Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Улсын яллагч Б.О-Э

Хохирогч Ч.Бэ

Шүүгдэгч Б.О-Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-Эд холбогдох эрүүгийн 2025000000414 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.О-Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ч.Бийн Сайн авто ломбардны машины лизингийн төлбөрөө төлөхөөр итгэмжлэн хариуцуулсан 6 478 000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй, хувьдаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О-Э-нийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-Э мэдүүлэхдээ: “Ч.Бийг орон нутгийн хаягтай гээд зээл өгөхгүй болохоор өөрийн нэр дээр 7 500 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлт болох сар бүр 450 000 төгрөгийг   шилжүүлэн авч хийж байсан. Тэгээд үлдэгдэл 6 478 000 төгрөгийг шилжүүлэн аваад зээлийг нь хаах гэж байгаад бага багаар хэрэглээндээ зарцуулаад дууссан. Мөнгийг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ч.Бэ мэдүүлэхдээ “Машин авахаар хот ороод 6 500 000 төгрөгийг бэлнээр өгөөд 7 500 000 төгрөгийг С.Оюун-Эрдэний нэр дээр зээл авсан. Тэгээд зээлийн үлдэгдэл мөнгийг Б.О-Эд шилжүүлж дуусгасан. Б.О-Этэй холбогдоход хотруу орж ирэхээрээ машинаа нэр дээрээ шилжүүлж аваарай гэсэн. Гэтэл ломбардны хүмүүс ирж зээлээ төлөөгүй гээд машиныг авч явсан. Одоо хүү алданги гээд 9 846 060 төгрөг төлж байж машинаа аваарай гэсэн. Маш их хохирч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ч.Бийн “Би Улаанбаатар хотоос лизингээр приус-20 автомашин авахаар 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дүү Гансэлэмийн хамт Улаанбаатар хотод очиж машин сонирхож байгаад Сайн ломбардны лизингээр 7 500 000 зээл тавьж машин авахаар болсон боловч би Орхон аймгийн харъяатай, миний дүү Гансэлэм нь Булган аймгийн харъяатай бид хоёрт зээл гарахгүй гээд би хамаатны дүү болох Сайнжаргалын нөхөр Б.О-Э гэх залуугийн нэр дээр гэрээ байгуулж приус-20 автомашин лизингээр худалдаж авсан. Тэгээд сар бүр 443 437 төгрөгийг 5 сарын турш С.О-Э-нийн Хаан банкны 502 дугаарын дансаар дамжуулан төлж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн дүү Г-мээс 6 500 000 төгрөгийг зээлэн авч зээлээ төлөөд дуусгачихаарай гэж С.О-Э-нийн Хаан банкны 502 дугаарын дансаар 6 478 000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Тэгээд байж байтал 2 хоногийн дараа эхнэр С нь над руу зээлээ төлөөд болчихсон шүү одоо завтай болохоороо Улаанбаатар хотод ирж машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн аваарай гэж фэйсбүүкээр чат бичсэн. Тэгээд би болчихсон юм байна гэж бодоод явж байтал 2020 оны 09 дүгээр сарын эхээр намайг Булган аймгийн Могод суманд явж байхад Сайн ломбарднаас явж байна гээд гурван залуу миний машиныг хураагаад авсан. Тэгээд тэр хүмүүсээс болон Сайн ломбарднаас юу болоод байгаа талаар миний сүүлд зээлээ төлж дуусгаарай гэж шилжүүлсэн 6 478 000 төгрөгийг Б.О-Э нь хувьдаа завшсан гэдгийг ойлгоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Б.О-Ээс өнөөдрийн байдлаар 9 886 000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл Сайн ломбардны хүү алданги нь өссөөр байгаад ийм хэмжээний хүүний өртэй болчихсон байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22-р хуудас/

2. Яллагдагч С.О-Э-ний “Ч.Бийн өмнөөс өөрийн нэр дээр Сайн ломбардтай зээлийн гэрээ байгуулж Ч.Бэ приус-20 машин авахад нь тусалсан. Тэгээд Ч.Бэ нь сар сардаа зээлийн эргэн төлөлт хийх хугацаанд миний хаан банкны 5024754829 дугаарын дансаар дамжуулан нийт 5 удаагийн төлөлтөөр сар бүр 443 450 төгрөгийг зээлэндээ төлсөн. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надруу утсаар залгаад би мөнгө олчихлоо зээлээ бүгдийг нь очоод хаачих гээд миний хаан банкны данс руу 6 478 000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Тэр үед би ажилгүй эхнэр маань амаржих хугацаа нь ойртчихсон, дээрээс нь бага насны 3 хүүхэдтэй байсан болохоор надад би ахуйн хэрэгцээндээ бага багаар зарцуулж байгаад удахгүй ажилд ороод буцааж мөнгийг нь бүрдүүлээд зээлийг нь төлчихнө гэж бодоод явж байтал нэг мэдсэн Ч.Бээс авсан мөнгөний бараг ихэнхи талыг ажилд орж амжихгүй байсаар байгаад үрээд дуусгачихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/

 

3. Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 5, 40-61-р хуудас/

 

4. Мобикомын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 6-8-р хуудас/

 

5. “Сайн” авто ломбардын барьцаат зээлийн тооцооны хуудас. /хх-ийн 9-р хуудас/

 

6. Монре даатгалын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /хх-ийн 10-12-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ  “Шүүгдэгч Б.О-Э нь бусдын мөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.О-Эд ял хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Шүүгдэгч Сэргэлэнцогт овогтой О-Э-нийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай, энэ гэмт хэргийн улмаас бусдын өмчлөх эрхэд 6 478 000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь 6 478 000 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Бийн “Би Улаанбаатар хотоос лизингээр приус-20 автомашин авахаар 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дүү Г-мийн хамт Улаанбаатар хотод очиж машин сонирхож байгаад Сайн ломбардны лизингээр 7 500 000 зээл тавьж машин авахаар болсон боловч би Орхон аймгийн харъяатай, миний дүү Г нь Булган аймгийн харьяатай бид хоёрт зээл гарахгүй гээд би хамаатны дүү болох Сайнжаргалын нөхөр Б.О-Э гэх залуугийн нэр дээр гэрээ байгуулж приус-20 автомашин лизингээр худалдаж авсан. Тэгээд сар бүр 443 437 төгрөгийг 5 сарын турш С.О-Э-нийн Хаан банкны 502 дугаарын дансаар дамжуулан төлж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн дүү Гансэлэмээс 6 500 000 төгрөгийг зээлэн авч зээлээ төлөөд дуусгачихаарай гэж С.О-Э-нийн Хаан банкны 502 дугаарын дансаар 6 478 000 төгрөгийг шилжүүлж хийсэн. Тэгээд байж байтал 2 хоногийн дараа эхнэр С нь над руу зээлээ төлөөд болчихсон шүү одоо завтай болохоороо Улаанбаатар хотод ирж машинаа өөрийн нэр дээрээ шилжүүлэн аваарай гэж фэйсбүүкээр чат бичсэн. Тэгээд би болчихсон юм байна гэж бодоод явж байтал 2020 оны 09 дүгээр сарын эхээр намайг Булган аймгийн Могод суманд явж байхад Сайн ломбарднаас явж байна гээд гурван залуу миний машиныг хураагаад авсан. Тэгээд тэр хүмүүсээс болон Сайн ломбарднаас юу болоод байгаа талаар миний сүүлд зээлээ төлж дуусгаарай гэж шилжүүлсэн 6 478 000 төгрөгийг Б.О-Э нь хувьдаа завшсан гэдгийг ойлгоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Б.О-Ээс өнөөдрийн байдлаар 9 886 000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад гэвэл Сайн ломбардны хүү алданги нь өссөөр байгаад ийм хэмжээний хүүний өртэй болчихсон байгаа” гэсэн мэдүүлэг, Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Мобикомын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, Сайн авто ломбардын барьцаат зээлийн тооцооны хуудас, Монре даатгалын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О-Э нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Ч.Бийн Сайн авто ломбардны машины лизингийн төлбөрөө төлөхөөр шилжүүлсэн 6 478 000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй, хувьдаа ашигласан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч С.О-Э-ний бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О-Э-нийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

                   Шүүгдэгч Б.О-Эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бэд 6 478 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ч.Бэд олгуулах нь зүйтэй. Хохирогч Ч.Бэ нь нийт 9 846 060   төгрөгийг нэхэмжилсэн боловч, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шүүгдэгчээс гаргуулан  хохирогчид олгох нь зүйтэй. Хохирогч нь “Сайн” ломбардад төлөх хүү алдангийн асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлвэл зохино.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. С.О-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оюун-Эрдэнийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-Эд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-Ээс 6 478 000 /зургаан сая дөрвөн зуун далан найман мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-тоотод оршин суух /РД: Ч.Бэд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС