Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч З.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас З.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005027691597 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З.Б/РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чанар” гэх нэртэй автомашин угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэн М.Эгийн автомашинаас түүний эзэмшлийн 1 ширхэг 650.000 төгрөгийн үнэ бүхий 4.6 грамм жинтэй циркон шигтгээтэй монетон бөгжийг автомашины арын хаалганы халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороололд байрлах “Тайгын булаг кредит” ХХК-ийн “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 320.000 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ: “2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр машиныг нь угаахдаа хохирогчийг дотор нь байгаа мөнгө, эд зүйлсээ аваарай гэж хэлсэн. Тэгээд машиныг нь угааж байгаад суудлын бүрээс хийх үү гэхээр нь хийнэ гээд хийх гэтэл чадахгүй байсан. Хохирогч уурлаад байсан. Би тухай үед бөгжийг нь өөрийнх нь гэж мэдээгүй. Гэм буруу болон үйлдэл дээрээ маргахгүй байна. ...Хохирол төлбөрийг нь төлөх гэсэн боловч утсаа аваагүй. Хохирлыг нь төлнө.” гэв.

 

 

Шүүгдэгч З З.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чанар” гэх нэртэй автомашин угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэн М.Эгийн автомашинаас түүний эзэмшлийн 1 ширхэг 650.000 төгрөгийн үнэ бүхий 4.6 грамм жинтэй циркон шигтгээтэй монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороололд байрлах “Тайгын булаг кредит” ХХК-ийн “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 320.000 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн “...54-44 ОРО улсын дугаартай хүрэн улаан өнгийн Тоёота хариер маркийн тээврийн хэрэгсэл орж ирэх ба зүүн хэсэгт очиж тээврийн хэрэгслээ байршуулан уг тээврийн хэрэгслээс ...ногоон алаг 89 гэсэн дугаартай пудволктой, саарал өнгийн өмдтэй угаагч уг тээврийн хэрэгслийг угааж байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-21 дүгээр хуудас/,

 

Хохирогч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн 54-44 ОРО улсын дугаартай harrier маркийн автомашинтайгаа хандгайтаас хороолол руу ирсэн. Өдөр 15 цагийн үед байх Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25-р байрны гадна ирээд хүзүү хөшөөд байхаар нь гэртээ орохоосоо өмнө машиндаа хамаатны ах Баяраагаар мөр хуянгаа бариулаад гарт бөгж тээглээд байхаар нь арын суудал дээр сууж байгаад бөгжөө тайлаад жолоочийн ард талын хаалганы халаасанд хийчихсэн. Тэгээд мөрөө бариулж дуусаад машинаа түгжээд орсон. 9 дүгээр сарын 08-ны өдөр байх хорооллын Өргөөгөөс доошоо уруудахад Авто плаза төвийн хажууд байдаг Чанар гэдэг угаалгад машинаа орж угаалгасан. Тэнд ажилладаг нэг залуу угаахаар болоод би машиныхаа түлхүүрийг өгсөн. ...Маргааш өглөө нь сэрээд нүүр гараа угааж байгаад гараа хараад бөгжөө машиндаа тавьснаа санаад машиндаа үзэхэд байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр З.Б нь 54-44 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг угааж байсан. Маргааш нь уг машины эзэн бөгж байхгүй байна гэж хэрүүл хийж ирсэн. ...Тэгээд З.Б ажилдаа ирэхгүй алга болсон ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 10 минутын үед З.Б гэх залуу цахим үнэмлэхээ үзүүлж бөгж тавих гэсэн юм гэж шигтгээтэй монетон бөгж үзүүлсэн. Тэгээд би бөгжийг нь үзээд жинлэхэд 4,6 граммтай монетон шигтгээтэй бөгж байхаар нь 316.800 төгрөгөөр үнэлээд 320.000 төгрөгөөр тэгшлэх боломжтой гэж хэлсэн. Тэгээд бөгжөө тавьсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа нь дуусаж З.Б гэх хүнд 89408181 дугаарт мессежээр мэдэгдсэн. З.Б /*********/ гэсэн Регистрийн дугаартай байсан. ...Мөнгөө төлөөд авсан учраас гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №БГ2-20-951 дугаартай “монетон бөгжийг 650.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 43-45 дугаар хуудас/,

 

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн “...Зандансүрэн Баттулга гэсэн зурагтай цахим иргэний үнэмлэхийн зураг, түүний хажууд хар өнгийн дэнс жин дээр цагирган бөгж 4,6гр жинтэй гэсэн зураг бүхий А4 цаас байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 48-51, 55 дугаар хуудас/,

 

“Тайгын булаг кредит” ХХК-иас ирүүлсэн “...Зээлдэгч З.Б /РД:УХ95032731/ нь манай Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах салбарт 4,6 грамм жинтэй монетон циркон шигтгээтэй бөгж барьцаалан 320.000 төгрөгийн зээл авч үйлчлүүлсэн байна. Зээлдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар зээл идэвхтэй байна.” гэсэн албан бичиг /хэргийн 54 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэрийг нь мэддэг болсон Эрдэнэтуяа гэх хүн 18 цаг 55 минутын үед боронзон өнгийн тоёота харьер маркийн автомашин угаалгахаар орж ирсэн. ... Жолооч талын сандлын доод талыг соруулж байтал тоос сорогч руу хатуу зүйл орчих шиг тар гэх чимээ сонсогдсон. Тэгэхээр нь хог орж байгаа юм байх гэж бодоод нээх тоогоогүй бөгөөд машиныг үргэлжлүүлэн угааж дуусгаад, машины эзэн буюу хохирогч эмэгтэй машинаа аваад явсан. Ингээд дахин машин угаагаагүй бөгөөд орой болсон учраас тоос сорогч доторх хогийг хаях гээд үзтэл хогон дотор шаргал өнгийн бөгж байхаар нь хартал монетон бөгж юм шиг харагдахаар нь аваад халаасандаа хийсэн. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан учраас уг бөгжийг барьцаанд тавиад мөнгөтэй болъё гэж бодоод маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сайн ломбардад 320.000 төгрөгөөр өөрийн нэрээр барьцаанд тавьсан. Ингээд өрөө өгөөд үлдэгдлийг нь ойр зуурдаа хэрэглээд дуусгачихсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 58 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч З.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чанар” гэх нэртэй автомашин угаалгын газарт үйлчлүүлж байсан иргэн М.Эгийн автомашинаас түүний эзэмшлийн 1 ширхэг 650.000 төгрөгийн үнэ бүхий 4.6 грамм жинтэй циркон шигтгээтэй монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороололд байрлах “Тайгын булаг кредит” ХХК-ийн “Сайн” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 320.000 төгрөг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тайгын булаг кредит” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

         Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Б нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

        Шүүгдэгч З.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч З.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Эд 650.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрийн монетон бөгжийг биет байдлаар барьцаалан зээлдүүлэх газраас 353.100 төгрөгөөр чөлөөлж авсан байх тул гэмт хэргийн хор уршигт тооцох 353.100 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахтай холбогдуулан шүүгдэгч З.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

 

 

  1. Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Быг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй..

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх

хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Бас 353.100 /гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Эд олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО