Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/592

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин,

насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Э,

шүүгдэгч Б.Б,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б, А.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105010931064 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:**********/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***********, урьд ял шийтгэлгүй, А.С /РД:******/,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч А.С, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Эийг зодож, эрүүл мэндэд нь духны хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, хацар, уруул, хүзүүнд зулгаралт, үүдэн баруун доод соёо шүдний цөгцний эмтрэл, сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Э мэдүүлэхдээ: “2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орой 22:00 цагт ажлаасаа тараад байрныхаа урд талын сагсны шийд дээр сууж байсан. Манай найзын нохой нь уяасаа алдуурсан бөгөөд хойноос нь хөөж явж байтал өөдөөс 5-6 хүн гарч ирсэн. Тэгээд нэг залуу нь Баагийг цохисон тэгээд би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь намайг зодоод эхэлсэн” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э мэдүүлэхдээ: “Тэр болсон зүйлийг орой нь сонссон. Маргааш нь хот руу орж ирээд уулзсан. Энэ залуучуудтай уулзах гэсэн боловч ирж уулзаагүй өнөөдөр анх удаа харж байна. Нэг удаа утсаар яриад “миний хүүхдийн хамрыг янзалж өг” гэж хэлсэн. Өчигдөр нэг ярьсан. Одоо хамрын муруйг янзлуулах арга хэмжээ авах хэрэгтэй байгаа” гэв.  

Шүүгдэгч А.С, анар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч Э.Эийн биед халдаж, эрүүл мэндэд нь духны хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, хацар, уруул, хүзүүнд зулгаралт, үүдэн баруун доод соёо шүдний цөгцний эмтрэл, сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:    

Насанд хүрээгүй хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн орчимд ажлаасаа тараад гэрийнхээ гадна сагсны талбайд тоглож байсан. ...Тухайн үед эхлээд ногоон бомбер куртиктай С гэгч нь миний цамцнаас заамдаж аваад нүүрэн тус газар, зүүн нүдний шилний хэсэгт 2 удаа баруун гараараа цохисон.  Тэгэхэд миний шил хамар луу хүчтэй цохигдож, толгой манараад өвдсөн. Тэгээд би эвхэрч тонгойгоод байж байхад миний нүүрэн тус газар луу гарнууд ээлжилж орж ирээд цохиод байсан. С гэгч нь намайг заамдаж 2 удаа цохисны дараа хар хувцастай Б.Б гэгч нь намайг зодоод байсан. Тэгээд тухайн 2 залуу намайг ээлжлээд цохиод байсан. Би доошоо тонгойж байсан болохоор хэн нь хаашаа цохиод байгааг анзаараагүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13, 20 дугаар хуудас/,

Гэрч Ц.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз Э, Бэ хоёр миний нохойны араас гүйгээд би араас нь 20 дугаар байрыг тойроод очиход Бэ газар суусан байдалтай, Эийг хоёр залуу өшиглөөд, нүүр лүү нь цохиод, хүзүүнээс нь багалзуурдаад, алгадаад байж байсан. Би очоод нэг залууг нь татаад харсан чинь нөгөө залуу нь миний толгойны ар хэсэг рүү шанаа руу цохиод, тэгээд нэг эгч машинаас гарч ирээд болиулсан. Тэгээд нэг залууг нь бариад байж байхад манай аав ирээд тэр залууг нь бариад авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч З.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхбаярын замаар уруудаад С, Ч, А бид дөрөв түрүүлээд, харин Б.Б нэлээн хойно явж байсан. Тэгсэн чинь нэг овчарк нохой хажуугаар өнгөрсөн, түүний араас 5-6 залуучууд гүйж байсан. Б.Быг хаана явж байгааг харсан чинь гүйж байсан залуучуудын нэгийг нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд С ах Б.Б руу явсан. Тэгсэн чинь цаанаас нэг туранхай, өндөр залуу ирээд С ах тухайн залуутай барьцалдаад, 2-3 удаа цохисон. ...Б.Б эхлээд өшиглөсөн залуутайгаа ноцолдоод, мөн С ахтай барьцалдаж байсан залуу руу дайраад байсан. ...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний араас Б.Б явж байсан. Тэгсэн чинь хажуугаар нэг жижигхэн нохой гүйгээд түүний араас нэг овчарк нохой өнгөрсөн ба араас нь 2-3 хүүхэд гүйж байсан. Тэгсэн чинь тэдний нэгийг таньдаг юм шиг байсан, түүнийг гэдсэнд нь нэг удаа өшиглөөд “хариач” гэсэн чинь тухайн хүүхэд за агаа гээд зогссон. Тэгээд С гүйж очоод нэг өндөр хүүхдийг 2 удаа цохиод ноцолдоод байсан. Харин Б.Б нэг хүүхэдтэй нь ноцолдоод байсан. ...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4599 дугаартай:

“1. Э.Эийн биед духны хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, зүүн хацар, уруул, хүзүүнд зулгаралт, үүдэн баруун доод соёо шүдний цөгцний эмтрэл, сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 43-45 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний танил Баагий гэдэг хүүхэд явж байсан. Би тоглоод тухайн хүүхдийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд “хариач” гэсэн чинь “харилаа ах” гэж хэлсэн. Тэгээд нохойгоо алдсан хүүхдүүдийн нэг хар хувцастай хүүхэд нь “та яаж байгаа юм бэ”  гэхээр нь “би дүүтэйгээ юм ярьж байна” гээд тухайн хүүхдийн нүүрэн тус газар нь баруун хацар луу нь алгадсан. Тэгсэн чинь С ах хүрч ирээд тухайн хүүхдийн эрүү, хацран тус газар нь 2 удаа цохиж харагдсан. Тэгж байтал намайг нэг ах ирээд бариад авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 181 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм бурууг ойлгож байна, хохирол мөнгийг барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 100 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 89 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 91 дүгээр хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 93 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 111 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хэргийн 122 дугаар хуудас/.

Шүүгдэгч А.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 94 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 107 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 108 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 112 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч А.С, Б.Бнар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч Э.Эийн биед халдаж, эрүүл мэндэд нь духны хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, дух, хацар, уруул, хүзүүнд зулгаралт, үүдэн баруун доод соёо шүдний цөгцний эмтрэл, сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б, А.С нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Б, А.С нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт гэмт хэргийн хор уршигтай холбоотой 179.600 төгрөгийн баримт  авагдсан /хэргийн 51 дүгээр хуудас/ ба шүүгдэгч нар нь шүүхийн шатанд  хохирогчид 179.600 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

           Харин хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, А.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

           Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

          Шүүгдэгч Б.Б, А.С нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

  Шүүхээс шүүгдэгч Б.Б, А.С нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Б, А.С нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б, А.С нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирол нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Б.Б, А.С нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэв.  

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б, А.С  нарыг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.С нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, А.С нарт оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО