Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0409

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.П нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0330 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Г.П, Д.З, Ш.Н

Хариуцагч нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.З

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н

 

Хэргийн индекс: 128/2022/0414/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0330 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах Г.П, Д.З, Ш.Н нарын 51, 68, 78 тоот гараашнуудад холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 320, 337, 347 дугаартай газар чөлөөлөх тухай шаардах хуудас, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 328, 345, 355 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч Г.П, Д.З, Ш.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийснийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

1. Хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн тухай

1.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ нэхэмжлэгч нарын маргах болсон гол үндэслэлийг огт дүгнээгүй зориуд орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал нэхэмжлэгч нар нь Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А36 дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1994 оны 6в/892, 7в/1388 тоот зөвшөөрлийг үндэслэн бидний эзэмшиж, ашигладаг гараашууд баригдсан учраас зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гарааш эзэмших, ашиглах эрх бидэнд хууль ёсны дагуу үүссэн тул хамгаалагдах ёстой гэж үзэж хууль ёсны эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн 4.11-т Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан "... газар..., зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах ...”, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан. эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т зааснаар “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Гэвч анхан шатны шүүх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 сарын 18-ны өдрийн А36 дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1994 оны 6в/892, 7в/1388 тоот зөвшөөрөл дээр ямар ч дүгнэлт хийхгүй хэргийг шийдсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж байгаа гарааш нь зохих зөвшөөрлийн үндсэн дээр баригдсан, нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээгээр өөрсдийн эзэмшилдээ авсан тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь хууль бус юм.

1.2. Анхан шатны шүүх 1994 онд Газрын тухай хууль батлагдаж 1995 онд дагаж мөрдөгдөхөөс өмнө үүссэн газрын харилцаанд оролцогч талын эрх, ашиг сонирхол шинэ хуулиар хөндөгдвөл Захиргааны ерөнхий хуульд тусгасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг үл баримталж хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй гараашууд нь Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны А36 дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1994 оны 6в/892, 7в/1388 тоот зөвшөөрлөөр баригдсан. Тухайн захирамж, зөвшөөрөлд гараашийн барилгыг эзэмшиж, ашиглах хугацааг огт заагаагүй. Мөн гарааш баригдах үед газрын харилцааг зохицуулсан хууль байхгүй байсан. Иймд гарааш барих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгосноор гарааш эзэмшигч, ашиглагч нарт гараашийн доорх газрыг зориулалтын дагуу ашиглах эрх үүсэх нь зүй ёсны асуудал юм. Нэхэмжлэгч нараас гараашийн барилга баригдах үед хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нараас гараашийн барилгыг газрын эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй гэсэн үндэслэлээр бариулахыг эс зөвшөөрч зогсоох оролдлого хийсэн баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Харин хариуцагч нараас гарааш баригдсан 1994 оны үед гарааш барихыг зогсоох талаар авч хэрэгжүүлсэн ямар нэгэн мэдээлэл хариуцагч нарт байхгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь гарааш барихыг тухайн үед эсэргүүцээгүй бөгөөд дуугүй байх, эсэргүүцэл үл үзүүлэх замаар гараашийн доорх газрыг гарааш эзэмшигчдэд ашиглах эрх үүссэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гараашийг худалдан авч эзэмшиж, ашиглаж байна. 1994 онд буюу 2002 онд Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнөх цаг хугацаанд зөвшөөрөгдөж байсан хөрөнгүүдийг дараагийн цаг хугацаанд ирсэн төр захиргааны удирдлагууд нь үгүйсгэж ямар ч хохирол, нөхөх олговор олгохгүйгээр нурааж, чөлөөлж болохгүй. Учир нь Төрийн алба нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “шударга ёс”-ны зарчмаас гадна. 7.1.2-т заасны дагуу “мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг баримтлан ажиллах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу “шуурхай, тасралтгүй байх“ зарчмыг баримтлан ажиллах ёстой. Энэхүү “Тогтвортой байх”, “Тасралтгүй байх” зарчмуудын дагуу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан солигдож өөрчлөгдсөн ч бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь нэгдмэл, тасралтгүй, тогтвортой байж ард иргэдэд үйлчилж тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироохгүйгээр ажиллах ёстой. Хуульд заасан дээрх “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “мэргэшсэн тогтвортой байх”, “шуурхай, тасралтгүй байх” зарчмуудын дагуу нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан төдийгүй, зөрчигдсөн тохиолдолд сэргээгдэх ёстой гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0330 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Г.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч Г.П, Д.З, Ш.Н нар нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын Г.П, Д.З, Ш.Н нарын 51, 68, 78 тоот гараашнуудад холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны газар чөлөөлөх тухай шаардах хуудас, мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2-д заасныг үндэслэн нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар /91-д/ баталсны дотор нэхэмжлэгч  иргэдийн гарааш байрлаж буй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах газар хамрагджээ.

3. Анхан шатны шүүх “... хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт олгосон шийдвэр байхгүй, нөгөөтээгүүр гараашын барилгыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэн,  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын маргааны үндэслэл болсон анх зөвшөөрөл олгосон 1993, 1994 оны захирамж, албан бичгүүдийг зориуд үнэлэлгүй орхигдуулсан. 1994 онд буюу 2002 онд Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнөх цаг хугацаанд зөвшөөрөгдөж байсан хөрөнгүүдийг дараагийн цаг хугацаанд ирсэн төр захиргааны удирдлагууд нь үгүйсгэж ямар ч хохирол, нөхөх олговор олгохгүйгээр нурааж, чөлөөлж болохгүй. Хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “мэргэшсэн тогтвортой байх”, “шуурхай, тасралтгүй байх” зарчмуудын дагуу нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан төдийгүй, зөрчигдсөн тохиолдолд сэргээгдэх ёстой ...” гэжээ.

5. Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А36 дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1994 оны 6в/892, 7в/1388 тоот зөвшөөрлийн дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 дугаар дунд сургуулийн хашааны хойд талд 24 машины гарааш барихыг “АЯА” ХЭАА-д зөвшөөрсөн байх боловч 1994, 2002 оны Газрын тухай хуулиудад заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших, эрхийн  гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулаагүй байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу хууль ёсоор газар эзэмших эрхтэй гэж үзэхээргүй байна.

5.1. Хэдийгээр газар эзэмших эрхгүй боловч 1994 оноос 28 жилийн турш үе үеийн захиргааны байгууллагаас газар чөлөөлөх талаар шийдвэр гаргаж байгаагүй нь дээрх зөвшөөрлийн дагуу баригдсантай холбоотой, тухайн гараашийг ашиглагч нарт боломж олгож байсан бөгөөд энэ нь хууль ёсоор газар эзэмших эрхийг үүсгэх  үндэслэл болохгүй.

5.2. Учир нь 1994 оноос өмнө газар ашиглаж байсан этгээдэд 1994, 2002 оны хуулиудын дагуу тухай бүр эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэрүүдийг гаргаж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосны үндсэн дээр газрыг хууль ёсоор эзэмшүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч нарт ийнхүү эрх бүхий этгээдээр баталгаажуулсан, эсхүл нэр шилжүүлж авсан шийдвэр, гэрчилгээ байхгүй байхад газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх нь Газрын тухай 1994 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 2002 оны хуулийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй.

6. Хэрэгт маргаан бүхий 2022 оны А/388 дугаар захирамжийг гаргасан, түүнийг үндэслэж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн хойд талд 0.2277 га газарт “Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга”-ын зориулалттай  2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БХБХ2022/03-002 “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг баталжээ.

6.1. Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөхөөр шийдвэрлэсэн газрын ашиглалт, зориулалтыг үр ашигтайгаар зохион байгуулж, тухайн байршилд нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулж дээрх бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөснөөс үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.5-д “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” гэж тус тус заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. 

7. Эдгээр үндэслэлүүдээр Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарт хууль ёсоор газар эзэмших эрх нь үүсээгүй, тухайн газрыг зөвхөн нэхэмжлэгч иргэд гараашын зориулалтаар үргэлжлүүлэн ашиглах ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэхгүй бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8. Харин тухайн гараашуудыг 1993 онд зөвшөөрч бариулж байсан зорилго, одоогийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн БХБХХ2022/03-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын “Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга” барих зориулалтаас үзвэл тухайн нутаг дэвсгэр орчимд авто зогсоолын хүрэлцээгүй байдлыг харгалзан шийдвэрлэсэн байх тул дээрх захиргааны шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч иргэд тухайн газарт баригдах авто зогсоолоос зохих журмаар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ