Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 00028

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Г холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0143189 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.У, прокурор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А, хариуцагч Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын байцаагч Ц.Г нь “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Ц 1 ширхэг тарвага агнасан  гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа  явуулан 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 0143189 дугаартай шийтгэлийн хуудсаар тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгож, 340 000 төгрөгний нөхөн төлбөр оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан хуулийн зүйл заалт нь зохих зөвшөөрөлгүйгээр тарвага агнасан гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, учир нь тарвага агнахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаартай тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жил хүртэл хугацаагаар хориглосон байна.

Иймд тарвага агнахыг хориглосон хугацаанд тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолт гэдэг зүйл огт байхгүй, иргэн Н.Ц нь хориглосон хугацаанд тарвага агнасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д заасны дагуу шийтгэл оногдуулах нь зүйтэй байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0143189 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. Шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ дэмжиж оролцож байна” гэв.

  Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/26 дугаартай удирдамжийн дагуу тус сумын 2, 6 дугаар багуудын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх явцад иргэн Н.Ц нь 1 тарвага агнасан зөрчил илэрсэнийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Зөрчлийн хэрэг шалгах явцад Н.Ц нь манайх цөөн тооны малтай төлбөрийн чадвар тааруухан аль болох бага хэмжээний торгуул шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан болно. Энэ байдлыг нь харгалзан үзэж Зөрчлийн тухай хуульд бага торгуультай зүйл анги болох 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шийтгэл оногдуулсан нь буруу болсон байна.

Иймд Н.Ц-д оногдуулсан 0143189 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Н-ийн Ц-г 1 ширхэг тарвага агнасанд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасныг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0143189 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Н.Ц-д 150 нэгж буюу 150 000 төгрөгөөр торгожээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх М.А тус шүүхэд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-ийн үйлдсэн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд оногдуулах” тухай 0143189 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай гомдол гаргаж дүгнэлт ирүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Г-т холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0143189 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлт бүхий гомдолтой зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г нь дээрхи дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-дл “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг тус тус удирдлаг болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.А-ийн “Мэргэжлийн хяналтын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ц.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0143189 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Г зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                          ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН