| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Л.Э
Хохирогч Б.З
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 2125000000032 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.С,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багын нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн зочид буудалд Б.Зын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Хүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэнд байсан хүмүүс бүгд найзууд байсан. Би тэнд байсан хүмүүсээс нэгийг нь таньдаг. 11 сараас хойш Эрдэнэтэд хол хорионд орсон тул найзтайгаа уулзмаар санагдаад уулзсан. Ресепшин орж ирэхээр нь зөрөөд гарсан шалтгаан бол тэр дотор байхад ресепшин ирж хаалга онгойлгоогүй байсан бол би тэнд дээрэлхүүлээд байсан. Ресепшин ирж хаалга онгойлгоход би зөрөөд гараад явсан. Тэр өдөр танилцсан охин миний араас гарч ирээд гадаа хүйтэн байна такси ирэхээр яв гэж хэлэх сэтгэл байгаагүй. Намайг чирч гулдчаад байсан камерын бичлэгээс харах юм бол мэдэх байх. Буцаад оруулаад намайг дээрэлхэх гэж байсан байх гэж би бодоод би эргэж хараад цохисон ийм л үйл явдал болсон. Тэд нар бүгд найзууд байсан болохоор миний талд зогсох хүн байгаагүй. Тиймээс хувь хүний итгэл үнэмшлээр хандаасай гэж хүсэж байна. Би хохирол гэж 500 000 төгрөг төлсөн. Би цаашид төрийн албанд орж ажиллах хүсэлтэй байдаг. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.З мэдүүлэхдээ “Тухайн өдөр манай найзын найз Б.С гэх хүн ирсэн. Бид нар нэг газар орж юм ярьж сууя гээд Цэцэг төв рүү орсон. Тэнд 2-3 цаг болоод гаднаас дуудлагын архи, пиво аваад дотор ороод ууж байсан чинь Б.С бид нар дээр ирэхдээ согтолттой ирсэн. Манай найзууд дунд нэг эрэгтэй байсан тэрийг явчих гэхээр нь манай найз бид нартай хамт байна. Чи Н-тэй хамт хоноорой гэж хэлсэн. Бид нар явах гээд такси дуудчихсан байсан. Намайг такси ирэхээр яв гэж хэлснийг ресепшин мэдэж байгаа. Өрөөн дотор халуун ус буцалгаад би ууж байхад тэр усыг Б.С цацаад ширээ рүү өшиглөөд өвдгийг нь хөхрүүлсэн байсан. Би Б.Стэй муудалцсан чирч гулдачсан зүйл байгаагүй. Согтолт шалгасан тийм согтолтой байсан хүн Б.Стэй муудалцаж буцаж оруулаад бөөнөөрөө зодно гэсэн зүйл байхгүй их буруу бодсон байна. Би мэдүүлэг дээрээ ч хэлсэн албаар цохиогүй, бөөнөөрөө нийлээд зодъё, цохьё гэж харьцаагүй. Б.С-гийн согтолт нь 2 бүхэл байсан болохоор болсон зүйлийг сайн санахгүй байгаа байх. Надад өөр хэлэх санал гомдол гэх юм бол би хувиараа ажил эрхэлдэг. Өөрөө түгээлтээ өөрөө хийдэг ажил хийх боломжийг маань сар үгүй хийсэн. Ямар нэг нүдээ таглуулчхаад ажлаа хийгээд байлтай биш. Мөн миний хараа их муудаж эхэлж байгаа. Нүдний болор цайрах гэх зүйл байдаг гэсэн гэхдээ тэр нь арай болоогүй байна гэсэн. Хоёр нүд маань одоо хавдартай байгаа. Нүдний тухайд муу нөлөө гэх юм бол хараа муудах, нэг бол нүдний болор цайрах асуудалтай байдаг гэсэн. Эмчид үзүүлэхэд хувиасаа Б.С нь эмчилгээний зардал биш эмнэлэгт үзүүлсэн зардлыг цаг тухайд нь төлж байсан. Боломжийг нь харгалзаж үзээд 500 000 төгрөг авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-р хуудас/
2. Хохирогч Б.Зын “Б.С ширээрүү хэд хэдэн удаа өшиглөж байгаад буудлын өрөөнөөс гараад явсан. Би Б.Сэгийн араас нь гараад чи такси ирэхээр яваа гадаа хүйтэн байна гэж хэлтэл эргэж хараад миний нүдрүү гараараа нэг удаа цохиж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 10-р хуудас/
3. Гэрч Д.Г-ын “Барагцаагаар 01 цагийн үед байх 2 давхарт чимээ гарахаар нь яваад очтол 203 тоот өрөөний хүмүүс үүдэндээ гараад ирчихсэн байсан. Миний хажуугаар Б.С гэх охин зөрөөд гараад явах гэтэл араас нь Б.З гэх эмэгтэй гадаа хүйтэн байна таксигаар яв гээд Б.Сэгийн хувцаснаас нь таттал Б.С эргэж хараад Б.Зын нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг./хх-н 12-р хуудас/
4. Гэрч Э.Ма-гийн “Удалгүй буудлын ресепшин орж ирсэн зөрөөд Б.Сэ гараад явсан. Араас нь Б.З гараад явсан. Тэгээд удалгүй араас нь гартал Б.З үүдний хэсэгт нүдээ дарчихсан сууж байсан. Би юу болсон талаар Б.Заас асууж тодруулахад Б.Сэ миний нүдрүү цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 13-р хуудас/
5. Гэрч Г.Д-ний “Б.С, Б.З хоёр өрөөнөөс гараад явсан удалгүй Б.З ёооё гэж орилсон буудлын өрөөнөөс гараад харсан чинь Б.З нүдээ дарчихсан доош суучихсан Б.Сэ миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг./хх-н 14-р хуудас/
6. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 55 дугаартай “Б.Зын биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-н 16-17-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Б.С нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төв нэртэй буудалд 2021 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнийн 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэн Б.Зын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Иймд Б.С-нгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд одоогоор тодорхой нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул жич нэхэмжлэх эрхтэйгээр цаашид гарах боломжтой эмчилгээ байгаа тул нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгож шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Зын “Б.С ширээрүү хэд хэдэн удаа өшиглөж байгаад Б.Сэ буудлын өрөөнөөс гараад явсан. Би Б.Сэгийн араас нь гараад чи такси ирэхээр яваа гадаа хүйтэн байна гэж хэлтэл эргэж хараад миний нүдрүү гараараа нэг удаа цохиж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Г-дын “Барагцаагаар 01 цагийн үед байх 2 давхарт чимээ гарахаар нь яваад очтол 203 тоот өрөөний хүмүүс үүдэндээ гараад ирчихсэн байсан. Миний хажуугаар Б.С гэх охин зөрөөд гараад явах гэтэл араас нь Б.З гэх эмэгтэй гадаа хүйтэн байна таксигаар яв гээд Б.Сэгийн хувцаснаас нь таттал Б.С эргэж хараад Б.Зын нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ма-гийн “Удалгүй буудлын ресепшин орж ирсэн зөрөөд Б.Сэ гараад явсан. Араас нь Б.З гараад явсан. Тэгээд удалгүй араас нь гартал Б.З үүдний хэсэгт нүдээ дарчихсан сууж байсан. Би юу болсон талаар Б.Заас асууж тодруулахад Б.Сэ миний нүдрүү цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Д-ний “Б.С, Б.З хоёр өрөөнөөс гараад явсан удалгүй Б.З ёооё гэж орилсон буудлын өрөөнөөс гараад харсан чинь Б.З нүдээ дарчихсан доош суучихсан Б.Сэ миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн зочид буудалд Б.Зын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-гийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөрт 500 000 төгрөг хүлээн авсан гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн 2125000000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС