Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Дүнжингаравын 108-13 тоотод оршин  байрших “Тун Жөү”  ХХК-иас гаргасан

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал  сумын 1 дүгээр баг “Жаргалан” хотхон  96-3-61 тоотод оршин суух Боржигон овогт Шинийннэгэний Мөнхсайхан /РД:МЗ79110513/-д холбогдох зээл 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ний захирал Лю Лян Хуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч Ш.Мөнхсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Цэдэн, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Тун Жөү ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: ... Шинийннэгэн овогтой Мөнхсайхан нь 2014 онд эхнэр Цолмонгийн банкны зээлийг дарахад 4500000 төгрөг /дөрвөн сая таван зуун мянга/ хэрэгтэй байна. Би танаас мөнгө зээлж эхнэрийнхээ банкны зээлийг дарчихаад одоо оршин сууж байгаа 61 тоот байрны зээл гаргуулан гэж хэлээд надаас 4500000 төгрөг зээлсэн. Уг мөнгө авсанаас хойш 1 жилийн дараа мөнгөө нэхэхэд Ш.Мөнхсайхан нь “Би таны мөнгийг одоогоор бөөнөөр нь өгч чадахгүй. 2015 оны 2-р сараас эхлэн сар бүр 200000-300000 төгрөг тогтмол цувуулан төлж таны өрийг барагдуулна”” гэж хэлээд баталгаа бичиж өгсөн. Үүнээс хойш надад хэлсэн хугацаандаа ганц ч төгрөг өгөөгүй ба утас руу нь залгахад миний утсыг авахгүй, надтай огт холбоо барихгүй, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Иймд, хариуцагч Ш.Мөнхсайханаас үндсэн зээл болох 4500000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Ш.Мөнхсайханаас гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл сөрөг нэхэмжлэл Стоут ХХК-тай холбогдуулан гаргасан. Гэтэл өнөөдөр Тун Жөү ХХК нь Стоут ХХК-тай ямар ч хамаагүй. Тиймээс энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн шийдвэрлэх боломжгүйг шүүх анхаарч үзнэ байх. Нэгэнт хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх үүнийг баталгаажуулан шийдвэрээ гаргах байх гэжээ.

Хариуцагч Ш.Мөнхсайхан  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгтээ ... Би Лю Лян Хуагаас мөнгө зээлье гэж хэлээгүй байр худалдаж авсан урьдчилгаа 4500000 төгрөгөө авъя бидний банкны зээл бүтэхгүй боллоо байрыг чинь суллаж өгье гэсэн чинь 4500000 төгрөгийг гаргаж өгөөгүй. Чи манайд ажилла чиний мэргэжил манайд хэрэгтэй би байрны зээлэн дээр чинь туслана байрандаа байж бай гэсэн. Анх 2013 онд манайх 96 айлын 3-62 тоотыг цагдаагийн эмч Отгонбаатар гэх залуугаас байрны урьчилгаа төлбөр хийсэн. Байрандаа орж чадахаа байлаа. Танайх орох уу гэхээр нь за тэгье гээд орсон. Тэгээд 4.500.000 төгрөг өгөөд зээлээ хөөцөлдсөн чинь бүтэхээ байгаад Лю Лян Хуа эгчид манайх өгсөн мөнгөө аваад гаръя гэсэн. Манайх сайхан байр. Чи яаж ийгээд ав гэсэн. Би ажилгүй болохоор зээл авч болохгүй байна гэхэд чи ямар мэргэжилтэй залуу вэ гэхээр нь цахилгаан гагнуурчин мэргэжилтэй гэхэд чи надад тохирох залуу байна. Би энэ байрыг чамд бэлэглье гэж хэлсэн. Надад анх яг тэгж хэлсэн шүү. Тэгээд СӨХ-ны ажилтнаар авна гэхэд нь за гэсэн. Маргааш нь би гадаа хогоо цэвэрлээд л ажилласан. Энэ үеэс эхлэн би бараг 24 цаг ажилласан. Тэр 4.500.000 төгрөгийн асуудал байна. Зээл авах гэсэн юм гэсэн. Би үнэнээ л хэлсэн. Тэгээд надад 4.500.000 төгрөг өгсөн. Бэлнээр 3 номерт орж ирээд өгсөн. 4500000 төгрөг төлөх асуудалд ч маргаан байхгүй. Сүүлд нь надаас 4.500.000 төгрөгөө нэхэхээр нь би та надад ажилласан гэрээнийхээ мөнгийг өгчих гэсэн. Би 4.500.000 төгрөгийг бөөнөөр нь өгч чадахгүй байна. Цувуулж өгье өр зээл ихтэй байна гэж би хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2013 оны 08 сарын 27-ны өдөр Стоут ХХК-г төлөөлж Лю.Лян Хуа гүйцэтгэх захирал гэж байгаад гэрээ хийсэн. Сард 750.000 төгрөг өгнө гэж гэрээ хийсэн.  Ш.Мөнхсайхан  01 жил 15 хоног ажилласан. Энэ хугацаанд цалин аваагүй.  Үүний цалин 9000000 төгрөг болно. Яагаад аваагүй учраа тайлбарлахдаа 4.500.000 төгрөгийн өртэй учраас сүүлд нь зөрүүгээ тохирно гээд цалингаа нэхээгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Тун Жөү ХХК-нь хариуцагч Ш.Мөнхсайханаас зээлийн төлбөр 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага  гаргажээ. Зохигчдын хооронд  2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ хийгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр дээр баригдсан  Жаргалан хотхонд 3-р орцны  61 тоотын 2 өрөө байрыг  худалдан авахдаа эхнэрийнхээ цалингийн зээлийг хаах гэж 4500000 төгрөг зээлдэн авснаа хариуцагч Ш.Мөнхсайхан нь хүлээн зөвшөөрдөг ба зээлийн төлбөрийн үнийн дүнгийн талаар маргаангүй болно. Иймд нэхэмжлэгч Тун Жөү ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.  

            Хариуцагч Ш.Мөнхсайхан нь 2013 оны 08 сарын 27-ны өдөр Стоут ХХК-г төлөөлж ЛюЛян Хуа гүйцэтгэх захирал  гэрээ хийж. Сард 750.000 төгрөг өгнө гэж гэрээ хийсэн.    01 жил 15 хоног ажилласан хугацааны цалин 9000000 төгрөгийг Лю Лян Хуагаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээ /хх-17-18/, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай тодорхойлолт /хх-18/, нийгмийн даатгалын дэвтрийн ноториатаар гэрчлэгдсэн хуулбар /хх-20/, гэрчээр Б.Ганзаяа, Б.Мөнхсүлд нарыг асуулгасан /хх-40,46/ баримтуудыг ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох, нэг төрлийн маргаан биш бөгөөд ажил олгогч болон ажилтны хоорондын маргаан тул хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган, ажил олгогчийн харъяалах шүүхэд хандах боломжтой байна. Хариуцагч Ш.Мөнхсайханы гаргасан Стоут констракшин ХХК-нд холбогдох цалин хөлс 9000000 төгрөг гаргуулах, нийгмийн  даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч Ш.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 86950 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Тун Жөү ХХК-инд олгож, нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Мөнхсайханаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Шинийннэгэн овогтой Мөнхсайханаас зээлийн төлбөр 4500000 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Тун Жөү ХХК-нд  олгосугай. 

2. Хариуцагч Ш.Мөнхсайханаас гаргасан  нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ний захирал  Лю Лян Хуагаас  ажилласан хугацааны цалин 9000000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86950 төгрөг,   хариуцагч Ш.Мөнхсайханаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 158950 төгрөгийг  тус, тус төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ш.Мөнхсайханаас улсын тэмдэгтийн хураамж  86950 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Тун Жөү ХХК-нд  буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ