| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00395/и |
| Дугаар | 151/ШШ2017/00576 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2017/00576
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2017/00576 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Мөнгөнморьт сум, 3-р баг, Мөнхжаргалант 14-1 тоотод оршин суух Э.Энхцэцэг, Б.Мөнхсүлд нарт холбогдох,
Зээлийн гэрээний төлбөр 37 098 037.13 төгрөг гаргуулах, №313/02 тоот барьцааны гэрээнд дурдагдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол, 3-р байрны 34 тоот 36.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.Энхцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Энхбаяр овогтой Энхцэцэг миний бие нь нөхөр Батболд овогтой Мөнхсүлдийн хамт Төрийн банкнаас 2014 оны 12 сарын 30-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн зээл авсан. Одоогоор энэхүү мөнгийг төлөх боломжгүй учир Төрийн банкнаас нэхэмжилж байгаа 37 098 037,13 төгрөгийн Банзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, 3-р байрны 34 тоот 36.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү .” гэжээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ –Тус шүүхэд Төрийн банк зээлдэгч Энхбаяр овогтой Энхцэцэг /ЦБ83041861/, Батболд овогтой Мөнхсүлд /НП81010573/ нарт холбогдуулан 37 098 037.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.
Зээлдэгч Э.Энхцэцэгийн гаргасан хүсэлт, зээлдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний нөхөр Батболд овогтой Мөнхсүлдийг хамтран хариуцагчаас хасуулж иргэний хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Э.Энхцэцэг, Б.Мөнхсүлд нараас зээлийн гэрээний төлбөр 37 098 037.13 төгрөг гаргуулах, №313/02 тоот барьцааны гэрээнд дурдагдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол, 3-р байрны 34 тоот 36.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Э.Энхцэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардан авч танилцаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Төрийн банкнаас нэхэмжилж байгаа 37 098 037,13 төгрөгийг Банзүрх дүүргийн 11-р хороо, Ургах наран хороолол, 3-р байрны 34 тоот 36.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрчээ.
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар нь хариуцагчын хариу тайлбартай танилцаж, хариуцагч Б.Мөнхсүлдээс зээлийн төлбөрийг гаргуулахгүйгээр хариуцагч Э.Энхцэцэгээс зээлийн төлбөрийг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний Хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Б.Мөнхсүлдийг хариуцагчаас чөлөөлж, Э.Энхцэцэгээс зээлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 440.20 төгрөгийн 50 хувь болох 171 720.10 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 171 720.10 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Э.Энхцэцэгээс 171 720.10 төгрөгийг гаргуулж нийт 343 440.20 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Энхцэцэг зөвшөөрч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хороолол, 3-р байрны 34 тоот 36.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 440.20 төгрөгийн 50 хувь болох 171 720.10 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 171 720.10 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Э.Энхцэцэгээс 171 720.10 төгрөгийг гаргуулж нийт 343 440.20 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ