Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Ц.Дагвадорж

шүүгдэгч Г.Бямбажав, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201624000255 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 7-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Сутайн буянт” ХХК-д жолооч ажилтай байсан гэх, ам бүл 4; эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 30 дугаар гудамж, 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК94062514 дугаарын регистртэй, Боржигон овогт Ганзүрхийн Бямбажав

 

Шүүгдэгч Г.Бямбажав 2016 оны 3 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Гранд Марк-2 маркийн 77-22 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” гэх нэртэй баарны гадна талын авто зогсоолд Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.7 “а”, 9.2 залтуудыг зөрчиж, зогсоолд байсан Тоёота Аллион маркийн 05-88 УБЯ улсын дугаартай, Тоёота Приус маркийн 21-19 УНХ улсын дугаартай, Мазда Демо маркийн 04-02 УНЯ улсын дугаартай гурван авто машиныг мөргөж, бусдад бага бус хэмжээний буюу Д.Ванданнямд 2.025.000 төгрөгийн шууд, нийт 2.260.600 төгрөгийн, Б.Гэрэлмаад 425.000 төгрөгийн шууд, нийт 614.000 төгрөгийн, Б.Амгаланбаатарт 265.000 төгрөгийн шууд, нийт 390.200 төгрөгийн, М.Хуланд 1.525.000 төгрөгийн шууд, нийт 1.823.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5. “а”, “в” заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Бямбажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Г.Бямбажавын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 140/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 135-137/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-н 141-142/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 133/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 138/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-н 131/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 132/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 134/,

гэрч Дэмчигсүрэнгийн Мишээлийн “...Бямбажав бид хоёр анх 2012 онд танилцаад 2014 онд хүүхэдтэй болсон. Одоо нөхөр бид хоёр манай аавын гэрт түр амьдарч байна. Манай нөхөр Сутайн буянт авто баазад автобусны жолоочоор ажилладаг. Манай нөхөр сэтгэлээрээ, тусч, халамжтай, найрсан нөхөрсөг, сайн нөхөр юм. Урьд өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй” /хх-н 59/ гэсэн мэдүүлэг,

гэрч Дашдаваагийн Цоожилын “...би Бямбажавын нагац ах нь юм. Бямбажавын ээж Дашдаагийн Янжинлхамын төрсөн дүү нь. Миний эгч 2002 онд өвчний улмаас нас барсан. Г.Бямбажав эхнэртэйгээ хамт амьдрахаас өмнө хоёр ах, дүү нартайгаа өөрийн төрсөн гэртээ амьдарч байгаад эхнэртэй болж, хадам аавындаа амьдарч байна. Манай дүү Бямбажав даруухан, архи тамхи хэрэглээд байгаа нь надад харагдаж, сонсогдож байгаагүй. Ажилд сайн, саяхан автобус баазад ажилд орсон. Урьд өмнө нь хэрэгт орж байгаагүй” /хх-н 65/ гэсэн мэдүүлэг,

гэрч Мандахгэрэлийн Хулангийн “...Бямбажав бид хоёр Яармагт багаасаа нэг дор өссөн, найзууд юм. Бямбажав хөгжилтэй, нийтэч, тусч, сайн залуу” /хх-н 38-39/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                            

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Бямбажав 2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Гранд Марк-2 маркийн 77-22 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” гэх нэртэй баарны гадна талын авто зогсоолд Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.7 “а”, 9.2 залтуудыг зөрчиж, зогсоолд байсан Тоёота Аллион маркийн 05-88 УБЯ улсын дугаартай, Тоёота Приус маркийн 21-19 УНХ улсын дугаартай, Мазда Демо маркийн 04-02 УНЯ улсын дугаартай гурван авто машиныг мөргөж, бусдад бага бус хэмжээний буюу Д.Ванданнямд 2.025.000 төгрөгийн шууд, нийт 2.260.600 төгрөгийн, Б.Гэрэлмаад 425.000 төгрөгийн шууд, нийт 614.000 төгрөгийн, Б.Амгаланбаатарт 265.000 төгрөгийн шууд, нийт 390.200 төгрөгийн, М.Хуланд 1.525.000 төгрөгийн шууд, нийт 1.823.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан зам тээврийн осол гаргаж, мөн дүрмийн 2.5. “а”, “в” заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

иргэний нэхэмжлэгч Доржгочоогийн Ванданнямын “...Тоёота Аллион маркийн 05-88 УБЯ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг, гэр бүлийн дундын өмч юм. Осол болох үед манай нөхөр Б.Баттүвшин бариад явж байсан. Би ослын талаар мэдэхгүй. Би өөрийн автомашин болон мөргүүлсэн 2 автомашинуудын үнэлгээний дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй” /хх-н 22/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч Баттогтохын Гэрэлмаагийн “...Тоёота Приус 20 маркийн 21-29 УНХ дугаартай автомашин манай гэр бүлийн дундын эзэмшлийнх юм. Тухайн үед нөхөр Б.Батномин бид хоёр Кастел гээд бааранд найз нартайгаа байхад баарны удирдлагаас манай машиныг мөргүүлсэн гэж зарлахад нь мэдээд, баарны зогсоол руу нөхрийн хамт гараад харахад манай автомашины урд куфер хэсгээс мөргөгдсөн байдалтай байсан бөгөөд өөр хоёр автомашиныг Гранд марк-2 маркийн автомашин мөргөсөн байсан. Нөхөр бид хоёрыг гараад ирэх үед осол гаргасан жолооч зугтаад явсан байсан. Машины эзэмшигч эмэгтэй үлдсэн байсан. Удалгүй хэргийн газар үзлэг хийсэн. Тоёота Приус 20 маркийн 21-19 УНХ дугаартай автомашины үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт байхгүй” /хх-н 35/ гэсэн,

иргэний хариуцагч Мандахгэрэлийн Хулангийн “...2016 оны 3 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед гэртээ байж байхад багын найз Бямбажав над руу гар утсаар залгаад Яармагт байна, автобусны мөнгө байхгүй байна, ирээд аваач гээд гуйхаар нь Яармагийн 2 дугаар буудал дээрээс очиж авахад Батмөнх, Уламбаяр гээд хоёр найзтайгаа явж байсан. Бид дөрөв уулзаад Нарны гүүрийн баруун доод талд байрлах караоке орж нэг цаг дуулсан. Тэр гурав нэг нэг пиво уусан. Би ундаа уусан. Намайг манай найзууд хороололд дуудаад байхаар нь бид дөрөв нэг цаг дуулчихаад манай найзууд руу 3, 4 дүгээр хороолол Кастел гээд караокений зогсоол дээр ирэхэд тэр гурав машинд намайг хүлээж байя, намайг орчихоод гараад ир гэсэн. Би найз нартайгаа байж байхад ойролцоогоор 40-50 минутын дараа Бямбажав гараад ир гэсэн. Тэгээд намайг гараад очиход Бямбажав машины жолооны хүрд дээр суусан байхаар нь би жолоочийн хажуу талд суухад урд талын салон дээр үлдээгээд гарсан автомашин асаалтын түлхүүрийг Бямбажав аваад машин асаагаад, хаазлаад 10-15 метр газар яваад тэнд зогсож байсан гурван автомашиныг мөргөсөн. Тэр үед мөргүүлсэн автомашины жолооч нар нь машиныхаа гадна байсан. Бямбажав машинаас бууж ирээд тэд нартай уулзаж, хохирлыг чинь төлөөд өгнө гэж ярьж байгаад л удалгүй / 5 минутын дараа/ явганаар зугтаад яваад өгсөн. Мазда Демо маркийн автомашины жолооч ах араас нь явганаар хөөгөөд хэсэг хугацааны дараа гүйцсэнгүй гээд ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн. Маргааш нь Бямбажав өөрөө над руу залгаад бид нар цагдаа дээр очиж уулзсан. Би Кастел баар руу ороход машиныхаа түлхүүрийг аваад орсон. Тэгээд машинаасаа тамхи авах гэж гарч ирээд машины урд салон дээрээ мартаад үлдээсэн байсан. Тэгээд намайг дараа нь гараад ирэхэд урд салон дээр байсан түлхүүрийг Бямбажав аваад машин асаасан юм. Би машин барих зөвшөөрөл өгөөгүй. Согтуу хүнд машин бариулахгүй. Бямбажав түлхүүр аваад зүгээр л машин асаагаад хаазлаад хөдөлсөн. Би тэр үед яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд яавал гэж хэлээд л хаазлаад зогсож байсан автомашинуудыг мөргөсөн. Би Бямбажавыг аваарь хийнэ гэж бодоогүй. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй  байсан. 2015 онд оношлогоонд орсон байсан. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахгүй. Миний машинд ч гэсэн хохирол учирсан. Би бусдад машинаа бариулдаггүй. Би өөрөө л барьдаг. Бямбажав урьд өмнө нь миний машиныг барьж байгаагүй” /хх-н 38-39, 41/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч  Мандахгэрэлийн Хулангийн “...миний автомашины баруун урд хэсгээр мөргөсөн. Мөргөлтөөс нь болж зүүн урд талд эвдрэл учирсан, эвдрэл гэмтэл үнэлгээгээр тогтоогдож гарсан. Бямбажав миний автомашины хохирлыг хурдан төлж өгвөл гомдол санал байхгүй” /хх-н 41/ гэсэн,   

иргэний нэхэмжлэгч Бямбацогтын Амгаланбаатарын “...2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн М.Демо маркийн 04-02 УНЯ дугаартай автомашинаар таксинд яваад Кастел баарны зогсоолд хүн суулгах гээд зогсож байсан. Бие засах гээд баар руу орчихоод машин руугаа алхаж байхад өндөр хаазтай машины дуу гарсан ба дуу гарсан газар руу харахын завдалгүй Гранд марк-2 маркийн автомашин зүүн урд хэсгээрээ миний автомашины баруун талын хаалга хэсгийг мөргөөд зогссон байсан. Миний автомашиныг мөргөхөөсөө өмнө хоёр суудлын автомашиныг бас мөргөсөн байсан. Тоёота Гранд марк-2 автомашины жолооч талын суудал дээрээс саарал куртиктэй залуу, зорчигч талаас нэг эмэгтэй хүүхэд, ард талаас хоёр залуу бууж ирж байсан. Жолооч залуу машинаасаа бууж ирээд ослын газар дээр зогсож байгаад удаагүй, гэнэт алга болсон байсан. Би баарны гардаг хаалга руу харахад хашааны булан тойроод зугтаж байхаар нь араас нь хөөгөөд гүйцээгүй. Удалгүй цагдаа нар ирж, хэргийн газарт үзлэг хийсэн. Тэр машинд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Би машиндаа суугаагүй байсан болохоор биедээ гэмтэл аваагүй. Миний жолоодож явсан автомашин манай хүргэн ах Жанчивын нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийнх. Миний иргэний үнэмлэх Баганууд дүүргийн хаягтай байсан учраас хотын иргэний үнэмлэхтэйгээр нь хүргэн ах Жанчивын нэр дээр автомашиныхаа гэрчилгээг авсан юм” /хх-н 46/ гэсэн,

гэрч Баяртогтохын Баттүвшингийн “...2016 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед Бичил хорооллын Кастел баарны зогсоол дээр өөрийн эзэмшлийн Т.Алион маркийн 05-88 УБЯ улсын дугаартай автомашинаа байрлуулчихаад баар руу орж хүнтэй уулзах гээд машинаа цоожилж байтал гэнэт л машины хаазлах чимээ сонсогдсон. Эргэж харахын завдалгүй миний машиныг нэг машин мөргөөд, би өөрийн машиндаа мөргөгдөөд газарт унасан. Босоод ирэхэд миний машины зүүн урд хэсгийг Тоёота Гранд марк-2 маркийн автомашин мөргөөд, миний машины цаад талд зогсож байсан М.Демо маркийн машиныг мөргөөд зогссон байсан. Мөн миний машин мөргүүлсэн эрчиндээ Т.Приус маркийн автомашиныг мөргөсөн. Үнэлгээгээр миний машинд учирсан эвдрэл гэмтэл бүгд тусгагдсан. Тоёота Гранд марк-2 автомашины жолооч талын суудал дээрээс саарал куртиктэй залуу, зорчигч талаас нэг эмэгтэй хүүхэд, ард талын суудлаас хоёр залуу бууж ирж байсан. Би өөрийн 88058355 гэсэн дугаартай утсаар цагдаад дуудлага өгч байхад тэнд байсан хүмүүс осол гаргасан жолоочийг зугтаачихлаа гэж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Осол гаргасан жолооч буцаж ирээгүй. Осол гаргасан залуу буугаад ирэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Мөн ард сууж байсан хоёр залуугаас бас архи үнэртэж байсан” /хх-н 53-54/ гэсэн,

гэрч Буянмөнхийн Баярмөнхийн “...2016 оны 3 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад Яармагийн 2 дугаар буудал дээр найз Уламбаяр, Бямбажав нартай уулзсан. Хуланг Бямбажав хүрээд ир гэж дуудсан. Хуланг ирэхээр нь караоке орж нэг нэг пиво, 0.75 л архи аваад нэг цаг дуулангаа уусан. Тэндээс гараад хорооллын Кастел гээд баар руу очоод Хулан найзуудтайгаа уулзахаар орсон. Бид гурав дуусгаагүй байсан архиа Хулангийн машинд хувааж уусан. Хулан баар руу орохоосоо өмнө нэг хундага архи уусан. Хэсэг байж байгаад гарч ирээд дахиад нэг хундага архи уусан. Хуланг гараад ирэхэд нь бид гурав архиа ууж дууссан. Тэгээд ганц ганц пиво ууя гэсэн. Бямбажав түлхүүрээ өгчих, би машиныг чинь баръя гэж хэлэхэд Хулан эхэндээ үгүй гээд хэлж байсан, харин сүүлдээ жоохон юм яриад сууж байснаа баруун гар талынхаа өмдний халааснаас машины түлхүүрээ Бямбажавт гаргаж өгсөн. Бямбажав машиныг асаагаад хурдтай хөдлөөд зогсож байсан гурван автомашиныг мөргөөд зогссон. Бид нар бууж ирээд мөргүүлсэн автомашины жолооч нартай уулзаж байхад Бямбажав ганцаараа явган зугтаад яваад өгсөн. Дахиж буцаж ирээгүй. Удалгүй цагдаа нар ирж, хэргийн газарт үзлэг хийсэн. Анх Хулан баар руу орохдоо машиныхаа түлхүүрийг биедээ авч орсон. Бид нар хоорондоо маргалдаагүй. Бямбажав зүгээр л машиныг агааж, хаазлаад хурдтай хөдлөөд 50-60 метр яваад тэнд зогсож байсан гурван автомашиныг мөргөсөн. Бямбажав жолооны хүрд дээр, Хулан хажуу талд нь, ард талд нь би Уламбаяртай сууж байсан. Миний биед гэмтэл учраагүй” /хх-н 60/ гэсэн,

гэрч Батмэргэний Уламбаярын “...2016 оны 3 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Яармагийн 2 дугаар буудал дээр найз Баянмөнх, Бямбажав нартай уулзаад, Бямбажавын найз Хуланг ирэхээр нь нарны гүүр даваад тээврийн товчооны хажуу талын караоке орж нэг нэг пиво уугаад мөн гаднаас буюу дэлгүүрээс 0.75 л архи аваад нэг цаг дуулангаа уусан. Тэр үед Хулан уугаагүй. Бид нар дуулж дуусаад хорооллын Кастел гээд баар орж, Хулан найз нартайгаа уулзахаар орсон. Бид гурав нөгөө авсан архиа дуусгаагүй байсан учраас архи машинд хувааж уусан. Хулан баар руу орохоосоо өмнө нэг хундага архи хувааж уугаад дуусгасан. Бид гурав Хуланг гараад ирэхээр дэлгүүр орж нэг нэг пиво ууна гээд ярьсан байсан, тэгээд Хуланг хүлээж байхад удалгүй гараад ирэхээр нь Бямбажав түлхүүрээ өгчих Хуланг хүлээж байхад удалгүй гараад ирэхээр нь Бямбажав түлхүүрээ өгчих, дэлгүүр ороод ирье гэхэд эхэндээ үгүй гэж хэлж байснаа сүүлдээ жоохон юм яриад сууж байснаа дэлгүүр орохоор болоод баруун гар талынхаа өмдний халааснаас машины түлхүүрээ Бямбажавт гаргаж өгсөн. Бямбажав машиныг асаагаад хаазалж давхиад жоохон яваад зогсож байсан гурван автомашиныг мөргөөд зогссон. Тэгээд бид нар бууж ирээд мөргүүлсэн автомашины жолооч нартай уулзаж байхад Бямбажав ганцаараа явган зугтаад яваад өгсөн. Бид нар ослын газар дээр үлдсэн. Удалгүй цагдаа нар ирж, хэргийн газарт үзлэг хийсэн. Бямбажав ирээгүй. Түлхүүр анх Хуланд байсан. Хулан баар руу орохдоо машиныхаа түлхүүрийг биедээ авч орсон. Бид нар хоорондоо маргалдаагүй. Бямбажав зүгээр л машиныг асааж, хаазлаад хурдтай хөдлөөд 50-60 метр яваад тэнд зогсож байсан гурван автомашиныг мөргөсөн. Бямбажав жолооны хүрд дээр, Хулан хажуу талд нь, ард талд нь би Баярмөнхтэй сууж байсан. Миний биед гэмтэл учраагүй ” /хх-н 63/ гэсэн,

гэрч Батсайханы Батномингийн “...би 2016 оны 3 дугаар сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад эхнэр Гэрэлмаа болон найзуудтайгаа Кастел гээд бааранд үйлчлүүлж байсан. Баарны захиргаанаас манай машиныг мөргүүлсэн байна, гадаа гарч уулз гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт гараад харахад зогсоол дээр зогсож байсан манай автомашины урд хэсгээс мөргөсөн байсан. Мөн зогсоол дээр зогсож байсан. Тоёота Алион, М.Демо маркийн автомашинуудыг Гранд Марк-2 маркийн автомашин мөргөсөн байсан. Гадаа байсан хүмүүс жолоочийг нь явганаар зугтаад явсан гэж байсан. Гранд Марк-2 автомашины жолооч эзэмшигч эмэгтэй л байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирж үзлэг хийсэн. Манай автомашин дээр хүн байхгүй байсан. Ослын улмаас манай машинд баруун талын купер, капот зэрэг эвдрэл учирсан” /хх-н 66-67/ гэсэн,

гэрч Бямбаагийн Даваатөгсийн “...хэргийн газарт бүрэлдэхүүн ирэхэд мөргөлдсөн автомашинуудын эзэмшигч нар нь байрнаас хөдөлгөсөн байсан тул жолооч нараар мөргөлдсөн цэгийг заалгаж үзлэг хийсэн. Үзлэг хийх болон үзлэг дуусах хүртэл Т.Гранд Марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан гэх эрэгтэй хүн байхгүй байсан. Тэнд байсан оролцогч нар жолоочийг явганаар зугтаасан гэж мэдүүлж байсан” /хх-н 73/ гэсэн,

гэрч Нарантуяагийн Шинэбаатарын “...Тухайн үед хэргийн газарт жижүүрийн ахлах мөрдөгч Даваатөгс, кримналистикийн шинжээч Батжаргал нарын хамт очиход мөргөлдсөн гэх автомашинуудыг байрнаас хөдөлгөөд байруулсан байсан учир мөргөлдсөн автомашинуудыг жолооч нараар заалгаж үзлэг хийсэн. Мөн мөргөлдсөн машинууд явах боломжгүй эвдрэлтэй байсан” /хх-н 73/ гэсэн,

гэрч Мандахгэрэлийн Хулангийн “...би караоке руу анх орохдоо түлхүүрээ аваад орсон. Хэсэг байж байгаад тамхи татах гээд гараад ирэхэд ууж байсан архинаасаа тэр гурав надад хундаганд хийгээд өгөхөд би амсаад л өгсөн. Бямбажав дэлгүүр ороод ирье гээд байхаар нь би 1000 төгрөг өгье таксидаад ороод ирэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд Бямбажав дэлгүүр орохгүй болохоор нь би буцаад орсон. Тэнд намайг байж байхад хэсэг хугацааны дараа /20-30 минутын дараа/ над руу залгахаар нь гараад ирэхэд Бямбажав жолооч талын суудалд сууж байсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр суухдаа машины түлхүүрийг урд талын салон дээрээ тавьсан. Тэгээд жаахан яриад сууж байхад Бямбажав түлхүүр аваад машин асаасан. Тэгэхээр нь би машинаар хэрэггүй гэж хэлсэн ба жолооч хүн болохоор нь аваар хийчихнэ гэж бодоогүй. Цаашаа хориглоогүй байж байтал хөдлөөд, жаахан яваад машин мөргөсөн. Би тэр гуравтай архи уугаагүй. Караоке дотор нэг хундага /100 гр/ архи л уусан. Бямбажав хоёр найзтайгаа нийлээд нэг шил 0.75 л архи хувааж уусан. Осол аваарь  хийчихнэ гэж бодоогүй учраас машин барихыг нь хориглоогүй юм” /хх-н 75-76/ гэсэн,

гэрч Эрдэнийн Жанчивын “...манай эхнэрийн дүү Амгаланбаатар М.Демо маркийн 04-02 УНЯ улсын дугаартай автомашиныг анх худалдан авахдаа миний нэр дээр авсан юм. Уг автомашиныг эзэмшигч нь Амгаланбаатар байгаа юм” /хх-н 77/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Б.Баттүвшингийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн /хх-н 79/ 4342 тоот дүгнэлт,

хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн “...Э.Жанчивын өмчлөлийн Мазда Демо маркийн 04-02 УНЯ улсын дугаартай автомашинд 265.000 төгрөгийн шууд, 390.200 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн /хх-н 83-84/ 3410 дугаартай дүгнэлт,

хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн “...Хаан банкны өмчлөлийн Тоёота алион маркийн 05-88 УБЯ улсын дугаартай автомашинд 1.025.000 төгрөгийн шууд, 2.260.600 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн /хх-н 86-87/ 3403 дугаартай дүгнэлт,

хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн “...М.Хулангийн өмчлөлийн Тоёота марк-2 маркийн 77-22 УНЕ улсын дугаартай автомашинд 1.070.000 төгрөгийн шууд, 1.823.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн /хх-н 81-93/ 3415 дугаартай дүгнэлт,

хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн “... Б.Гэрэлмаагийн өмчлөлийн Тоёота Приус маркийн 21-19 УНХ улсын дугаартай автомашинд 425.000 төгрөгийн шууд, 614.000 төгрөгийн нийт хохирол учирсан”гэсэн /хх-н 95-97/ дүгнэлт,  

техникийн шинжээчийн “...Тоёота Гранд марк-2 маркийн 77-22 УНЕ автомашин жолоодон явсан жолооч Г.Бямбажав нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.5 “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн Тоёота Гранд марк-2 маркийн 77-22 УНЕ улсын дугаартай автомашины эзэмшигч М.Хулан нь Монгол Улсын замын Хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Тоёота Алион маркийн 05-88 УБЯ улсын дугаатай автомашин жолоодон явсан жолооч Б.Баттүвшин нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мазда Демо маркийн 04-02 УНЯ улсын дугаартай автомашин жолоодон явсан жолооч Б.Амгаланбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тоёота Приус маркийн 21-19 УНХ улсын дугаартай автомашин жолоодон явсан жолооч Б.Батномин Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Автотээврийн үндэсний төвийн 4/657 тоот дүгнэлтэнд Тоёота Гранд марк-2 маркийн 77-22 УНЕ дугаартай автомашиныг асахгүй, хөдлөх боломжгүй, оношлогоо хийлгэх боломжгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдал осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж дүгнэлтийг гаргасан байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэсэн /хх-н 110-111/ 295 дугаартай дүгнэлт,  

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-н 4/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 5/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 46/, гэрэл зургууд /хх-н 7-8, 84, 87, 92-93, 97, 105, /, камерийн бичлэг шүүж, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-н 16/, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 17/, Автотээврийн үндэсний төвийн албан тоот /хх-н 104/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Боржигон овогт Ганзүрхийн Бямбажавыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

Гэхдээ шүүх энэ хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар буюу “...шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор” хэлэлцсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Бямбажав Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт хамаарах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бямбажавт ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ үүнд; бусдад нийт 5.087.500 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан үүнд; хохирол, төлбөр төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч Г.Бямбажав зам тээврийн осол гаргах гэмт хэрэг үйлдэхдээ Мандахгэрэлийн Хулангийн эзэмшлийн автомашиныг жолоодож явсан нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, иргэний хариуцагч М.Хулангийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдохын зэрэгцээ мөрдөн байцаалтын явцад түүнийг иргэний хариуцагчаар татаж, мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь зөв болжээ.

Хэдийгээр иргэн М.Хуланг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Г.Бямбажавын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул иргэний хариуцагч М.Хулан бусдын өмнө ямар нэгэн төлбөр хариуцахгүй. Нөгөөтэйгүүр иргэн М.Хулан нь иргэний нэхэмжлэгчийн хувьд шүүгдэгч Г.Бямбажаваас нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Г.Бямбажавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь хуулийн үндэслэлтэй байх тул түүний Жолоочийн 876065 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын санкц байхгүй.

 

Шүүгдэгч Г.Бямбажав цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.