Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас М.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005002921760 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********, урьд ял шийтгэлгүй, М.П /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” зочид буудлын 205 тоот өрөөний ширээн дээр байсан хохирогч Я.Мын Орро R-17 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Шүүгдэгч М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” зочид буудлын 205 тоот өрөөний ширээн дээр байсан хохирогч Я.Мын Орро R-17 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Я.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр очиж уулзсан юм. Тэгсэн миний утсыг ломбардад хэн гэж хүн тавьсан талаар харах үед М.П гэх хүн тавьсан байсан юм. ...Би М.Птэй урд Өмнөговь аймаг Таван толгойд ажил хийж байх үедээ 2019 оны 01 дүгээр сард танилцсан юм. Бид хоёр хоорондоо уулздаг байсан. Тухайн өдөр надтай хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо Эрхэс зочид буудалд хамт орсон. Миний гар утас алга болсны дараа би М.Пгээс асууж байсан. Тэр үед надад би аваагүй гэж байсан. Харин уг ломбардад өөрөө миний гар утсыг тавьсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын эхээр манай найз П над руу залгаад манай хоёр найз ирсэн байна хамт уулзах уу чи хаана байгаа юм бэ гээд над руу ярьсан юм. ...бид дөрөв хамт Баянгол дүүрэгт байрлах Эрхэс нэртэй зочид буудал орж 2 давхарт байрлах нэг өрөө аваад уг буудлын өрөө дотор бид 4 хамт 2 шил архи уугаад би нэлээн согтоод унтсан байсан. Манай найз М гэх найзтайгаа муудалцаад байхаар нь би сэрээд бид хоёр буудлаас гараад такси бариад явж байхад П таксины жолооч ахаас онгорхой ломбард байгаа юу гээд асуусан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд би Мын утсыг авчихсан гэж хэлсэн. Тэгээд уг гар утсаа ломбардад 50.000 төгрөгөөр тавиад бид хоёр хороололд байрлах Шөлөндөө хоолны газарт орж хоол идсэн. Тэгсэн П би хүнтэй уулзчихаад ирнэ гэж хэлээд яваад өгсөн. ...маргааш өдөр нь 15 цагийн үед П над руу залгаад бид хоёр Нисэх дээр ирээд уулзаад Мын гар утсыг ломбардаас авна гээд такси бариад бид хоёр хороолол орж уг гар утсыг аваад тэндээсээ Үйлдвэр комбинат ороод уг утсыг 300.000 төгрөгөөр ломбардад тавьж П өөрийн гар утсыг ломбардаас аваад бид 2 нөгөө таксины жолоочтой хамт хоолонд орох үед П надад 30.000 төгрөг өгсөн, харин таксины жолоочид 40.000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр салаад явсан. Хэд хоногийн дараа П над руу залгаад М манай гэрт ирээд утсаа нэхэж байгаад явсан би мэдэхгүй гээд хэлчихсэн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний ажилладаг Ruby нэртэй ломбардад Орро R17 загварын гар утас 300.000 төгрөгөөр тавьсан байсан. Тухайн барьцаанд тавьсан баримт байгаа. Манай ломбардад эд зүйл тавьсан М.П нь өмнө нь манай ломбардад эд үйл тавьж байсан хүн байсан. ...одоо уг гар утас байхгүй. Би гар утсыг барьцаанд тавьсан хугацаа дууссаны дараа 600.000 төгрөгөөр худалдсан. ... “гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20/17 тоот “Орро R17 загварын гар утсыг 600.000 төгрөгийн дундаж үнээр худалдаалагдаж байгааг тодорхойлсон” тодорхойлолт /хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Орро R17 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр “Ruby” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан тухай баримт /хэргийн 32 дугаар хуудас/

 

Шүүгдэгч М.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын эхээр манай найз М над руу залгаж уулзах уу гэсэн. ...Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэс зочид буудал руу орж, хоёр ортой нэг өрөө авцгаагаад 1-2 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд байж байсан чинь Мын найз манай Анандтай бэлгийн харьцаанд орчхоод дараа нь надтай бэлгийн харьцаанд орно гэхээр нь би Мтой найзаас нь болж маргалдаад Анандыг аваад буудлаас гарсан. Би гарахдаа Мын гар утсыг өөрт нь хэлэлгүйгээр буудлаас аваад гарсан. Учир нь харих унааны мөнгөгүй байсан юм. тэгээд бид хоёр гараад унаа бариад явж байхдаа би Анандад Мын гар утсыг аваад гарснаа хэлсэн. Тэгээд би хороололд байрлах нэг ломбардад очоод Мын гар утсыг 50.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд унааны мөнгөтэй болоод Ананд бид хоёр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ ирээд амарсан. Тэгээд маргааш нь Анандтай явж хороололд тавьсан гар утсаа аваад Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний хойно байрлах ломбардад 300.000 төгрөгөөр тавьсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 59 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 64 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Пгийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 65 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.П нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэс” зочид буудлын 205 тоот өрөөний ширээн дээр байсан хохирогч Я.Мын Орро R-17 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт, гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан тухай баримт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авснаар бүрдэл төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.П нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

        Шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч М.Пг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Мд 600.000 төгрөгийн хохирол учирсан /хэргийн 29 дүгээр хуудас/ байх бөгөөд шүүгдэгч уг хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Пгээс 600.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Мд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Шүүгдэгч М.П нь гэм буруу дээр маргахгүй. Орчлон сургуульд аж ахуй хариуцсан ажилтай хохирогчид учруулсан 600.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Шүүгдэгч нь бага насны 4 нас 10 сар 8 хоногтой хүүхэдтэйгээ амьдардаг. Ял шийтгэл эдэлж байгаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. иймд хохирлын хор уршиг, бие эрүүл мэндэд учирсан байдал зэргийн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрт зааснаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Пгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Пг бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх хуралдаанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

 

 

  1. Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.П баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Пг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь

заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Пд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пгээс 600.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Мд олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.П баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО