Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0366

 

   “Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Д.А,

Нэхэмжлэгч: “Б...” ХХК

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Б.Ч.” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Д.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 113/2022/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг баримтлан “Б...” ХХК-ийн гаргасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Б...” ХХК-ийн захирал Б.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралд ирээд шүүхийн зүгээс олгосон 1 цаг 30 минутын хугацаанд хавтаст хэрэгтэй танилцахад Баянтал сумын Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл нотлох баримтаар хэрэгт авагдсан байсан болно. Тус хурлаар Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталсан байна.

2.2. 2020 онд “Б.Ч.” ХХК нь “Б...” ХХК-ийн газрыг өөрийн нэр дээр авах хүсэлтийг засаг дарга Г.А сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж байсан, тухайн үед “Б...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй байсан тул хүсэлт дэмжигдээгүй буцсан, үүний дараа 2021 оны 3 дугаар сард “Бигом чойр” “ХХК-ийн хувьцаа эзэмшигч хятад иргэд Засаг дарга Г.А-аар “Б...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг үгсэн хуйвалдаж гаргуулсан, гаргамагцаа Засаг дарга Г.А дахин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж “Б.Ч.” ХХК-ийн маргаан бүхий газрын хүсэлтийг дэмжүүлсэн үйл баримт дээрхи нотлох баримтаар тогтоогдсоор байхад уг нотлох баримтыг үнэлээгүй, үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ дурдаж өгөөгүй байна.

2.3. Тус илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны акт гаргахдаа үндэслэл болгосон Цагдаагийн байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020 оны 10 дугаар сарын 05 болон 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрүүдийн албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Цаг уур орчны шинжилгээний газрын дүгнэлт зэргийг үндэслэлгүй, зориудаар “Б...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахын тулд хууль бусаар цуглуулагдсан болохыг удаа дараа хэлж, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс татгалзаж шийдвэрлэсэн, мөн эдгээр байгууллагуудын албан тоот, дүгнэлт нь яагаад хууль бус болох талаар шүүх хурал дээр мэтгэлцсэн. Жишээ нь цагдаагийн байгууллагаас ирсэн албан тоот хууль бус тул уг албан тоотыг Засаг даргад ирүүлсэн албан хаагчид Цагдаагийн ерөнхий газраас сахилгын арга хэмжээ авсан баримтыг шүүхэд гаргаж өгч мэтгэлцсэн байхад эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ дурдаж өгөөгүй байна.

2.4. Иймд “Б.Ч.” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Н, хятад иргэн Чан Гоу хуа нарын хоорондын газрын маргаантай асуудлыг хятад иргэний талыг барьж шийдвэрлэсэн захиргааны актыг илт хууль бус болохыг шударгаар шийдвэрлэж чадаагүй Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2023/0002 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр зөвхөн 1 цаг 30 минутын дотор 4 хавтас бүхий нийт 750 гаруй хуудас бүхий хэргийн материалтай танилцах боломж олгосон хугацаанд хэрэгтэй танилцах явцад миний өмнө огт танилцаж байгаагүй шинэ нотлох баримтууд хавсаргасан байсныг мэдсэн болно. Мөн тухайн хэргийн материалыг дугаарлаж үддэггүй, товьёог байхгүй, сул задгай байдалтай байсан. Дээрх эмх замбараагүй байдал нь шүүх хурлын өмнө хавтаст хэрэгт огт байгаагүй урд нь манай талд танилцуулж байгаагүй шинэ нотлох баримтуудыг хавсаргаж, шинэ нотлох баримттай холбогдуулан хариу тайлбар, шаардлагаа ихэсгэх боломж олголгүйгээр захиргааны байгууллагад хэт нэг талд давуу байдал бий болгосон байна гэж үзэх үндэслэл болж байна. Эдгээр хуурамч нотлох баримтуудад манай зүгээс хууль эрх зүй, газрын төлбөр тооцоо, хариуцагчийн захирамжаа гаргах үндэслэл болгосон нотлох баримтууд хууль бус тул нэхэмжлэгчийн зүгээс дүн шинжилгээ хийх, судалж дүгнэх боломж олгох, шинээр нотлох баримт гаргуулах хүсэлт тавихад хангаагүй, шууд хурлыг үргэлжлүүлсэн нь шүүхийн зүгээс санаатай болон санамсаргүй байдлаар нэхэмжлэгчийн боломжийг хааж хууль бус шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

 

3.2. Тус хэрэг маргааныг шийдвэрлэх этгээд болох шүүгч болон шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн хариуцагч болох Баянтал сумын засаг дарга Г.А-тай ажил дээр нь буюу сумын Тамгын газарт манай нэхэмжлэгч талд мэдэгдэлгүйгээр очиж уулзсан талаархи баримт сумын вэб сайтад нийтлэгдсэн байх бөгөөд энэ уулзалтын талаар хариуцагч сумын засаг дарга Г.А шүүх хурал дээр ярьж эхлэнгүүт шүүгч тэр яахав гээд өөр асуулт асууж яриаг нь тасалж яриулахгүй байсан нь анхаарал татахад өөрийн эрхгүй хүргэсэн юм. Шүүгчийн зүгээс хариуцагчийн ажлын байранд очсон талаараа хариуцагчийг яриулалгүй тасалж байгаа талаархи шүүх хурлын явцын видео бичлэгийг тус шүүхээс авхуулж шүүгч хэргийн оролцогчтой эсрэг талд мэдэгдэлгүй уулзалт зохион байгуулсныг нотлуулах хүсэлтэй байна.

 

3.3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хурал дээр хурал хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэх явцад даргалагч шүүгчийн зүгээс шүүхийн ажиллагаа удааширч байна нэхэмжлэгч талаас болж шүүх хурал хойшилж байна, энэ хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтыг цуглуулсан, одоо нэмэлт баримт хэрэггүй, хурлыг хурдан хуралдуулж шийдвэрээ гаргамаар байна гэх зэргээр хэлсэн үйл баримтаар шүүгч шүүх хурлаас өмнө шийдвэрээ гаргачихсан байсан болохыг нотолж байна. Энэ хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 тоот сумын Засаг даргын захирамж илт хууль бус бөгөөд манай талаас нэхэмжлэлийн шаардлагынхаа үнэн зөвийг нотлох зорилгоор хуульд заасан эрхийн хүрээнд 6 төрлийн нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан хэрэгт хавсаргуулах, мөн 2 төрлийн шүүхийн ажиллагааг хийлгэхээр бичгээр хүсэлт гаргасан байхад тус хурал дээр уг хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон байдаг болно.

 

3.4. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй Засаг даргын захирамжид дурдсан зөвшөөрөлгүй илүү газар эзэмшсэн гэх үндэслэлийг няцааж, ийм зөрчил огт байгаагүй болохыг нотолж давхцалтай газруудын эзэмшигч өмчлөгч гэгдэх З.Хатанзоригийг гэрчээр асуулгах, Батдэлгэрийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтүүдийг шүүхэд гаргаж байсан байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэн татгалзаж шийдвэрлэсэн байдаг болно. Гэтэл “Б...” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь З.Хатанзориг, Батдэлгэр нарын газартай буюу бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхацсан зөрчлөө арилгаагүй гэх сумын Засаг даргын захирамжаа гаргах үндэслэлийг шалгаж, мэтгэлцэж байж, үндсэн шаардлага болох сумын Засаг даргын захирамж нь илт хууль бус болохыг тогтоох ач холбогдолтой байсан болно. Гэтэл тухайн шүүхээс бусдын газартай давхацсан гэх зөрчлийг зөрчил биш гэж үзэж татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Түүнчлэн илүү газар ашиглаж байгаа гэх захирамжид дурдсан зөрчлийг яагаад тусгаарлан шийдвэрлэж байгааг огт ойлгохгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл захиргааны актад дурдагдсан бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхацсан, илүү газар эзэмшсэн гэх үндэслэл огт байхгүй учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэдгийг нотлох нотолгооны чухал ач холбогдол бүхий дээрхи хүсэлтүүдийг хангахгүй орхих, эсхүл тусгаарлах зэргээр нэг талд үйлчлэн буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Говьсүмбэр аймаг дах захиргааны анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргаж өгнө үү. Ингэснээр нэхэмжлэгч талын хуулийн дагуу гаргасан хүсэлтэд дурдсан нотлох баримт хэрэгт авхуулах, шүүхээс тодорхой ажиллагааг гүйцэтгүүлж, нэхэмжлэлд дурдсан шаардлагаа нотолж, илт хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой болох юм” гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

4.1. Тус шийдвэрийн 10 дахь талын доод хэсэг, 11 дэх тал, эхний хэсэгт: “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх зөрчил тогтоогдсон гэж хариуцагчаас үзэж “Б...” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гарсан, ...маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг ...хуульд заагаагүй үндэслэлээр хуулийн этгээдийн эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй” гэж нотлох баримтыг дутуу бүрдүүлэн, хуулийн этгээдийн эрхэд халдсаныг тогтоолгүйгээр буруу дүгнэж хэрэг шийдвэрлэсэн гэж үзэж байна. “Б...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын илүүдэл төлбөртэй байгаагаа удаа дараа хэлж, тэр байтугай тус суманд 20 сая төгрөгийн үнэ бүхий фитнесс клуб барьж өгсөн. Тухайн үед Засаг дарга нь газрын төлбөрт тооцно гэж ам тохиролцоо хийж байсан талаар хэлж энэ талаар сайн мэдэх гэрч асуулгах хүсэлт тавьсан байдаг бөгөөд фитнесс клуб одоо хүртэл ажиллаж байгаа талаар хэлж мэтгэлцсэн байдаг болно.

 

4.2. Хавтаст хэрэгт “Б...” ХХК-д Баянтал сумын засаг даргын 2011 оны 58 дугаар захирамжаар 5 га газар эзэмшүүлж, 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийгдэж, уг гэрээний 2.2-д газрын төлбөрийг нэгжийн үнийг 20 төгрөгөөр тооцож 5 га газарт төлөх төлбөр жилд 100.000 төгрөг байхаар, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уг гэрээг шинэчлэн хийж, шинэчилсэн гэрээний 2.2-д нэгжийн үнийг 8 төгрөгт тооцож, 5 га газрын жилийн төлбөр 400.000 төгрөг гэж тооцсон байдаг болно. Нэгжийн үнэ 20 төгрөг байхад 100.000 төгрөг, 8 төгрөг байхад 400.000 төгрөг болж байгаа зөрүүтэй байдлыг анхаарч үзэлгүйгээр “Б...” ХХК газрын төлбөрөө дутуу төлсөн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь буруу байна.

 

4.3. Газрын төлбөрийн хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор тогтоосон бөгөөд уг тогтоолд дурдсанаар томоохон суурин, сумын төвийн 1 га газрын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд доод хязгаарыг 8000 төгрөг байхаар тогтоож өгснөөр “Б...” ХХК нь өөрийн эзэмшлийнхээ 5 га газарт жилд 40.000 төгрөг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх үүрэгтэй байна. 2011 онд 40.000, 2012 онд 40.000, 2013 онд 40.000, 2014 онд 40.000, 2015 онд 40.000, 2016 онд 40.000, 2017 онд 40.000 төгрөг, 2018 онд 40.000 төгрөг, нийт 320.000 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна.

 

4.4. Газрын төлбөр төлөөгүй гэх захиргааны акт гаргах 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 2019 онд 800.000 төгрөг, 2020 онд 800.000 төгрөг гэж тооцоход 2018 он хүртэлх 320.000 төгрөг, 2019, 2020 оны 1.600.000 төгрөг, нийт 1.920.000 төгрөг төлөх ёстойгоос 2.540.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байх тул “Б...” ХХК нь 620.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан байна.

 

4.5. Энэ нь Баянтал сумын Засаг даргын 2021 оны А/24 дүгээр захирамж хуулийн этгээдийн эрхэд хуульд заасан халдах үндэслэл байгаагүй гэдгийг нотолж байхад ийм үндэслэл байхгүй байна гэж буруу шийдвэр гаргасан байна. Өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хурал дээр уг хэрэгт Г.Н-ын яллах дүгнэлт огт хамааралгүй учраас нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар гаргахад шүүх татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн байдаг нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрчсөн болно.

 

Иймд дээрхи байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн газрын төлбөртэй холбоотой хэсэгт нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн, захиргааны акт гаргах үндэслэл болсон холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан тоот үндэслэлтэй эсэхийг дүгнээгүй орхигдуулсан, энэ талаар шинжээч томилуулах, нотлох баримт шаардсан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангалгүй орхиж, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж буруу шийдвэр гаргасан Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2023/0002 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Д.А нарын давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “Б...” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д тус тус зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулсан.

2.3. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох шаардлагуудыг тусгайлан заасан бөгөөд 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нөхцөл байдал тогтоогдвол захиргааны акт илт хууль бус байх шинжийг хангана.

2.4. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Газрын эрхийг баталгаажуулах тухай” 58 захирамжаар “Б...” ХХК-д эвдрэлд орсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж, цэвэрлэж сайжруулсантай нь холбогдуулан тус сумын 1 дүгээр баг, цахилгаан станцын зүүн урд, улаан гараашийн баруун урд талд байршилтай 5 га газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.5. Харин маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, Усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, Газрын тухай хууль тогтоомжид заасан газрын төлөв, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан зэрэг зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр “Б...” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай 5 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д зааснаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2.6. Энэ тохиолдолд Газрын тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх сумын Засаг даргад олгогдсон тул маргаан бүхий захирамжийг хэн ч харсан илэрхий, ноцтой алдаатай буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн илт хууль бус гэж маргаж буй үндэслэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

2.7. Мөн уг маргаан бүхий актын талаар анхан шатны шүүхээс “маргаан бүхий захиргааны актад тодорхойлсон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад ашиглуулсан гэх зөрчил тогтоогдсон гэж хариуцагчаас үзэж, “Б...” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг захиргааны актад тавигдах эрх зүйн формаль шаардлагын хувьд хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, хуульд заагаагүй үндэслэлээр хуулийн этгээдийн эрхэд халдсан гэж дүгнэн, илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.

2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс “хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийг гаргамагцаа тухайн газрыг гуравдагч этгээд “Б.Ч.” ХХК-д эзэмшүүлэх хүсэлтийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж дэмжүүлсэн” гэж маргаж байх боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” гээд 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг “газрын төлбөрт сумын төвд фитнесс төв байгуулсан” гэх үндэслэлээр газрын төлбөрийг төлөх, чөлөөлөх, эсхүл нөхөн тооцох хуулийн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэгч “Б...” ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, уг актыг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй, энэ талаар дахин тодруулах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

2.9. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчээс газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшигч “Б...” ХХК-ийн нэр дээр Усны тухай хууль тогтоомжид заасан дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, Газрын тухай хууль тогтоомжид заасан газрын төлөв, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгээгүй, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг бусдад буюу “Б.Ч.” ХХК болон “Г.М.” ХХК-иудад ашиглуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас маргаан бүхий А/24 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг тус тус баримталсан нь үндэслэлтэй байна.

2.10. Харин нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо шүүх хавтаст хэрэгт танилцуулж байгаагүй шинэ нотлох баримтуудыг хавсаргаж, шинэ нотлох баримттай холбогдуулан хариу тайлбар, шаардлагаа ихэсгэх боломж олгоогүй, шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах болон шүүхийн ажиллагаанууд хийлгэх хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон гэж тайлбарлаж байна.

2.11. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох үүргээ хэрэгжүүлж, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл хэргийн оролцогч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэргийн материалтай танилцсан болох нь баримтаар тогтоогдож байх төдийгүй хэргийн оролцогчийн хэн алины хувьд тухайн хэргийн материалтай танилцах эрх нь хэдийд ч нээлттэй тул нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хангах үндэслэлгүй.

2.12. Мөн нэхэмжлэгчийн “шүүгч хэргийн оролцогчтой эсрэг талд мэдэгдэлгүй уулзалт зохион байгуулсныг нотлуулах хүсэлтэй байна” гэх гомдол нь энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Харин үүнтэй холбоотой гомдлоо холбогдох захиргааны байгууллагад гаргах эрх нь нээлттэй.

2.13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Г.Н-ын яллах дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргахад шүүх татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан гомдол гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд 32 дугаар зүйлийг бүхэлд нь бус зөвхөн 32.6 дахь заалтыг тусгасан нь анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулах, гаргуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцохгүй, зөвхөн цугларсан нотлох баримтаас хассан тохиолдолд гомдлыг үндэслэн хянахаар зохицуулсан тул үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд дээрх гомдол үндэслэлгүй байна.

2.14. Түүнчлэн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно” гэж заасан бөгөөд Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01/218 дугаартай албан бичгээр “Б...” ХХК-ийн эзэмшиж байсан 4203000250 нэгж талбарын дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 5 га газрын 2011-2018 оны төлбөрийн лавлагааг шүүхэд ирүүлсэн байх ба уг лавлагаагаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанд 2,900,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 2,540,000 төгрөгийн төлбөрийг төлж, 2018 оны байдлаар 2014 оны газрын төлбөрт 360,000 төгрөгийн өртэй болохыг тодорхойлсон төдийгүй “Б...” ХХК нь газрын төлбөр 2019, 2020, 2021 онуудад тус бүр 799,363 төгрөг буюу нийт 2,398,089 төгрөгийн үлдэгдэл өртэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад “нэхэмжлэгч 2018 он хүртэлх 320,000 төгрөг, 2019, 2020 оны 1,600,000 төгрөг, нийт 1,920,000 төгрөг төлөх ёстойгоос 2,540,000 төгрөг төлсөн тул “Б...” ХХК нь 620.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

2.15. Нөгөөтээгүүр, шүүхээс З.Хатанзоригийг гэрчээр асуулгах, н.Батдэлгэрийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хийгээд түүнд холбогдох маргааны үйл баримтын хувьд ялгаатай, ийнхүү энэ захиргааны хэргээс тусгаарлаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад ач холбогдолтой” гэж дүгнээд хэргийг тусгаарласныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...захиргааны актад дурдагдсан бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхацсан, илүү газар эзэмшсэн гэх үндэслэл огт байхгүй учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэдгийг нотлох нотолгооны чухал ач холбогдол бүхий хүсэлтүүдийг хангахгүй орхиж, маргаан бүхий газартай давхацсан газрын маргааныг тусгаарлах зэргээр нэг талд үйлчлэн буруу шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

2.17. Мөн “Б...” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдуулан гаргасан З.Хатанзориг, О.Наранхүү нарын нэр дээрх газруудын гэрчилгээг “Б...” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа Баянтал сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 113/ШЗ2022/0134 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/ШТ2022/1034 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА