Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч Ц.М,

шүүгдэгч Б.Н,

шүүгдэгч Д.М,

шүүгдэгч Г.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.М, Б.Н, Д.Н, Г.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000001724 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********й, урьд ял шийтгэлгүй, Ц.М /РД:*****/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********** урьд ял шийтгэлгүй, Б.Н /РД:*********/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***********, урьд ял шийтгэлгүй, Д.Н /РД:***********/.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3, 69.1.4-т тус тус зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, Г.М /РД:***********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Манахүү, Б.Н, Д.М, Г.М нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа хотхоны 30Б байрны 20 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 22, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох техас покер нэртэй тоглоомыг цахим сүлжээний /фэйсбүүк/ хаягаас шууд бичлэгээр тоглуулан Б.Нын эзэмшлийн Хаан банкны ***дугаартай дансанд мөрийг байршуулан зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Манахүү мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.”гэв.

 

Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.”гэв.

 

Шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.”гэв.

 

Шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.”гэв.

 

 

Шүүгдэгч Ц.Манахүү, Б.Н, Д.М, Г.М нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа хотхоны 30Б байрны 20 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 22, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох техас покер нэртэй тоглоомыг цахим сүлжээний /фэйсбүүк/ хаягаас шууд бичлэгээр тоглуулан Б.Нын эзэмшлийн Хаан банкны ***дугаартай дансанд мөрийг байршуулан зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 30Б байрны 20 тоот гэх бөгөөд байрны ертөнцийн зүгээр урд зүгт харсан байрлалтай 4 орцтой 15 давхар саарал өнгийн байр байв. ...Орон дээр 60*85 см цагаан өнгийн цаасан дээр хар өнгийн бичгийн хэрэгслээр TEXAS, ***Ням-Очир, 5к гэсэн гар бичвэр бичсэн байх бөгөөд гар бичвэрүүдийн ойролцоо саарал өнгийн хөзөрнүүдийг эмх цэгцтэй байрлуулсан байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дугаар хуудас/,

 

2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “...тухайн хаягийн нийтлэл хэсэг рүү ороход 9 цагийн өмнө хийсэн шууд бичлэг байна. Уг бичлэгийн тайлбар хэсэгт “за манайхаан өнөөдрийн тоглолт маань эхэллээ. 5к-аар ёндоогоо үзээд 15к хожооро” гэх утга бичсэн байлаа. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 8-11 дүгээр хуудас/,

 

“Хаан банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч Б.Нын ***тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Маналхүү нь утсаар бичлэг хийж, Ням-Очир хөзрийг хольж тараасан. Мягмардорж тэмдэглэл бичсэн. Би шууд бичлэгийг нь тарааж түгээсэн. ...бид нар 50.000 төгрөгөөс 60.000 төгрөгийн ашиг олсон. Олсон мөнгөө хуваана гэж яриагүй. ...Хэдэн хүнээс мөнгө авч тоглуулснаа бол сайн мэдэхгүй байна. нэг хүн 5.000 төгрөг өгөөд 4 хүн тоглоно тэр дундаас ялсан нь 15.000 төгрөг авдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8 цагийн үед фэйсбүүкээс анх бичлэг үзсэн. Энийг хийж үзэж болох юм байна гэж бодсон. ...Би шууд бичлэг хийж хүмүүст тоглоомын дүрмийг тайлбарлаж ярьдаг байсан. Ням-Очир хөзөр холих, хөзөр тараах ажлыг хийдэг байсан. Мөнгөншагай дуу тавьж шууд бичлэгийг хүмүүст тарааж, анхаарлыг нь татдаг байсан. Мягмардорж шууд бичлэг үзээд мөрийтэй тоглож байгаа хүмүүсийн бүртгэлийг хийдэг байсан. . ...нийт 50.000 төгрөгийн ашиг олсон. Олсон ашгаа хуваана гэж тохироогүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 22-ны 13 цагийн үед хийж байсан. Маналхүү фэйсбүүкээр шууд бичлэг хийж ярьж байсан. Мөнгөншагай тухайн үед дуу тавьж фэйсбүүкээр цацаж байсан. Ням-Очир хөзөр хольж, тарааж байсан. Намайг Маналхүү бичиж тэмдэглэл хөтөлчих гэж хэлсэн. ...ашгаа тухайн үед хуваана гэж ярьж байгаагүй. Харин сүүлд нь хуваана гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед Маналхүүгийн фэйсбүүк хаягаар шууд бичиж мөрийтэй тоглуулсан. ...бид нар 2 удаа шууд бичлэг хийсэн. Нийт 50.000 төгрөгийн ашиг олсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 66-69 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 78-81 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 71- 4 126-129 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Манахүү, Б.Н, Д.М, Г.М нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа хотхоны 30Б байрны 20 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 22, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох техас покер нэртэй тоглоомыг цахим сүлжээний /фэйсбүүк/ хаягаас шууд бичлэгээр тоглуулан Б.Нын эзэмшлийн Хаан банкны ***дугаартай дансанд мөрийг байршуулан зохион байгуулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохин байгуулсан үйлдэл байдаг бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нар нь бүлэглэн, цахим орчинд шууд бичлэг цацаж, тодорхой этгээдүүдээс мөрий авч аз туршиж тоглуулан 50.000 төгрөгийн ашиг олсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ц.Манахүү, Б.Н, Д.М, Г.М нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.М, Г.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Уг гэмт хэргээс хуулиар хамгаалах эрх ашиг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, мөрийтэй тоглоомын талаар хуулиар тогтоосон журам байдаг.

 

Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодитой хохирол, хор уршиг шаардахгүй юм.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Манахүү, Б.Н, Д.М, Г.М нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 318 дугаар тогтоолоор шийдвэрлэж, тэдгээрт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.М, Г.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.М, Г.М нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.М, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.М, Г.М нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.Н, Г.М нарыг Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Манахүү, Б.Н, Д.М, Г.М нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Б.Н, Д.М, Г.М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО