Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/591

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001069 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:****/.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 22 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч М.Мтай “автомашины сигналыг олон удаа дарлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би найз охинтойгоо ээжийндээ байж байгаад гараад явсан. Хотхоны дунд машины сигнал дугараад байсан. Найз охиндоо энэ хүнд сигналаа боль гээд хэлчихээд явъя гэж хэлээд машин дээр очоод цонхыг нь тогшоод та сигналаа болиоч ээ гэж хэлсэн. Тэр хүн согтуу байсан бөгөөд гарч ирээд “чи юу гээд байгаа юм” гээд хараалын үг хэлээд намайг түлхэхдээ манай найз охины нүдний шилийг унагаагаад далийлгасан. Тэр үед би түргэн зангаараа тэр хүнийг цохисон нь үнэн. Тэр хүнийг цохиж зайгаа аваад ойртох юм бол цохино шүү гэтэл намайг хөөсөн. Тэгээд цагдаа дуудсан ба тэр хүний эхнэр нь наад хүн чинь согтуу байгаа зүгээр явчих гэж гуйсан. Тэгээд би тэр эхнэрт нь та энэ хүнийг хариуцаж байгаа юу гэхэд эхнэр нь тийм гэж хэлсэн. Цагдаа ирсэн байна уу гээд гэрээсээ гараад хэрэг болсон газрыг тойрч хараад байж байхад цагдаа ирээгүй байсан. Тэгээд буцаад явж байхад тэр хоёр хүн өөр газарт зогссон байсан. Тэгэхээр нь би гэртээ харьсан.” гэв.  

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 22 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч М.Мтай “автомашины сигналыг олон удаа дарж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх шалтгаанаар маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хоёр хажуу хана, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

Хохирогч М.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр  21 цаг 30 минутын үед найз Атай хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 22 дугаар байрны авто зогсоол дээр очсон ба А удалгүй гэр лүүгээ ороод явсан. ...Эхнэр бид хоёр машиндаа хөгжим сонсоод сууж байхад 00 цаг 40 минутын үед үл таних хорин хэдэн насны өндөр залуу машин дээр нэг хүүхэнтэй цуг ирээд хараалын үгээр доромжлохоор нь би машинаас буутал үгийн зөрүүгүй намайг 2-3 удаа нүүрэн тус газарт гараараа цохисон. Тэр залуу намайг цохихоор нь би араас нь хөөтөл зугтааж байхдаа эргэж хараад миний нүүрэн тус газар 2-3 цохисон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн. “...Нарны хорооллын 27 дугаар байрны зүүн талд автомашины зогсоол дээр нэг машин зогсолтгүй сигнал нь дуугараад байхаар нь бид хоёр “сигналаа болиорой” гэж хэлэх гээд очоод машиных нь цонхыг тогшиход 35-40 орчим насны махлагдуу бор царайтай ах гарч ирээд манай найз залууд “би санаандгүй дарчихлаа, тэгээд чи яах юм” гээд манай найз залууг түлхэхдээ миний нүүрэн тус газарт гараараа хүрч харааны шилийг минь далийлгасан. Манай найз залуу цагдаа дуудлаа шүү гэж хэлээд нөгөө ахаас зугтаагаад гүйгээд байсан. ...Би тухайн үед айж балмагдсан байсан учир манай найз залуу тухайн залууг цохиж, зодсон эсэхийг хараагүй. ...Надад учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...эрэгтэй, эмэгтэй хоёр ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харуулан байрлуулсан цагаан өнгийн Тоёота Приүс-41 маркийн автомашины баруун талаар өнгөрч байгаад эргэж харж тухайн автомашины жолооч талын хаалганаас хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, халзан эрэгтэй ... бууж ирэн үсээ дээрээ боосон эрэгтэйн урд тулж зогсоод халзан эрэгтэй нь үсээ дээрээ боосон эрэгтэйг түлхэхэд нөгөө эрэгтэй нь халзан эрэгтэйн нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохиж байгаа дүрс, ...халзан эрэгтэйг  баруун гараараа нүүрэн тус газар нь 4-5 удаа цохиж буй дүрс бичигдсэн байх ба халзан эрэгтэй нь үсээ дээрээ боосон залуугийн араас автомашины зогсоол тойрон хөөж буй дүрс байв...” гэх тэмдэглэл /хэргийн 8-10 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5953 дугаартай:

“1. М.Мы биед хамар ясны хоёр хажуу хана, хамрын хянга ясны хугарал,  хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 27А байрны 1802 тоотод ээжийнхээ гэрт байж байгаад 00 цаг 30 минутын үед гараад Нарны хорооллын 35Б байр луу явж байх замд 27 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд машин тасралтгүй сигналдах чимээ гаргаад байхаар нь найз охины хамт шаардлага тавиад, сигналаа болиорой гэж хэлэхэд 35-40 орчим насны согтуу ах бууж ирээд “юу гээд байгаа юм бэ” гээд түлхсэн. ...над руу дайраад байхаар нь би нүүрэн тус газар луу нь гараараа хоёр удаа цохиод цааш зугтаан зайгаа авсан ба миний урдаас дахин дайраад зодох гээд хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 47-48 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

   

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 22 дугаар байрны автомашины зогсоол дээр хохирогч М.Мтай “автомашины сигналыг олон удаа дарж оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгаанаар маргалдан түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хоёр хажуу хана, хамрын хянга ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны шарх, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой 318.650 төгрөгийн баримт /хэргийн 61-66 дугаар хуудас/ авагдсан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.     

  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Баас гэмт хэргийн хохирол, хор уршигт 318.650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Түүнчлэн хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

          Шүүгдэгч Б.Бы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

  Шүүхээс шүүгдэгч Б. Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
  2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 318.650 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Мд олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО