Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/577

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч С.Б түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Сийн Б-т холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ************ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, *******************************, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ****************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овогт С-ийн Б /РД: *********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо ** дугаар байрны гадна Я.Л-тай маргалдаж биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Би 2012 онд энэ байранд нүүж ирсэн бөгөөд хохирогч гэх энэ хүн яагаад надад өсөрхөөд байна гэхээр СӨХ-ны мөнгө төлөхгүй байна гэдэг шалтгаанаар оршин суугчдын автомашины дугаарыг авч зураад байна гэсэн зүйлийг оршин суугчид ярьж хуульч өмгөөлөгч хүн байна та энэ асуудлын талаар СӨХ-ын даргатай яриач гэхээр нь Лтай уулзаж байсан бөгөөд таарамжгүй харьцаатай байдаг. Би энэ хүнд урд нь 2 удаа зодуулж байсан. Тухайн өдөр байрны гадаа хүүхэдтэйгээ хамт явж байхад Л нь манай хүүхэд руу орилоод байхаар нь очтол ам руу салаавч гаргаад ална гэж заналхийлсэн. Би тухайн үед утсаа гаргаж ирээд бичлэг хийтэл утас аваад шидсэн. Би Л-гийн биед халдаагүй, цохиж зодоогүй. Л нь намайг чулуугаар цохисон гэдэг боловч тэр чулуунаас нь миний хурууны хээг авчих гэхэд хохирогч авч ирсэн гэдэг зүйл яриад авдаггүй. Миний гар утсыг Л эвдэлсэн боловч энэ талаар ажиллагааг хийгээгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Я.Л-гийн:

“...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 7-р хороо 55 байрны гадна явж хүүхдээ эргэхээр эмнэлэг рүү гар утсаараа яриад явж байхад С.Б надтай таараад өмнөх харилцаанаас болоод надтай маргалдаад миний өөдөөс ирээд миний куртикнээс гараараа заамдахаар нь би гар утсаа энгэрийн халаасанд хийгээд надаас зуураад ална, хоёулаа зодолдоно гээд 55 байрны хойд аваачиж зодолдъё гээд орилоод байсан. Тэгээд заамдаж байсан гараа тавиад гэнэт баруун гараа миний нүүр, уруул руу цохиод би газарт унасан босоод ирэхэд Б намайг цохисон газраас 4-5 метрийн зайд зогсож байхаар нь чи юугаар цохчихвоо гэхэд дугаралгүй байж байгаад чамайг юугаар цохидог юм гэж хэлээд яваад өгсөн. Харин би гэртээ ороод гэмтэл рүү утсаар ярих гээд куртикнийхээ халаасанд утсаа үзэхэд байхгүй байсан. Гэртээ цусаа угаагаад гараад ирэхэд Б зогсож байхаар нь цагдаа руу хамт явъя гэж хэлээд гар утсаа хайгаад олоогүй. Гэтэл Б хамт алхаж байгаад замдаа алга болчихсон. Харин би цагдаагийн газарт ирж шинжээч эмчид үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны №12461 дугаартай:  

“...Я.Л-гийн биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 48-49/,

3. Шинжээч эмч Н.Э-ийн:

“...Уруулын язарсан шарх нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, уруулын зүүн дээд хэсэгт хүч үйлчилж үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл уруулын зүүн дээд хэсэгт мохоо зүйлээр цохигдсон гэсэн бусад гэмтэл хүзүүний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүзүү хоолой боох заамдалцах үед үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 152-153/,

4. Шүүгдэгч С.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 32-35/,

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 63/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны №0996 дугаартай:

“...С.Б-аас гаргаж шинжилгээнд ирүүлсэн Самсунг галакси нөөт 5 маркийн гар утсыг дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй гэж үзлээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 128-129/,

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ********** дугаар шүүгчийн захирамжууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд, “Хөх шигтгээ” СӨХ-ын дотоод дүрэм, оршин суугчдын хуралдааны тэмдэглэл, шүүгдэгч С.Б-аас мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Б нь хохирогч Я.Л-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрт 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Лд олгох” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч С.Б нь миний гар утсыг Я.Л шидсэн, надад хохирол учирсан гэж мэдүүлсэн байхад гар утсанд эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж С.Б-ыг хохирогчоор тогтоогоогүй зэрэг ажиллагааг хийгээгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь: 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо ** дугаар байрны гадна Я.Л-тай маргалдаж биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Я.Л-гийн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 7-р хороо **** байрны гадна явж хүүхдээ эргэхээр эмнэлэг рүү гар утсаараа яриад явж байхад С.Б надтай таараад өмнөх харилцаанаас болоод надтай маргалдаад ...ална, хоёулаа зодолдоно гээд 55 байрны хойд аваачиж зодолдъё гээд орилоод байсан. Тэгээд заамдаж байсан гараа тавиад гэнэт баруун гараа миний нүүр, уруул руу цохиод би газарт унасан, ...чи юугаар цохчихвоо гэхэд дугаралгүй байж байгаад чамайг юугаар цохидог юм гэж хэлээд яваад өгсөн. ...Гэртээ цусаа угаагаад гараад ирэхэд Б зогсож байхаар нь цагдаа руу хамт явъя гэтэл Б хамт алхаж байгаад замдаа алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны №12461 дугаартай “...Я.Л-гийн биед дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 48-49/,

- Шинжээч эмч Н.Э-ийн “...Уруулын язарсан шарх нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, уруулын зүүн дээд хэсэгт хүч үйлчилж үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл уруулын зүүн дээд хэсэгт мохоо зүйлээр цохигдсон гэсэн бусад гэмтэл хүзүүний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүзүү хоолой боох заамдалцах үед үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 152-153/,

- Гэрч Г.Н-ийн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байгаад 12 цагийн үед хүүхдээ эмнэлгээс авах гээд нөхөр Я.Л-гийн хамт гарахаар болсон. ...нөхөр Л түрүүлээд гараад гадаа байж байя машин руугаа очоод гэж хэлээд гараад явсан. Би хувцас хунар нүүр амаа будаж дуусаад яг гэрээс гарах гэж байхад нөхөр Л нүүр нь цус болсон цус гоожсон байдалтай орж ирсэн, ...эмнэлэг орж оёдол тавиулсан. ...Л-гаас юу болсон талаар асуухад Б-тай тааралдаад намайг заамдаад авсан тэгээд камерын дурангаас холдуулж байгаад нүүр лүү чулуугаар цохисон. Тэгэхээр нь чи яаж байгаа юм юугаар намайг цохчихвоо гэхэд Б чамайг юугаар ч цохисон яадаг юм гэж хэлээд гартаа барьсан чулуугаа шидээд хаясан гэж хэлсэн. Б нь манай нөхрийг СӨХ-ын дарга байхад СӨХ-ын мөнгө өгөөгүй гээд шүүхэд өгч байсан. Тэрнээс болоод манай нөхөрт өстэй явдаг байсан юм билээ. Өнгөрсөн жил 6-н сард байх Б нүүр лүү нулимчихлаа гээд орж ирж байсан. Манай нөхөр 2 ч удаа харвасан биеийн байдал тааруу таяг тулдаг тэнцвэрээ алддаг, хараа нь жаахан муу тийм хүн байдаг. Ямар нэгэн хүнд ямар ч гэм хор хийхээргүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 147-148/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.Б нь би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Б болон хохирогч Я.Л нар нь “**************” СӨХ-ын үйл ажиллагаанаас болж хоорондоо маргадаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо ***** байрны гадна таарч мөн хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч С.Б нь хохирогч Я.Л-г үг хэлээр доромжлох байдлаар биед нь халдаж дээд уруулын баруун талаас уруулын дотор салст руу үргэлжилсэн язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зүүн хажуу хэсгийн цус хуралт зэрэг гэмтэл учруулсан, хохирогч Я.Л нь зодуулсан даруй гэртээ орж гэр бүлийн хамаарал бүхий хүнд буюу гэрч Г.Н-д энэ талаар хэлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлт зэргээр давхар тогтоогдсон, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч Я.Лд учирсан гэмтэл нь шүүгдэгч С.Б-ын үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт баримтаар 130.000 төгрөг нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч С.Б нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.Б-аас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Лд олгохоор шийдвэрлэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч С.Б-ын хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршӨ хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Б-ын хувьд түүний хувийн байдал буюу урьд ял шийтгүүлж өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад учруулсан хохирол төлбөрт 130.000 төгрөг төлөх төлбөрийн хэр хэмжээ зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *****************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Самсунг галакси нөөт 5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б-т буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Я.Л-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг галакси нөөт 5 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Б-т буцаан олгох, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ