Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/22

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас З.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030461637 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, З.З /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургуулийн орчим иргэн Г.Бийн гар утас, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, 420.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.З мэдүүлэхдээ: “2020 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө би Т, У гэх найзуудтайгаа хорооллын Бозолло худалдааны төвийн урд уулзсан. Би цэрэгт явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгтэл Т бас явна гэж байсан. Бид нар хойшоо байрны тийшээ сааданд суухаар явсан. Пиво авч ууж дуусчхаад буцаад Бозоллогийн тэнд очсон. У дахин нэг пиво ууя гээд уухаар болоод уучихаад хойшоо Баянбүрд рүү явахаар болоод тэр хоёр хойно, би урд нь гараад 60 дугаар байрны тэнд алхаж байтал нэг ах хажуугаас орж ирээд ах нь согтуу алхаж чадахгүй байна гэхээр нь би өө за гээд сугдаад явсан. Тэр ах намайг хатгаад өөрөөрөө бахархаад байгаа юм шиг над руу томроод байгаа юм шиг санагдсан. Тэгээд гарыг нь мушгитал газар унасан. Тэр үед бөгж нь унасан байх. ...би тухай үед согтуу байсан. 2 пиво, 1 шил 0,75 литр архи уусан. ...хохирогчийн гар утас газар унахаар нь аваад зарчихъя гэж бодоод авсан.” гэв.

 

 

Шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургуулийн орчим иргэн Г.Бийн гар утас, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, 420.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрдэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэр лүүгээр харихаар утсаараа ярьж явж байсан. Тэгсэн нэг үл таних эрэгтэй хүн намайг сугадаад авсан. Тэгснээ таны гэр хаана юм бэ гэсэн. Тэгэхээр нь би ойрхон гэж хэлсэн. Тэгсэн чинь миний агрыг мушгиад намайг газар унагаасан. Тэгээд намайг цохисон. Миний редми-8 маркийн гар утас, гарт байсан мөнгөн бөгж гэрийн түлхүүрийг минь аваад явсан. Тэгээд би ардаас хөөж гүйж чадаагүй би босож чадахгүй байсан. ...Нэг л үл таних хүн байсан. ...намайг өшиглөсөн, эсвэл дэвсээд байх шиг би санаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд миний нөхөр Г.Бь над руу залгаад би гэрийнхээ гадна бусдад дээрэмдүүлчихлээ ирээд ав гэрийн түлхүүр байхгүй, гэртээ орж чадахгүй гэх зүйл яриад би өөрийн төрсөн охин Аринузаяагийн хамт Баягол дүүргийн Яармаг Цагдаагийн хэсэг дээр очиж нөхрөө авсан юм. ...гар утас, мөнгөн бөгж, түлхүүр зэрэг зүйл алдагдсан гэж ярьж байсан. ...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний охин А аав нас барсан байна гэж хэлэхээр нь мэдээд Улаанбаатар хотод ирсэн юм. ...гар утас, бөгж зэргийг амьд сэрүүн үедээ буцааж авсан. Миний зүгээс гомдол саналгүй. ..:” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 20-ны 23 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 10 дугаар хороо 60 дугаар байрны гадна авто машинаа байрлуулах гээд байж байтал надтай 3 залуу зөрсөн юм. тэгтэл надтай зөрсөн 3 залуу нэг настайдуу ахыг сугадчихсан явж байсан. удалгүй тухайн залуус хойд зүгт зугтаж байхаар нь шууд орцны гадна ирсэн чинь настай ах газар суучихсан 3 залуу миний гар утсыг аваад явчихлаа гэсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тус өдөр 19 цагийн үед ах Зын хамт найз Ттэй уулзах гэж Бозолло дэлгүүр дээр ирсэн. Тгийн ажлыг тарсны дараа З Т бид нар уулзсан. ...гараад алхаад явж байтал нэг үл таних ахтай З тааралдсан байсан. З тэр хоёр байрнууд руу алхаад явсан. Тэгэхэд Т бид хоёр Зын ардаас нэлээд хол зайтай алхаж явж байгаад хүүхдийн тоглоомын саад руу орж юм ярьж зогссон. Тэгээд Зыг хальт харахад тухайн үл таних ахын дээр гарсан байдалтай байсан. тэгээд З бид хоёр дээр гүйж ирээд зугтаарай гэсэн. Т бид хоёр зугтаагаагүй. З ганцаараа зугтаагаад гүйгээд явсан. Зын гүйсэн газар луу Т бид хоёр алхаж явсан. Тэгээд булан эргээд байж байтал З нь найзтайгаа тааралдсан байсан. ...З нь надтай цуг байсан үл таних ах хажуунаас хатгаад байхаар нь унагаасан чинь тухайн ахын утас газар унасан байхаар нь утсыг нь авсан гэж хэлсэн. ...нэг бөгж байгаад байх шиг байсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...З миний утсаар фэйсбүүк ороод У бид хоёрын урд талд нэлээн зайтай алхаж явж байсан. Тэгсэн үл таних хөгшин настай эрэгтэй хүн З дээр очоод Зыг сугадаад авсан. Тэгээд З тэр үл таних эрэгтэй 2 урагшаа алхаад явсан. Би Утай цуг хүүхдийн тоглоомын талбай дээр очиж тоглож Зыг холоос харж байсан. Тэгсэн нэг мэдэхэд Зтай хамт явж байсан хөгшин ах гэнэт газар унасан. Тэгээд З бид хоёр дээр ирээд зугтаарай гэсэн. З гүйгээд зугтаасан. У бид хоёр Зын гүйсэн газар луу ардаас нь алхаж явсан. Тэгээд байрын булан эргэсэн чинь З нь эрэгтэй найзтайгаа таарсан юм яриад зогсож байсан. У бид хоёр Заас салаад явцгаасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зтай он сар өдрийг нь санахгүй байна хэд хоногийн өмнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургуулийн ар талын зам дагуу 60 дугаар байрны ойролцоо тааралдсан. З нь гүйж яарсан байдалтай явж байсан. Тэгээд надтай таараад хөөе Ц гэсэн. Бид ойр зуурын юм ярилцаад байж байсан чинь Зын ирсэн газрын ардаас 2 үл таних эрэгтэй найз нь гараад ирсэн. Тэгээд байж байсан чинь З нь надад цэнхэр хөх өнгөтэй редми нөүт 8 маркийн гар утас өгөөд наад утсаа чи өөртөө байлгаж байгаарай гэсэн. Би ямар учиртай яадаг утас юм бэ гэж Заас асуухад З нь дараа нь тэгж байгаад тайлбарлъя гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ТХҮ-920/99 дугаартай “...Рэд Ми гар утас-420.000 төгрөг, мөнгөн бөгжийг үнэлэх боломжгүй тухай” үнэлгээний дүгнэлт /хэргийн 43-47 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 72 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 73 дугаар хуудас/, гэрч Ц.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэний мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/, шүүгдэгч З.Зын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 61 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч З.З нь 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургуулийн орчим иргэн Г.Бийн 420.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн болох нь хохирогч, гэрч, хууль ёсны төлөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн үндсэн шинж нь хүч хэрэглэсэн үйлдэл нь эд хөрөнгийг нь хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой үйлдэл хийдэг гэмт хэрэг юм.

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.З нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

        Шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч З.Зыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бьд 420.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан тухай Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/ мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг байх тул шүүгдэгчийг уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч З.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч  Ц.Шийтэрчулуун: “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны хүүхэдтэй, мөн тухайн үед гэмт хэргийг үйлдэх санаа зорилго нь гэнэт үүссэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Зын хувьд хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Зыг бага насны хоёр хүүхэдтэй, хохирогчид хохирлыг биет байдлаар буцаан өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.З баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Зыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Зыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Зт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.З баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар З.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО