Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 53

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Нарийн бичгийн дарга С.Мөнхзул,   

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,  

Шүүгдэгч Г.Цогтгэрэл, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Цогтгэрэлд холбогдох эрүүгийн 2016 2601 0773 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-3, аав, ээжийн хамт амьдрах, “Увс-Эрдэнэ” ХХК-д бригадын ахлагч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ЗБУ 10-35 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 243 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1158 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2  сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Сант маргад овогт Гомбосүрэнгийн Цогтгэрэл РД:УП90101914,  

Шүүгдэгч Г.Цогтгэрэл нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Миний зах” дэлгүүрийн лангуунаас 0.7 литрийн Hennessy нэртэй конъяк хулгайлж “Сонгинохангай” ХХК-д 499.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь :       

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  судлахад:   

Шүүгдэгч Г.Цогтгэрэл нь ялтай байх хугацаандаа 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Миний зах” дэлгүүрийн лангуунаас 0.7 литрийн Hennessy нэртэй конъяк хулгайлж “Сонгинохангай” ХХК-д 499.960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:   

- шүүгдэгч Г.Цогтгэрэлийн:...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Саппорогийн автобусны буудлын зүүн хойд талд байрладаг Миний зах хүнсний дэлгүүр рүү ороод архины лангуун дээрээс Hennessy нэртэй конъяк аваад төлбөрийг нь төлөлгүй дэлгүүрээс авч гараад, холгүй хамгаалагч нарт баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

-хохирогч Д.Бямбажавын...“дэлгүүрээс нэг залуу конъяк хулгай хийж...баригдсан, цагдаад хүлээлгэж өгсөн гэж манай ажилчид хэлж байсан. 0.7 литрийн 499.960 төгрөгийн Hennessy гэсэн бичигтэй конъяк байгаа юм”...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,  

-гэрч Б.Бат-Эрдэнийн:...хяналтын камерыг хянаад байж байхад саарал өнгийн куртик, хар өнгийн өмдтэй залуу манай дэлгүүрт орж ирээд лангуун дээрээс Hennessy нэртэй 499.960 төгрөгийн үнэтэй 0.7 литрийн конъяк сагсанд хийгээд хойд талын хяналтын камергүй хэсэгт очсон. Би хяналтын камерын бусад хэсгийг нь харж байгаад кассны хэсэг рүү харахад сагсаа тавиад ямар нэг юм авалгүй гараад явж байхаар нь хамгаалагч Холдаганд холбоогоор “конъяк авсан залуу гараад явчихлаа араас нь очоод шалгаадах” гэж хэлсэн. Дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг үзэхэд нөгөө залуугийн араас Холдаган яваад очиход нөгөө залуу куртикнийхээ дотор талаас гаргаж өгөөд зугатаахаар нь би шууд хойноос нь хөөж Саппорогийн автобусны буудлын ар талд барьж аваад байж байтал эргүүл хийж байсан цагдаа нар ирээд тэр залууг авч явсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

-гэрч Т.Нарангийн:...”эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Г.Цогтгэрэл гэгчийг хамгаалагч 2 залуу барьчихсан зогсож байхаар нь юу болсныг асуухад Г.Цогтгэрэл нь манай дэлгүүрээс 499.960 төгрөгийн үнэтэй Hennessy конъяк хулгайлаад авч гарч явж байгаад баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

-гэрч Ж.Холдаганы...”тэр залуу сандарсан байдалтай “би юу ч аваагүй” гэхээр нь би “чиний биед үзлэг хийчихье. Дараа нь чи явж болно” гэхэд тэр залуу улам сандраад байхаар нь куртикны гадна талаас тэмтрэхэд тэр залуу куртикнийхээ дотор талд зүүн гараараа ямар нэг зүйл барьж тогтоосон байхыг анзаараад “наана чинь юу хийж байгаа” гэхэд шууд энгэрээсээ дэлгүүрт зарагдаж байсан хавтгай шилтэй 0.7 литрийн Hennessy нэртэй конъяк гаргаж ирээд шидчихээд цаашлаад Саппорогийн буудлын зүг гүйж зугатаасан”...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9-р хуудас/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Цогтгэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж /хх-ийн 46/, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр суллагдсан /хх-47/ байхдаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т  зааснаар ялтай байдал арилаагүй байхдаа дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул “давтан” гэж үзнэ.   

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлан авч гарсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснийхээ дараа илчлэгдэн баригдсан байх тул төгссөн гэмт хэрэг гэж үзсэн нь зөв болно. 

Хулгайлагдсан эд зүйлийг хохиригч талд хүлээлгэн өгсөн /х-6/, хохирогч  нэхэмжлэх зүйлгүй /х-12/ болохоо илэрхийлжээ.        

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.   

Шүүгдэгч Г.Цогтгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.        

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан баримт нь шүүгдэгч нь Баянзүрх дүүрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа гэх нотолгоо болохгүй, шүүгдэгч өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх асуудал нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Г.Цогтгэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар шүүгдэгч Г.Цогтгэрэлийн эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.Цогтгэрэлд оногдуулсан 5 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.     

4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.     

5. Шүүгдэгч Г.Цогтгэрэлд урьд авсан батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цогтгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР