 3,376,927,973.54 төгрөгийн нөхөн татвар, 1,013,078,392.06 төгрөгийн торгууль, 520,514,261.38 төгрөгийн алданги, нийт 4,910,520,626.98 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцжээ.
5. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ хууль нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэхээр байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахаар, 7.2.5-д зааснаар оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд мөн албан татвар ногдуулахаар, 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөхөөр хуульчилсан.
6. “Менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 4.2-т Монгол Улсын татварын хуулийн дагуу Монгол компани нь хилийн гаднах компанид хөдөлмөр эрхэлсэн төлбөр төлж 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг, энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг А тал буюу “Х” ХХК хариуцаж төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд 2017-2019 оны менежментийн үйлчилгээний төлбөрийг 33,769,279,735.69 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ Э Х О У Э З Т Х А” ХХК-тай хоорондын тооцооны өглөгийн дансанд тооцохдоо уг орлогын үнийн дүнгээс албан татварыг нь суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй болох нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын 2017-2019 оны тайлангаар тогтоогдож байна.
7. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар төсөвт төлөхөөр тайлагнасан албан татвар, төлбөр, хураамжийг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор байна. Нэхэмжлэгчийн тухайд уг үйлчилгээний дүнг хасагдах зардалд тооцсон тухайд маргаагүй, шүүх хуралдаанд “... энэ маргаан нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлттэй холбоотой маргаан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хамааралгүй” гэх тайлбарыг хийсэн боловч аж ахуйн нэгжийн гаргасан тайлан бүр тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, түүнээс олсон орлого, зарлага, татвар төлөлтийн байдлыг тусгаж, түүгээр бүх тайлан тулж байх ёстой, өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нарын “... бид татварын иж бүрэн хяналт шалгалт хийхдээ зөвхөн нэг тайланг үздэггүй, компанийн бүх тайланг нягталж тулгасны үндсэн дээр орлого, зарлагыг тулгаж акт ногдуулдаг, нэг талдаа нэмэгдсэн өртгийн албан татвар гэх боловч аль ч байдлаар үзсэн 10 хувийн татвар ногдуулах ёстой асуудал, хэрэв 22 тэрбум төгрөгөөр тооцож татвараа төлсөн байсан бол бид уг үнийн дүнд татвар ногдуулах байсан, гэвч энэ компани 33 тэрбум төгрөгөөр зардалд суутгасан байсан тул нийт үнийн дүнгээр тооцож төлбөр ногдуулсан” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
8. Нэхэмжлэгчээс “... хариуцагч нар төлөөгүй байгаа төлбөр дээр татвар ногдуулж, санхүүгийн болон аудитын тайланд 33 тэрбум төгрөгийн урт хугацааны өглөг гэж бүртгэсэн тул нэмэгдсэн өртгийн албан татвар тооцож төлөх ёстой байсан гэж үздэг, 33 тэрбум төгрөгийг банкаар шилжүүлсэн буюу төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны хэлэлцэгдээгүй баримтыг хариуцагч нараас давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө гаргасан” гэх боловч тус компанийн дансны хуулга, бусад компаниудтай хийгдсэн гэрээнүүд, компанийн тайлан, менежментийн үйлчилгээний зардлын тооцоо зэрэг баримтууд хэрэгт авагдсаны дээр хариуцагч нараас ийнхүү гаргаж өгсөн 28 хуудас баримт нь давж заалдах гомдлын хавсралт гэх баримтууд бөгөөд анхан шатны шүүхэд хэлэлцээгүй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
9. Мөн нэхэмжлэгчийн “... гэрээ байгуулсан асуудлаар маргаагүй, гол нь гэрээ төлбөр төлснөөр хэрэгжих тул 33 тэрбум төгрөгийг урт хугацааны өр төлбөр гэж тайлагнасаар байхад шууд татвар төл гэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэх тайлбарыг үгүйсгэж хариуцагч нараас “... нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үлдсэн өглөг нь зөвхөн менежментийн үйлчилгээний төлбөрийнх бус өөр бусад шатахуун, засвар, менежмент зэргийн үлдэгдэл бөгөөд бид энэ тооцооллыг татвар төлөгчөөс гаргаж өгсөн баримтынх нь дагуу тус тусад нь тооцсон, энэ компанийн нийт өглөгөөс 22 тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа, татвар төлөгч 33 тэрбум төгрөгөөр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардалд тусгаж, татвар төлөх орлогоос хасаж тайлагнасан тул 22 тэрбум төгрөгөөр биш 33 тэрбум төгрөгөөр ногдуулснаар зардал нь хүлээн зөвшөөрөгдөнө...” гэх хариу тайлбарыг хийснийг буруутгах боломжгүй. Учир нь дээрх дурдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар оршин суугч бус этгээдээс оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд албан татвар ногдуулахаар заасан бөгөөд нэхэмжлэгч компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ Э Х О У Э З Т Х А” ХХК-иас 2017-2019 онд нийт 33,769,279,735.39 төгрөгийн менежментийн үйлчилгээг худалдан авсан нь хоорондын тооцооны дансны өглөгийн журналаар, тус үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй болох нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017-2019 оны тайлангаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч хоорондын тооцооны дансны өглөгийн дансаар тооцохдоо шилжүүлсэн тухайн орлогын үнийн дүнгээс албан татварыг нь суутган авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй.
10. Нэхэмжлэгчээс “... Нийт менежментийн үйлчилгээний төлбөр 53 тэрбум төгрөг байгаа, бид 22 тэрбум төгрөгийг төлсөн, хариуцагч нарын дурдаад байгаа менежментийн үйлчилгээний төлбөр болох 33 тэрбум төгрөг нь төлөгдөөгүй байгаа, хэрэв хариуцагч төлсөн 22 тэрбум төгрөгөөс татвараа төлөөгүй гэж үзвэл 33 тэрбум болон 22 тэрбум төгрөгийн зөрүүг хэрхэх вэ, 22 тэрбум төгрөгийг төлсөн гэж хариуцагч давж заалдах шатны шүүхэд л маргаж байна, гэрээний төлбөрийг хэрхэн төлөхтэй холбоотой асуудал татвартай холбоогүй...” гэж тайлбарлаж маргах боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотолж чадахгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлсөн гэх 22 тэрбум төгрөг нь засвар үйлчилгээ, шатахуун, түрээсийн төлбөр болох нь баттай тогтоогдохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актаар ногдуулсан үнийн дүнг багасгах хууль зүйн үндэслэлгүй байна.
11. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1421 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг “гомдол гаргах хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр буцаасан, нэхэмжлэгчээс уг захирамжийг гардаж аваад хуульд заасны дагуу хугацаагаа сэргээлгээгүй, энэ талаар санал, хүсэлтээ илэрхийлээгүй тул зөвхөн хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.5, 12 дугаар зүйлийн 12.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006/ 8 дугаар зүйлийн 8.1.18, 16 дугаар зүйлийн 16.2-т тус тус заасныг баримтлан “Х” ХХК-ийн “Татварын улсын байцаагчдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн НА-21210000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хянан хэлэлцсэн Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 238,778,022,762.03 төгрөгийн зөрчилд ногдох 8,616,815,876.40 төгрөгийн нөхөн татвар, 2,585,044,762.93 төгрөгийн торгууль, 1,513,485,436.66 төгрөгийн алданги, нийт 12,715,346,075.99 төгрөгийн төлбөрөөс 1,291,313,554.58 төгрөгийн зөрчилд ногдуулсан 129,131,355.46 төгрөгийн нөхөн татвар, 38,739,406.64 төгрөгийн торгууль, нийт 193,697,033.20 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 237,486,709,207.45 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,487,684,520.94 төгрөгийн нөхөн татвар, 2,559,218,491.83 төгрөгийн торгууль, 1,474,746,030.02 төгрөгийн алданги, нийт 12,521,649,042.79 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, М.О нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН