Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Сонгино өөрийн байр “Шим”ХХК-ны нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сум 2 дугаар баг Хөдөөгийн хэсэгт байрлах “Тулга Энх” ХХК-д холбогдох зээлээр ургамал хамгааллын бодис худалдан авсны төлбөр 75543000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Шим ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч Тулга Энх ХХК-ны захирал Б.Энхмаа нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Шим ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Шим” ХХК нь           2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болон 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №15а, №15б тоот Ургамалын хамгааллын бодис худалдах худалдан авах гэрээ байгуулж нийт 72512000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан борлуулсан. Тус гэрээнд зааснаар урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлж үлдэгдэл 70 хувь буюу 50362000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөс худалдан авагч тал нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 3900000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 250000 төгрөг, 2015 оны  06 дугаар сарын 10-ны өдөр 18000000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл 50362000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд “Тулга энх” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 50362000 төгрөг хугацаа хэтрүүлсэний алданги 25181000 төгрөг нийт 75543000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шим ХХК, Тулга-Энх ХХК-ны хооронд 2015 оны 04 сарын 28, 2015 оны 06 сарын 30-ны өдөр 15а, 15б тоот худалдах, худалдан авах гэрээгээр нийт 72512000 төгрөгийн ургамал хамгаалалтын бодисыг худалдсан. Үүнээс урьдчилгаа төлбөр 30 хувийг 2015 оны 06 сарын 10-ны дотор, үлдэгдэл 70 хувь болох 5362000 төгрөгийг 2015 оны 11 сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Тухайн гэрээ хэрэгжих явцад 2015 оны 11 сарын 01-ний өдөр үлдэгдэл 70 хувийг Тулга-Энх ХХК төлөөгүй. Энэ хугацаа хойшлосоор байгаад 2017 оны 02 сарын 01-ний өдөр Шим ХХК нь шүүхэд хандсан. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасан. Ингээд нийтдээ 2015 оны 11 сарын 1-ний өдрөөс 2017 оны 02 сарын 17-ны өдөр хүртэл 15 сар буюу нийт 450 хоногийн алданги байгаа. Хоногт тооцох алданги 251.810 төгрөг болж байгаа. Үүнийгээ үржүүлэхээр 113.314.500 төгрөг болж байна. Ингээд Иргэний хуулийн 232.4, 232.6-т зааснаар алдангийг бууруулж 25181000 төгрөг, үндсэн мөнгө 50362000 төгрөг гээд нийтдээ 75543000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Тулга Энх ХХК-ны захирал Б.Энхмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа. ...Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 50362000 төгрөг Шим ХХК-д төлөх ёстой нь үнэн. 2015 оны намар нийт тариаланчдийн адил байглийн гамшгаас шалтгаалан ургац алдсан. Мөн 2016 оны намар дахин ургац алдаж компани маань эдийн засгийн хүнд байдалд ороод байна. Шим ХХК-ны хуулийн төлөөлөгч утсаар ярихад би үнэн байдлаа хэлсэн. Шүүхэд өглөө гээд сандраад төлчих боломж үнэхээр алга байна. Үл хөдлөх хөрөнгө зарах гээд мэдээлэл зар явуулж байгаа хавар барилгын ажил эхлэх үеэр зарагдчихвал танай өрийг шууд төлнө. Санхүү нийтээр хямарсан үед үл хөдлөх зарагдахгүй бол ирэх намрын угацаас өөр горьдох юмгүй байна гэж бодит байдлаа хэлсэн. Зөвхөн Шим ХХК-д биш Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Худалдаа хөгжлийн банк, ниймгийн даатгалын хэлтэс, татварын албанд бүгдэнд нь зохих хэмжээний өглөгтэй байгаа нь үнэн. Иймд би ядаж авсан барааны үлдэгдэл болох 50362000 төрөгийг боломж болох үед заавал төлөх болно гэжээ.

Хариуцагч Тулга Энх ХХК-ний захирал Б.Энхмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Түрүүн ярьсан зүйл л давтагдах гээд байна. Уг нь бол би Шим ХХК-аас 2015 онд бодис авсан нь үнэн. Тэр намар улсын хэмжээнд ган болоод ургац аваагүй. Түүнийг Шим ХХК ойлгож байна гээд амаар ярилцаад явж байсан. Өнгөрсөн жилийн ургацаар зээлээ төлье гэсэн ч манайх ургацаа тогоруунд идүүлчихээд төлж чадсангүй. Энэ мөнгийг төлөх нь тодорхой. Гэвч түншлэлийн харилцаа гэдэг нь бие биеэ ойлгох ёстой гэж бодож байна. Би маш их хэл ам хэрүүл шуугиан гаргаагүй болохоор эд нар мартсан байж болно. Түүнээс би тухайн үед манайх ийм том булцуутай ургац байсан. Шим ХХК-аас авсан химийн бодис миний ургацанд үр суулгахгүй саатуулсан байх. Эднийх мэдэж л байгаа. Би тухайн үед хохирлоо өөрөө  үүрээд л өнгөрч байсан. Миний 2 жил дараалан ургац алдсан. Компаниа босгох гээд ядаж байхад алданги ярихгүй байх л гэж бодож байна. Түүнээс би үндсэн зээлсэн мөнгөө төлнө. Төлөх нь миний үүрэг гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Шим” ХХК нь  Ургамалын хамгааллын бодис худалдах худалдан авах гэрээ байгуулж нийт 72512000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодисыг худалдан авсны үлдэгдэл 50362000 төгрөгийг,  хугацаа хэтрүүлсэний алданги 25181000 төгрөг бүгд 75543000 төгрөгийг  хариуцагч “Тулга Энх” ХХК-иас гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ болон төлбөрийн  үлдэгдэл үнийн дүнгийн  талаар үл маргана. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хариуцлага гэрээний үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээ буюу алданги 25181000 төгрөгийг төлөх боломжгүй, бизнесийн түншийн  хувьд алданги чөлөөлөх хүсэлтийг нэхэмжлэгч талд үл зөвшөөрч асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж маргана. Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Худалдах худалдан авах гэрээний  4 дүгээр заалтын Б-д .......Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги нэмж төлнө гэж зохигч нар тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-д зааснаар худалдан авагч тал үүргээ гүйцэтгээгүй  тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцож алданги нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч  Тулга Энх ХХК-иас нь  Ургамалын хамгааллын бодис худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 50362000 төгрөг,  хугацаа хэтрүүлсэн алданги 25181000 төгрөг бүгд 75543000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 535700 төгрөгний хамт гаргаж нэхэмжлэгч Шим ХХК-ид  олгох нь зүйтэй байна.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч  Тулга Энх ХХК-иас нь Ургамалын хамгааллын бодис худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 50362000 төгрөг,  хугацаа хэтрүүлсэн алданги 25181000 төгрөг бүгд 75543000 төгрөгийг  гаргаж, нэхэмжлэгч Шим  ХХК-д  олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхээмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 535700 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Тулга Энх ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 535700 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Шим  ХХК-нд  буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ