Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/908

 

 

   2021            09            06                                        2021/ШЦТ/908

 

-                           

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч П.Ганбаатар,

шүүгдэгч Б.Өнөрбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Өнөрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2108014961252 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны .... дүгээр сарын ......-ны өдөр ............... аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, “Сутай буянт” ХХКомпанид засварчин ажилтай гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөг гудамж 85 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Баттөмөрийн Өнөрбат /РД:........./.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Өнөрбат нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Даваадуламыг “өөртөө нь унтсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь халдаж, дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, буйланд шарх, дээд уруулд шарх, цус хуралт, духанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өнөрбат нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.Даваадуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/, гэрч Г.Тогтохбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, Б.Өнөрбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6215 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар  тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 69-71 дүгээр  тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/, түүний Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 72-77 дугаар тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Өнөрбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Өнөрбат нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Даваадуламыг “өөртөө нь унтсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ч.Даваадуламын “...Тогтох, Даймаа, Өнөрөө, Ууганаа нартай хамт Ууганаагийн лагерь болох Зүүн салаа руу явсан. Мах шарж идээд архи ууцгаасан. Өнөрөө, Даймаа нартай үлдсэн байсан. Би тасарч унтаад нэг сэрэхэд миний хамаг хувцас тайлагдсан, Өнөрөө өмдөө хагас тайлсан байхаар нь би түлхсэн. Тэгтэл Өнөрөө над руу яваад ирэхээр нь би хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн чинь маяглаад байгаарай гээд миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед манараад нэг сэрсэн чинь миний хувцсыг өмсүүлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

- Б.Өнөрбатын яллагдагчаар “... Ууганаа, Тогтох нар гараад явсан. Хүн байхгүй юм чинь надтай нэг унтчих гэхэд Даваадулам уурлаад гэдэс рүү өшиглөхөөр нь би уурлаад нүүр хэсэг рүү нь гараараа цохиж зодсон. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-100/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6215 дугаартай “Ч.Даваадуламын биед дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, буйланд шарх, дээд уруулд шарх, цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх38-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Өнөрбат нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, надтай унтсангүй гэх шалтгаанаар хохирогч Ч.Даваадуламын биед халдаж /гараараа цохих/ гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байх шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл Б.Өнөрбат нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /6215/, хохирогчийн  мэдүүлгээр хангалттай тогтоогдож байх тул Прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Өнөрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч Б.Өнөрбат нь сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн, тэрээр гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэв. 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Ч.Даваадулам нь гэмт хэргийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-17,117/-ийг гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.Өнөрбатыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөрбатад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох дүгнэлт”-ийг шүүгдэгчээс маргаж, мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Б.Өнөрбат нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-62) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өнөрбат нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хх-118) гаргасныг Прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай 217 дугаартай тогтоол (хх-119) үйлдэн, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хүлээн зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ бусдыг үл хүндэтгэн, хохирогчийн биед санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлттэй/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой орлого олдог/ болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдлыг тус тус харгалзан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөрбатыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2108014961252 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Өнөрбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баттөмөрийн Өнөрбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөрбатыг 700 (долоо зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Өнөрбатад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4.  Эрүүгийн 2108014961252 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Өнөрбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өнөрбатад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЯМБААБААТАР