Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00628

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03348 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2500 дугаар магадлалтай, 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох, 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаартай захирамж гарч Х.Отгонбаяраас 150.520.000 төгрөг гаргуулж Э К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ц.Цэдэнд бэлэн мөнгөний хэрэг гарчихлаа, гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа тул мөнгө олж өгч туслаач, 14 хоног хэрэглээд эргүүлээд өгье гэж хэлээд Э К ББСБ ХХК-аас миний үл хөдлөх эд хөрөнгийг 100.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээлийн мөнгийг Ц.Цэдэн авч тухайн өдрөө АНУ-руу гуйвуулга хийсэн. Ц.Цэдэнгийн энэ үйлдлийн талаар Х.Отгонбаяр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаартай захирамж гаргахад Ц.Цэдэн нь очиж намайг мэхэлж удахгүй төлнө, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурчих гэсэн. Шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулах хүсэлт гаргасан боловч Ц.Цэдэн нь дээрх мөнгийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэсэн тул энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан. Цагдаагийн байгууллагаас 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ц.Цэдэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор тогтоож, байцаалт өгснийг Ц.Цэдэн, Марита Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт нэгтгэн шалгахаар шилжүүлсэн. Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол гаргаж улсын бүртгэлийн Y-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Г-2204004440 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын захиран зарцуулахыг хязгаарласан. Энэ тогтоолыг Мөрдөн байцаах газраас 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 11/4-1348 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулж, энэ тухай Х.Отгонбаярт 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11/4-1717 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь миний өмч хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр ажиллагаа явуулж өмчлөх эрхийг зөрчсөн, Мөрдөн байцаах газраас битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байхад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан эрүүгийн журмаар шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан ч түдгэлзүүлээгүй. Энэ тухай Х.Отгонбаярын гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй байна. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байгаа гэдгийг мэдсээр байж хууль зөрчиж эд хөрөнгийг битүүмжлэн, улмаар хураан авах тогтоол үйлдэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулж манай гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, Э К ББСБ ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзсэнд гомдолтой байна. Гэтэл Ц.Цэдэн, Марита Раналан Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаартай шийтгэх тогтоол гарсан ба уг тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 3 дугаар гудамж, 247 тоот хаягт байрлах, Y-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон. Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 692 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дугаартай тогтоол гарч энэ үеэс эхлэн Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан хууль бус ажиллагаа явуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан атлаа өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх шийдвэр гаргасан. Мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж шударгаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, Э К ББСБ ХХК-д өгөх гэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10596 дугаартай гүйцэтгэх хуудас тус албанд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ирсэнд НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Тус гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, цэргийн хотхоны 3 дугаар гудамж, 247 тоотод байрлах 219 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 780 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн. Тухайн тогтоолд 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд битүүмжилсэн эд хөрөнгийг хураана гэдгийг мэдэгдсээр байтал хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Х.Отгонбаяр, хамтран өмчлөгч Ч.Б- нар нь битүүмжилсэн эд хөрөнгийг газрын хамт 1.300.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Экокапитал ББСБ ХХК зөвшөөрсөн. 1.300.000.000 төгрөгийн 70 хувь болох 910.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан боловч үнийн санал ирээгүй. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар бууруулан 650.000.000 төгрөгөөр зарлахад үнийн санал ирээгүй. Мөрдөн байцаах газраас уг хөрөнгийг битүүмжилсэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар албан бичиг манайд ирээгүй тул анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Анхны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил 7 сар болж байна. Өнөөдрийг хүртэл Х.Отгонбаяр, Ч.Б- нараас бид нэг ч төгрөг аваагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар хуулийг зөрчсөн талаар нэхэмжлэгч тал баримт гаргаагүй. Ч.Б- нь анхнаасаа гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03348 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36 дугаар зүйлийн 36.5, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2500 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчимтай. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстойг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуульчлан заасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 7828 дугаартай захирамж гарч Х.Отгонбаяраас 150.520.000 төгрөг гаргуулж Э К ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.Б- нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 16 хэсэг, Цэргийн хотхон 3 гудамж, 247 тоотод байрлах, 780 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч, 219 м.кв газрын хамтран эзэмшигч. Цагдаагийн байгууллагаас 2015 оны 5 сарын 06-ны өдөр Ц.Цэдэнд холбогдуулан эрүүгийн 201525020721 дугаартай хэрэг үүсгэж, 2015 оны 5 сарын 20-ны өдөр хохирогчоор тогтоож байцаалт өгсөнийг Ц.Цэдэн, Марита Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт нэгтгэн шалгахаар шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Ц.Билгүүн 2015 оны 9 сарын 08-ны өдөр Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол гаргаж улсын бүртгэлийн Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдөх эд хөрөнгө, Г-2204004440 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Энэ тогтоолыг Мөрдөн байцаах газраас 2015 оны 8 сарын 17-ны өдөр 11/4- 1348 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулж, энэ тухай Х.Отгонбаярт 2015 оны 9 сарын 14-ний өдөр 11/4-1717 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь миний өмч хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр ажиллагаа явуулан миний өмчлөх эрхийг зөрчсөн, Мөрдөн байцаах газраас битүүмжилсэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байхад 2016 оны 8 сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нь Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, улмаар 2 дахь дуудлага худалдаанд оруулсан нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан “эрүүгийн журмаар шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл” ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан ч түдгэлзүүлээгүй, энэ тухай Х.Отгонбаярын гаргасан хүсэлтэнд ямар нэгэн хариу өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч дээрх үйл баримтууд, улсын бүртгэлийн байгууллагад Цагдаагийн байгууллагаас ирсэн албан бичгүүдийн, хориг тавьсан үйл баримтуудыг мэдсэн, эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байгаа гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, НШШГГ-ын 188 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, Баянгол дүүргийн тасгын ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нар хуулиа зөрчиж 2016 оны 3 сарын 29-ний өдөр эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 4 сарын 20-ны өдөр эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдэн хураан авч Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, улмаар 2 дахь дуудлага худалдаанд оруулан миний болон гэр бүлийн гишүүдийн дундын эд херөнгүүдийг үнэгүйдүүлж, Э К ББСБ ын хүсэлтийг тэргүүн ээлжинд тавьсанд гомдолтой байна. Ц.Цэдэн, Марита Раналан Андөрвүүд нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 237 дугаартай шийтгэх тогтоол гарч хэргийг шийдвэрлэж дууссан ба уг тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтанд Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 3 дугаар гудамж 247 тоот хаягт байрлах Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон. Уг хэргийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 29 дугаар тогтоол гарч, энэ үеэс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх ёстой байтал хууль зөрчиж төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төлбөр авагч талд илт үйлчилсэн хууль бус ажиллагаа явуулсан. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 03348 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэзээ нээсэн нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй атлаа, шүүгч шүүх хуралдааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн материалыг авч үзэж өөрт хэрэгтэй зүйлээ тодруулсан, эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдах явцад хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцсэн байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа аль аль ажиллагааг хүчингүй болгох талаараа тодруулах гэсэн боловч хүлээн аваагүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Б-гийн НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Харин  анхан шатны шүүх маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хэргийн баримтаас үзвэл Х.Отгонбаяр нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаар захирамжаар Э К ББСБ-д 150.520.000 төгрөг төлөх төлбөртэй, төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч НШШГГ- явуулсан нь  тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шүүгчийн захирамжид заасан барьцааны зүйл болох Ч.Б-, Х.Отгонбаяр нарын хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 3 дугаар гудамжны 247 тоотод байрлах 219 м.кв талбай бүхий газар, 780 м.кв хувийн сууцыг битүүмжилж, хураасан, анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож, улмаар анхны болон хоёрдох дуудлага худалдаа зарлагдсан боловч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй байна. 

Өмнө нь төлбөр төлөгч Х.Отгонбаяр нь “Э К ББСБ-с зээлсэн мөнгийг Ц.Цэдэн гэгч залилан мэхэлж авсан” үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу түүнийг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоосон, Ц.Цэдэнд холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалгахдаа Х.Отгонбаяр, Ч.Б- нарын өмчлөлийн Э К ББСБ-н барьцаанд байгаа орон сууцыг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсныг эрүүгийн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хүчингүй болгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 15 дугаар зүйлийн 15.2.4-т эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасан бөгөөд ийм үндэслэл тогтоогдоогүй, тухайлбал, уг зохицуулалт  Х.Отгонбаяраас төлбөр гаргуулж Э К ББСБ-д олгох, төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар  төлөөгүй бол барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг үндэслэн хийгдэж буй гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл болохгүй юм. Иймд  барьцааны зүйлийг битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдааны үнэ тогтоосон, анхны болон хоёрдох дуудлага худалдаа явуулсан ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2500 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ