Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00578

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00578

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 151/2017/00213/и хэргийн индекстэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Алтанбулаг сум, 4 дүгээр багт оршин суух Батхаан овогт Гомоцэдэнгийн  Нямдорж /НФ57051454/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Нямдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие Гомбоцэдэнгийн Нямдорж 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд адуучнаар, 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Батхаан” ХКомпанид хонь, ямаа, үхэр маллан малчнаар ажиллаж байсан...Түүнчлэн нэгдэлд  ажиллаж байх хугацаандаа нэлээд олон шагнал, урамшуулал хүртэж баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байсан боловч одоо олдохгүй байна. Энэ талаар намайг мэдэх олон хүн байдаг ба тэдгээрээс 3 хүнийг нь төлөөлүүлэн гэрчээр асуулгаж байна...Иймд Г.Нямдорж намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд адуучнаар, 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Батхаан” ХКомпанид хонь, ямаа, үхэр маллан малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Мөн Гомбоцэдэнгийн Нямдорж намайг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд адуучнаар ажиллаж байхад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэр, мөн нэгдэл тараад “Батхаан” ХХК болон өөрчлөгдөж малчнаар ажиллаж байхад нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэрүүд нь Гомбоцэрэнгийн Нямдорж гэж буруу бичигдсэн байна...Хөдөлмөрийн дэвтэрийнхээ овгийг буруу бичигдсэнийг би мэдэж байсан боловч ганц нэг үсэг гайгүй байлгүй дээ гэж бодоод явж байтал одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл зөрөөд болохгүй байна. Би хөдөө өөрийн хөгшинтэйгээ хоёулаа мал маллан амьдардаг ба хаврын мал төллөлтийн хүндхэн цаг ирээд байгаа учир миний аргагүй нөхцөл байдлыг минь шүүх харгалзан үзэж аль болох богино хугацаанд нэхэмжлэлийг минь хангаж, дээр дурдсан ажиллаж байсан жилийг минь тогтоон өгч, мөн хөдөлмөрийн дэвтрийн жинэхэн эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нямдорж нь бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл адуучнаар, “Батхаан” ХК-д 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

         а/ Гомбоцэрэн Нямдорж гэсэн нэр бүхий Төв аймгийн Эрдэнсант сумын Саруул-Амьдрал нэгдлээс 1982 оны 01 сарын 01-ний өдөр бичилт хийж нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр,

б/ Гомбоцэрэн Нямдорж гэсэн нэр бүхий Төв аймгийн Эрдэнсант сумын Батхаан ХК-иас 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр,

в/ Төв аймгийн Эрдэнсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01 өдрийн 59 дугаартай тушаал, түүний хавсралтын 362-рт Гомбоцэрэн Нямдорж гэх бичилт бүхий зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

-Г.Нямдоржийн 2017 оны 06 сарын 04-ний өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаанд Батхаан овогт Гомбоцэдэнгийн Нямдорж, регистрийн дугаар НФ57051454 гэх бичилт /хх 23/

-2017 оны 04 сарын 10-ны өдрийн 45/012371 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг Лувсангомбын Гомбоцэдэн, эх Бидарнагийн Лхамсүрэн нарын гэр бүлд 1957/05/14-нд Гомбоцэдэнгийн Нямдоржийг 1957/06/08-нд Өвөрхангай аймгийн Батхаан суын 41-т бүртгүүлсэн төрөлтийн лавлагаа байгаа тул лавлагаа олгов гэх бичилт /хх 15/,

-Гэрч Ж.Чүлтэмийн “...Г.Нямдоржийн аав нь Гомоцэдэн гэж хүн байсан. Хүмүүс Цэдэн л гэж дууддаг байсан...Тухайн үеийн боловсон хүчнүүд ийм алдааг их гаргадаг байсан. Тэгээд л Гомбоцэдэн гэдгийг Гомбоцэрэн гээд л биччихсэн байх...Манай нэгдэлд Нямдорж гэж хүн олон байсан ч Гомоцэрэнгийн Нямдорж гэж хүн байхгүй, Гомоцэдэнгийн Нямдорж л гэж байгаа...” гэх мэдүүлэг /хх 24/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            2.Гомбоцэдэнгийн Нямдорж нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1981 оны 03 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар, “Батхаан” ХК-д 1991 оны 02 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

-Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлээс 1982 оны 01 сарын 01-ний өдөр Гомбоцэрэнгийн Нямдоржид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 5-6/,

-Төв аймгийн Эрдэнэсант сумын Батхаан ХК-иас 1991 оны 01 сарын 01-ний өдөр Гомбоцэрэнгийн Нямдоржид олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх 7/,

-Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 06 сарын 01 өдрийн малчид томилох тухай “Нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг шинэчлэн олгож байгаа тул 380 малчинг хавсралтаар баталсугай... ...хавсралтын 362-т Гомбоцэрэнгийн Нямдорж...” гэх бичилттэй 59 дугаартай тушаал /хх-9/,

-Төв аймгийн Эрдэнсант сумын Саруул-Амьдрал  нэгдлийн даргын 1992 оны 02 сарын 01 өдрийн ажлаас чөлөөлөх тухай “1.Саруул-Амьдрал нэгдэл нь БНМАУ-ын аж ахуй нэгжийн тухай хуулийн дагуу ХК болон зохион байгуулагдсан учир 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралт нэр бүхий ажилчин албан хаагчид, малчдыг 1, 2-р хавсралтаар ажлаас нь чөлөөлж тус компанын мэдэлд шилжүүлсүгэй...хавсралт 2-ын 2-т Гомбоцэдэнгийн Нямдорж...” гэх бичилттэй 05 дугаартай тушаал /хх-10/,

-Гэрч Ж.Чүлтэмийн “...Г.Нямдорж нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн Угалзат бригадад 1980 оноос 1992 он хүртэл малчинаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-24/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Гомбоцэдэнгийн Нямдоржийг хөдөлмөрийн дэвтэр, тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Төв аймгийн Эрдэнсант сумын Саруул-Амьдрал нэгдлээс 1982 оны 01 сарын 01-ний өдөр Гомбоцэрэнгийн Нямдоржид олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Эрдэнсант сумын “Батхаан” ХК-иас 1991 оны 01 сарын 01-ний өдөр Гомбоцэрэнгийн Нямдоржид олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Эрдэнсант сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1981 оны 06 сарын 01 өдрийн 59 дугаартай тушаалын жинхэн эзэмшигч нь Гомбоцэдэнгийн Нямдорж болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Нямдоржийг Төв аймгийн Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1981 оны 03 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл малчнаар, “Батхаан” ХК-д 1991 оны 02 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.МӨНХЦЭЦЭГ