Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005021920004 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********, урьд

  • Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Э.М /РД:****/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ска” зочид буудалд хохирогч Э.Тг зодож хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: ““Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ска” зочид буудалд хохирогч Э.Тг зодож хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн найз охин Т, найз Ч, найз М нарын хамтаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ска нэртэй зочид буудлын 805 дугаартай өрөөнд орсон. Тэгээд бид нар тэр өрөөнд ороод гаднаас авсан хоёр ширхэг 2,5 литртэй Сэнгүр нэртэй пивоноос нэг савтайг нь Ч, М бид гурав хуваан ууж дуусгаад, хоёр дахь савтай пивоо дөнгөж задлаад /2020.6.29-ний шөнө 01 цаг өнгөрч байхад гэх/ удаагүй байхад, Т гарч ТҮЦ-ээс ундаа, тамхи авмаар байна гэхээр нь бид хоёр гарахаар болсон. ...819 дугаартай өрөөний үүдэнд зогсож байсан танихгүй залуугийн хөл дээр нь санаандгүй гишгэчихсэн юм. Тэгээд би тэр залуугаас уучлалт гуйгаад явсан чинь нөгөө танихгүй залуу миний ардаас ...хөөе чи яасан гэнээ... гээд орилоод байсан. ...Ч бид хоёрыг өрөөнөөс гарахад нөгөө орилоод байсан согтуу залуу өрөө рүүгээ ороод хаалгаа хааж байсан. Ч очоод нөгөө залуугийн орсон өрөөний хаалгыг тогшсон. Тэр үед 819 дугаартай өрөөнөөс нөгөө орилоод байсан танихгүй залуу хаалгаа онгойлгосон бөгөөд манай найз Ч тэр залууд чи больчихож болдоггүй юм уу гээд хэлсэн чинь нөгөө орилоод байсан залуутай хамт явж байсан том биетэй залуу манай найзын зүүн чихний дээхэн талд баруун гараараа нэг удаа цохисон. ...Тэр үед би том биетэй залууг найз Чоос салгах гээд дундуур нь орж болиорой гэсэн боловч нөгөө том биетэй залуу миний хамар орчим баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн нутагт байрлах Ска нэртэй зочид буудлын 8 давхрын 815 дугаартай өрөөнд ороход найз залуу Т нь найз Ч, М нарын хамтаар 2,5 литртэй нэрийг нь санахгүй том савтай пиво хуваагаад уусан байсан. ...ТҮЦ орчхоод Т бид хоёр 8 давхарт явж байтал манай өрөөнөөс ойрхон нэг өрөөний үүдэнд нэг танихгүй ах нэг эмэгтэйн хамтаар юм яриад зогсож байсан. Тэр үед Т хажуугаар нь гарахдаа тэр ахын хөл дээр санаандгүй гишгэчихсэн юм. Т тэр ахаас уучлаарай хөгшөөн гээд уучлалт гуйсан боловч тэр танихгүй ах хөгшөөн ч гэх шиг жаахан юм байж гээд уурлаад байсан. ...удалгүй коридорт хүмүүс муудалцах чимээ гарахаар нь би өрөөнөөс гартал Ттэй анх маргаад байсан залаа Тгийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэр үед Т газар унасан. ...Тг гэмтлийн эмнэлэг авч явж үзүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад хамт ажилладаг Сайнзаяа гээд эгчийн хамтаар найз залуу Мын байсан хорооллын Ахуйн үйлчилгээний урд талд байдаг Ска нэртэй зочид буудалд 21 цаг 40 минутын үед очсон. ...өрөөний үүдэнд зогсож байхад одоо гомдол гаргаад байгаа залуу бид нарын өрөөний урдуур гарахдаа Мын хөл дээр гишгээд гараад явчихсан. Тэр үед М тэр залууд хандан чи хөгшөөн хүнээс уучлалт гуйчхаж чаддаггүй юм уу гээд хэлсэн чинь тэр залуу Мын өөдөөс маргаад байсан. ...нөгөө маргаан эхлүүлээд байсан залуу Баяраа гээд ахыг газар унагаачихсан дээрээс  нь хоолойг боочихсон хөлөөрөө дэвсэж байсан. Тэр үед М уурлаад өнгөө залууг барьж аван Баяраа ахаас салгаад цааш түлхээд нөгөө залуугийн өрөө рүү оруулаад нүүрэнд нь аль гараараа гэдгийг нь мэдэхгүй 2-3 удаа цохисон. ...тухайн үед миний харснаар Мт цохиулсан залуугийн баруун нүднийх нь хөмсөг нь сэтрээд цус  гарсан байсан. Өөр гэмтэл байсан эсэхийг харж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7622 дугаартай:

“...1. Э.Т-н биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 110 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Гэрч Б.Оийн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/, гэрч Э.Цын мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/, “Хаан банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч Э.Мын 5047286171 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 64-69 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 70 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 75 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 78 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 101 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 121-123 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.М нь 2020 оны 6 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ска” зочид буудалд хохирогч Э.Тг зодож хамар ясны хугарал, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.М нь хохирогчийг цохиж улмаас хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна..

 

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

        Шүүгдэгч нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч Э.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тгийн биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн тухай баримт / хэргийн 45 дугаар хуудас/ байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Маас 8.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Тд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Мт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тогтхаан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй..

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Маас 8.000 /найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э.Тд олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО