Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2017/00068/И |
Дугаар | 00106 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн 85 тоотод оршин суух,1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, Бэйл овогт Зундуйн Баяраагаас гаргасан “төрсөн он сэргээн тогтоолгох” хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Төр-Амгалан нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч З.Баяраа шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ... Бэйл овогт Зундуйн Баяраа миний бие нь Ховд аймгийн Булган сумын “Арал” гэдэг газар Зундуйн 6 дугаар хүү болж 1956 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг, эгчийнхээ гар дээр өнгөрөөсөн. Би Зундуй гэж хүний бага хүү дээрээ 5 эгчтэй, айлын ганц хүү нь байгаа юм. Би хамгийн том эгч дээрээ өссөн. Одоо Зүүнхараад амьдарч байгаа. Ээж маань намайг ой гарантай байхад өнгөрсийн гэсэн тэгээд бичиг баримтыг минь авахдаа оныг минь сольж авсан юм шиг байна лээ. Би найман настайдаа сургуульд сурч 1974 онд 7 дугаар анги төгсөж, 1974 онд цэрэгт явсан. Төрсний гэрчилгээнд оныг 1957 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр овгийг Баатаа гэж буруу бичсэн байна. Иймээс миний төрсөн оныг 1956 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, овгийг Бэйл гэж үнэн зөвөөр залруулж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч З.Баяраа нь 1956 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, мэдүүлэг, эгч З.Баярсайханы ...Би 1944 онд Зундуйн том охин болж төрсөн 5 дүүтэй бид эцэг эхээс 6-уулаа, хамгийн бага нь Баяраа. Намайг 12 настай хамгийн бага дүү Баярааг ой гарантай байхад ээж маань өнгөрч байсан юм. Тэр үед гэрчилгээг нь авахдаа буруу авсан юм шиг байна. Бид бүгд нэг эцэг эхийг хүүхдүүд миний аавыг Баашаан Зундуй гэж хүн байсан. Намайг 12 настай Баярааг ой гарантай байхад нас барсан гэхээр надаас 12 насаар дүү гэхээр 1956 он хавьд төрсөн байх. З.Баяраа нь айлын ганц хүү байгаа юм. Тэр үед хүүтэй боллоо гээд их байрлаж байсан гэв. Бидний ургын овог Бэйл овогтой гэтэл энэ Баяраагийн ургын овгийг Баатаа гээд бичсэн байна яагаад ингэж бичсэнг мэдэхгүй байна гэх мэдүүлэг болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00/012642 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа ... Зундуйн Баярааг 1956 оны 05 дугаар сарын 15-нд төрсөнг 1956 оны 09 дүгээр сарын 01-нд Ховд аймгийн Булган сумын 92 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа 03-2/106, 159, 03-2/161 дугаартай лавлагаанууд, иргэний үнэмлэхний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, З.Баярааг 1956 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Бэйл овогт Зундуйн Баяраа нь Ховд аймгийн Булган сумын “Арал” гэх газар 1956 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч З.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ