| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2017/00158/И/ |
| Дугаар | 222 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 222
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6-39 тоотод оршин суух Харнууд овгийн Цэдэнгийн Бадарчийн /РД: ДМ61093012/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Бадарч, гэрч Ж.Буянхишиг, Д.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Бадарч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1961 онд Цогт сумд төрсөн. 1977 оны 10 сараас 1979 оны 02 сарыг дуустал Баян-Улаан бригадад малчин, 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 05-ны өдрийг дуустал Цогт сумын Ахуй үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгох гэтэл ахуйн үйлчилгээний бичиг баримт, цалингийн тодорхойлолт архивт байхгүй учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1977 оны 10 сараас 1979 оны 02 сарыг дуустал Баян-Улаан бригадад малчин, 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 05-ны өдрийг дуустал Цогт сумын Ахуй үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Бадарчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Бадарч нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Ц.Бадарч нь 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 162, мөн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 177 дугаартай лавлагаа, 1985 оны 03 сарын 21-ний өдрийн Цогт сумын Ахуй үйлчилгээний төвийн 1 дүгээр улирлын бүтээгдэхүүний чанарын аварга болсон Диплом, 1990 оны 12 сарын 31-ний өдрийн Цогт сумын НАААҮ-ний төвийн Баярын бичиг, Цогт сумын ахуй үйлчилгээний төвийн хамт олны фото зургууд,
Гэрч Д.Цэцэгмаагийн “...Би 1985 онд ахуйн үйлилгээнд цэвэрлэгчээр ажилд орох үед Ц.Бадарч тэнд төмөрчин хийж байсан. 1993 онд нэгдэл рүү шилжээд ажлаасаа гарах үед төмөрчнөө хийгээд байж байсан. Бид 1985-1993 он хүртэл хамт ажилласан. Ажиллаж байх үедээ орж гарсан зүйл байхгүй, тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Буянхишигийн “...Би 1985 онд Цогт сумын ахуйн үйлчилгээнд орох үед энэ хүн төмөрчин хийж байсан. Би оёдол хийж байгаад 1989 онд сургуульд явсан. Энэ ах ажиллаад үлдсэн...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ц.Бадарчийг 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харнууд овгийн Цэдэнгийн Бадарчийг 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он 05 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Бадарчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ